Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.
“Өнөөдрийг хүртэл бид дэлхийд хангалттай импортлогч улс болж чадахгүй байгаа нөхцөл байдалтай байна. Өргөн уудам газар нутагтай. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц манай баруун бүсийн аймгуудад хөгжих бүрэн боломжтой гэж судлаачид үздэг. Тийм учраас эрчим хүчний салбарыг тэргүүн чиглэл болгон дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа бид эрчим хүч экспортлогч улс болох боломжтой. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаас эхлээд олон төслийг зайлшгүй эхлүүлэх шаардлагатай.
Нийслэлийн хувьд аж үйлдвэржсэн байдлаар хөгжихөд эрчим хүч, дулаан цахилгааны хэрэглээ хангалттай биш. Иймээс газрын гүнд зайлшгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгж байж газрын дээрх ертөнц хөгжих боломжтой гэсэн зорилт дэвшүүлж байгаа.
Манай далайд гарцгүй орны хувьд тээвэр ложистик чухал. Богд уулын урд руу томоохон худалдааны төвүүдийг гаргах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын дагуу ажиллаж байна. Мөн тээвэр ложистикийн чиглэлийн компаниудтай уулзах чиглэл барьж байна. Монгол Улс цаашдаа зөвхөн “импортлогч” биш “экспортлогч” улс болох чиглэлээр ярилцана.
Уул уурхайн хувьд илүү нэмүү өртөг шингээх талын бодлого баримтална. Нүүрсээ угаах, зэсээ боловсруулах энэ тал руу илүү ажиллана. Энэ бодлогыг эхний 10 жилд хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас хэд дахин томрох орон зай байна гэж үзэж байгаа.
Монгол Улсыг тойрсон буюу дараах улсуудад:
БНХАУ 150 сая хүн
Япон 19 сая
БНСУ 28.6 сая
Турк 8.4 сая
Шууд нислэгтэй:
Герман Улс 108 сая
ОХУ 42 сая
Казахстан 10 сая жуулчин аялж байна.
Тэгэхээр Монгол Улсыг тойрсон маш том боломж байгаа нь харагдаж байна. Манай улстай түүхээрээ холбогддог, шууд нислэгтэй улсуудын хувьд үзүүлэлт ийм байна.
Энэ салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан. Үүний дараа төр огт оролцохгүй хувийн хэвшлийнхэнд даатгаад орхисон.
Өнөөдрөөс шинэ хуудас нээнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн цоо шинэ хугацаа өнөөдрөөс бодитой утгаараа эхлээсэй. Иймээс уламжлал хурал биш цөөн асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөө гаргана. Улмаар УИХ болон Засгийн Газрын түвшинд шийдвэрлээд явна.
Аль болох зөвлөмж гаргадаг уламжлалт үр дүнгүй уулзалтуудаас татгалзаж, нэг шийдвэр гарч, ажил эхэлдэг байх нь зүйтэй юм.
Засгийн Газраас дундаж давхаргаа дэмжих бодлого барина. Аялал жуулчлалын салбарын орлого хүмүүст чиглэж очдогоороо онцлог. Иймээс манай улсад хөгжих бүрэн боломжтой. Нөгөө талаар маш үр өгөөжтэй салбар.
Манай аялал жуулчлалын салбарын хувьд агаарын тээвэр дээр сул. Билетний үнэ, өрсөлдөөн, глобачлал, нээлттэй байдал сул. Мэдээлэл нэгдсэн урсгалд орж чадахгүй байна. Компаниуд өөрсдөө маркетинг хийж, дэлхий дахинд нэгдсэн нэг ойлголт, сурталчилгааг хийж чадахгүй байгаатай холбоотой.
Байгалийн нөөцийн хувьд боломжтой, сурталчилгаа их муу. Дэд бүтэц сул. Орон нутгийн нислэгтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийх шаарддагатай. Дэлхийн орнууд буюу Япон, БНХУ, ОХУ, Хятад энэ асуудлууд дээр цогц.
Монгол Улсын аймаг, бүс нутгийн онцлогоор нь асуудлыг авч үзвэл илүү зохимжтойг Алсын хараа- 2050 хөтөлбөрт тусгасан.
Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг өвлийн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний тал руу хөгжүүлэх нь зүйтэй. Хөвсгөл бол байгалийн аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот соёлын аялал жуулчлалын бүс гэдэг байдлаар харах нь зүйтэй юм.
Хөшигийн хөндий морин спорт, казиногийн асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Хэдийгээр шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулах ч хожмын нэг өдөр Монгол Улсад хэрэгтэй бол давс шиг үг хэлж, зоримог ажиллахаа илэрхийлсэн.
Аялал жуулчлалын салбарын хувьд 2020 онд цар тахалтай холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч, нуруун дээрх ачаалал нэмэгдэж, 70.000 орчим ажлын байр шууд байхгүй болж, 130.000 орчим ажлын байр шууд бус утгаар эрсдэлд орсон гэдгийг статистик мэдээллээс харсан.
Наадмыг дэлхийн фистиваль болгох зорилт бий. Энэ мэтчилэн ямар баяр, тэмдэглэлт өдрүүдийг дэлхийн дахинд сурталчлан таниулах, цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих ажиллах боломж, дэд бүтэц, бүс нутгийн онцлогийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, богино хугацаанд буюу 2-3 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахыг хүслээ.
Вакцинжуулалт эхэлсэн. Хэрэв дархлаажуулалт амжилттай хэрэгжвэл хилээ нээнэ. Мөн гадаад худалдаа, дипломат уулзалтуудад уян хатан хандах бодлого баримталж байгаа” гэлээ.