Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй хуурамч шатахууны талаар ярилцлаа.
–Хуурамч шатахуун манай улсад худалдаалагдаж байна гэсэн мэдээлэл гараад удаж байгаа. Үүнийг яг юугаар нотлоод байгаа юм бэ. Сүүлийн үед УИХ–ын гишүүд ч хуурамч шатахууны асуудлыг хөндөж, УИХ дээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Манай улс борлуулагдаж байгаа нефтийн бүтээгдэхүүндээ хяналт тавьж чаддаггүй юм уу?
-Юуны түрүүнд хуурамч шатахууны түүхийг эхлээд ярих ёстой. Гишүүдийн чуулган дээр яриад байгаа асуудал бол өнөөдөр үүссэн зүйл биш. 2012 оноос эхэлсэн асуудал. Тодруулбал, тухайн үед Ерөнхий сайд байсан С.Батболдын захирамжаар Засгийн газар хуурамч шатахуун оруулж ирэх нөхцөл боломжийг анх бүрдүүлсэн. Засгийн газрын 110 дугаар тогтоолоор нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу, завсрын бүтээгдэхүүнүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингээд хуурамч шатахууны түүхий эдийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин 2015 онд Засгийн газар 178 дугаар тогтоол гаргаж өмнөх тогтоолыг гурван жилийн хугацаатай сунгасан. 2021 оны тавдугаар сард нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу, завсрын бүтээгдэхүүнүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлсөн хуулийн үйлчлэл нь дуусна. Үүнээс хойш гаалийн татвартай болгох уу, үгүй юү гэдэг асуудал яригдана.
–Засгийн газар дахин тогтоол гаргаж шийдэх юм байна. Тийм үү?
-Тийм ээ, Засгийн газар дахин шийдэж, тогтоол гаргана. Бидний санаачилсан Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн албан татвартай болгох хуулийн төсөл дөрвөн жилийн хугацаанд Сангийн яаман дээр очиж унасан. Ингэхдээ энэ хэлэлцэх асуудал биш байна, дотоодын хяналт шалгалтаар шийдэх ёстой, хуурамч шатахууныг тогтоохгүй гэсээр байгаад унагаасан. Харин өнгөрсөн намрын чуулганаар Уул уурхайн яамныхантай хамтраад хуулийн төслийг УИХ-д өргөн барихад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнд баяртай байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Анандбазар нарын яриад байгаа зүйлүүд үнэн. Гэхдээ зарчмын хувьд зөв ойлголттой байхгүй бол болохгүй. Иргэд 300 литр дизель түлшин дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг, А80 шатахуун дээр актав нэмээд А92 гаргадаг юм байна гэж ойлгоод байгаа нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр. Энэ бүхнийг гааль болон онцгой албан татвар төлөлгүйгээр оруулж ирээд, хуурамч шатахуун хийгээд борлуулаад байгаа юм. Хаврын чуулганаар энэ хуулийн төсөл батлагдаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочихвол хуурамч шатахууны асуудал хумигдана. Хуурамч шатахуун үйлдвэрлээд байгаа бүлэглэл байна.
–Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг бүлэглэл байна гэлээ. швейцарь, ОХУ–ын компани байдаг гэсэн мэдээлэл байсан. энэ бодитой юу?
-“Терафигура Монголиа” гэдэг компани үндсэн том компани нь. ОХУ-ын Миша гэдэг нөхөр захирал нь. Эдний ард улс төрийн томоохон бүлэглэл бас бий. 2012 онд С.Батболд энэ тогтоолыг яагаад баталсан юм. Сангийн сайд нь яагаад үүнийг дэмжиж оруулж ирсэн юм. Улс төрийн том бүлэглэлийн дэмжлэг байхгүй бол энэ хэзээ ч дэмжигдэхгүй асуудал.
-2012 оноос өмнө манай улсад хуурамч шатахуун гэсэн асуудал байхгүй байсан юм уу?
-Байгаагүй. Хуулийг нь гаргаж ирээд хуурамч шатахуун үйлдвэрлээд, мөнгө угаах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн. Түүнийг нь гүйцэтгэдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Үүний ард маш том бүлэглэл байгаа. Шатахуун бол онцгой бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнээр оролдоно гэдэг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хэрэг.
-2012 оноос хойш нефтийн завсрын бүтээгдэхүүнийг татваруудаас чөлөөлсөн. энэ хугацаанд манай улс хэдий хэмжээний татвар авах байснаа алдаад байна вэ?
-Өмнө нь Онцгой албан татварын тухай хуульд керосин, нафта тус бүрээс нэг тонн тутамд 160 мянган төгрөгийн татвар авдаг байсан. 2019 оны сүүлийн байдлаар 1.3 сая тонн орж ирсэн байна. Ингээд бодохоор 220-иод тэрбум төгрөгийн Онцгой албан татварыг авч чадалгүй хаясан байна. Манай улсын керосины хэрэгцээ 10 мянган тонноос хэтэрдэггүй. Уул уурхайн зориулалттай 10 мянган тоннын л хэрэглээ байхад жилд 200 гаруй мянган тонныг оруулж ирж байна. Энэ хаашаа орж байна вэ гэхээр хуурамч шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэхэд зарцуулагдаж байгаа.
–Манай улсад борлуулагдаж байгаа шатахууны хэдэн хувь нь хуурамч гэсэн үг вэ?
-Монгол Улсын шатахууны хэрэглээ жилд 2.1 сая тонн. Үүний 20 орчим хувь нь хуурамч шатахуун. Жилд 200,300 мянган тонн завсрын бүтээгдэхүүн оруулж ирж байна шүү дээ.
–Мэргэжлийн хяналтын газар ч юмуу, улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?
-Манай холбоо үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болж байна. Үүнээс хойш харахад Монголд бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага нэг ч байхгүй. Яагаад гэхээр Мэргэжлийн хяналтын чиг үүрэг арай өөр. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналтад тавьдаг. Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 10 литр шахаж байна уу, 9.5 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг гэж байгаа. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага байхгүй. Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л яриад байгаа. Монгол Улсад МNS:2016, МNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.
П.ЗАЯА