Сүүлийн үед “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байх болсон. Ингэснээр хувьцаанаас ашиг хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тус компанийн хувьцааг олноор худалдан авч байна. Тэгвэл хувьцааны өсөлт нь хөөсрөлт байх вий, эргээд хувьцаа эзэмшигчид хохирч үлдэх вий гэх асуудал давхар хөндөгдөж байгаа юм.Нөгөөтэйгүүр, “Булган–Ундарга” компанийн хувьцааны ханш үндэслэлгүй өссөн тул Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага тавьж Монголын хөрөнгийн биржээс арилжааг зогсоосон. Тус компанийг оны өмнө “Ард санхүүгийн нэгдэл” худалдан авсан талаар өмнөх удирдлагууд нь тайлбарласан. Энэ мэт эргэлзээний талаар “Ард санхүүгийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.
-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны сүүлчээс эхэлж тасралтгүй өссөөр байна. Хөрөнгийн бирж дээр 15 хувийн өсөлтийн хязгаарыг байнга шахуу хангаж өсч байгаа. Хувьцааны ханш өссөнөөр олон хүн сонирхож, худалдан авч байна. Гэхдээ энэ нь хөөс байх вий, эргээд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироох вий гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юү?
-Хөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Нэг талаас сэргэх процесс явагдаж байна. Нөгөө талаас дэлхийд технологийн асар том хувьсгал явагдаж байгаа. Уг технологийн хувьсгалд монголчууд оройлж оролцоно гэж би гурван жилийн өмнө зарласан. Энэ блокчэйн технологи руу шилжих хувьсгалаас өмнө нь аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорсон шиг хоцорч болохгүй гэж зарлаад ажиллаж эхэлсэн. Өнөө цагт хүний оролцоо бага, зайнаас ажилладаг компаниуд хожиж байгааг бид харж байна. Манайх салбар байхгүй, үндэсний хэмжээний компани юм. Бүх үйлчилгээг апп дээрээ тавьдаг. Зарим бүтээгдэхүүнээ Монгол шуудангийн салбаруудаар явуулаад, мөн цахим худалдаа эрхэлж байна. Зайнаас ажиллах боломжтой Amazon, Google зэрэг компаниудын хувьцааг харахаар өндөр өсөлттэй байгаа. Манай компанийг энэ өнцгөөс харах хэрэгтэй. Alibaba хэдэн жилийн өмнө Хятадад шуугиулж өндөр өсөлттэй гарч ирсэн. Түүнтэй ижил зүйл манайд болж байгаа юм. Анх удаа ийм зүйл болж байгаа учир хүмүүс гайхах нь аргагүй. Энэ бол нэг бүлэг асуудал.
Хоёр дахь бүлэг асуудал гэвэл манай компанийн үнэлгээ хэт доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг. Би компанийн гүйцэтгэх захирлын хувьд хамгийн их мэдээлэлтэй хүн шүү дээ. Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна. Олон улсын практикт ийм байдаг. Гүйцэтгэх захирал буюу мэдээлэлтэй хүн хувьцаагаа авч, зарж байгаагаа мэдэгдэх ёстой байдаг. Би бол авч эхэлнэ. Яагаад хямд байна гэвэл манай багцад 21 компани бий.
Энэ компаниудын өсөлтийг хараарай. “Ард даатгал”, “Ард кредит”-ийн хувьцаа хэдээр зарагдаж байна гэх зэргээр манай нээлттэй компаниудын өсөлтийг хараарай. Эдгээр компаниудын нийлбэрээс бид бүтэж байгаа шүү дээ. “Ард кредит” гэхэд бид 65-аар авч байсан. Одоо хүмүүс 209-өөр зарна гээд тавчихаж. 177 дээр хүрээд 15 хувьд тулчихсан байна. Үнэлгээ маш сайн өссөн байгаа биз. “Ард даатгал” хамгийн сүүлд 80-аар авч байсан бол одоо 1500 төгрөг байна. Манай үнэлгээнд огт ороогүй олон хүчин зүйлс бий.
-“Булган ундарга” компани үнэлгээнд орсон уу?
-“Булган ундарга” компанийг манайх бүхлээр нь худалдаж аваад байсан бүх биткойноо шилжүүлчихсэн юм. Тэр компани манай үнэлгээнд орж ирээгүй.
Гуравдугаар бүлэг асуудал юу байна гэвэл манай харилцагч нарын тоо он гарсаар нэг саяд хүрч байна.
Анх 400-гаас эхэлсэн. Тэгэхээр энэ хүчин зүйл манай компанийн үнэлгээнд нөлөөлж байгаа. Хөрөнгийн зах дээр урьд хожид үзэгдээгүй олон хүн манай хувьцааг сонирхож байгааг хэллээ. Цаашдаа ингээд явна. Кинон дээр хүмүүс олон дэлгэцийн өмнө суучихаад тоо хараад хувьцаа авч, зараад байдаг шүү дээ. Тэр үзэгдэл чинь Монголд ирчихээд байна. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын дор би энэ компанийг удирдаж байгаа. Тэр зорилгодоо ч хүрч байна. Дараагийн алхам юу вэ гэвэл манай хувьцаа эзэмшигчид энэ хувьцаатайгаа дэлхийн том биржүүд дээр гарна. Тэр ажлыг бид одоо хийж байна. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна. Сая ардкойн цуглуулчихсан байсан хүн өнөөдөр 280 сая төгрөгтэй болж байгаа юм. 280 дахин өссөн. Манай “Ард даатгал”, “Ард кредит”-ээр орж ирсэн хүмүүс бүгд ашгаа хийж байна. Бид тогтмол ногдол ашиг хуваарилж явдаг. Дээр нь бид хувьцаан дээр нь ард койноор хувь тэнцүүлж өгөх эрх зарласан. Нэгж хувьцаа эзэмшиж байгаа хүнд нэг ардкойн өгнө гээд зарлачихсан. Үүнээс хамаарч койн нь өсөөд байхаар хүмүүс хувьцаа авч байна.
-“Булган ундарга” компанийн хувьцааны ханш үндэслэлгүй өсч байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу Хөрөнгийн биржээс арилжаа эрхлэх эрхийг хязгаарласан. Энэ тухайд тодруулахгүй юу?
-Бид зөв голдиролд нь оруулаад жижиг хувьцаа эзэмшигчдийг 30 жил хохироож ирсэн компаниуд дээр хариуцлага тооцох ёстой. Тэр хүмүүс дандаа луйвар явуулаад байсан учир зүгээр явж байгаа компаниудаа хүлчихсэн асуудлыг зохицуулахгүй бол болохгүй байна. Би хэнийг ч хохироохгүйгээр дампуурчихсан компанийг худалдаж аваад өөрийнхөө болон хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг шилжүүлээд үнэлгээнд нь аваачих гээд явсан. Ингээд дундуур нь гадны брокерууд нь орж ирээд хувьцаа авна гэхэд тэдэнд нэг нэгийг өгөөд өсгөж байсан. Манай энэ компани тэрбум төгрөгийн үнэлгээтэй байлаа гэхэд түүнийг 100 руу аваачих ёстой байхгүй юу. 100 дахин өсгөх ёстой. Өсгөе гэхээр тэрийг нь хориглочихсон. Тэгэхээр би арилжаанд орж байгаа байдлаар өдрийн 15 хувийнхаа лимитээр хоёр сар өсгөх хэрэгтэй болсон. Тийм л учиртай зүйл.
–Хувьцаа их өгөөжтэй байснаар иргэд банкнаас хадгаламжаа татаж энэ зах зээл рүү оруулж эхэлнэ. Энэ мэтээр төвөгтэй нөхцөл байдал үүсэх үү?
-Шал өөр тоглоом эхэлж байна. Манай банк санхүүгийн өрсөлдөгч нар юм ойлгохгүй бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж, дэлхийн манлайлагчдын байр сууринд хүрнэ. Тийм учраас бид өөрсдийгөө хөгжүүлэх, өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Цахим түйвээлт явагдаж байна. Би цахим түйвээлт гэдгийг гурван жилийн өмнө өөрөө анх орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болно. Би Сангийн дэд сайд байхдаа Монгол Улс Азийн чоно эдийн засаг болно гэж хэлсэн. Өнөөдөр ард койноор үнэлгээ нь хагас тэрбум доллар болж байна. Удахгүй монгол хүний оюуны бүтээлийг үнэлээд 2-3 тэрбум ам.долларыг эдийн засагтаа оруулж ирэх болно. Энэ мөнгө орж ирснээр оны сүүлээр ам.доллар эрс доош орно шүү. Тэрэнд бэлэн байгаарай. Төгрөгөө дансандаа хийгээрэй. Асар их ам.доллар Монгол руу орж ирэхэд бэлэн болж байна.
Г.БАТ