Categories
мэдээ нийгэм

Д.Баттулга: Бичлэг дээрх эмэгтэйчүүдэд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй

Өмгөөлөгч Д.Баттулга нар өнөөдөр /2021.02.24/ Тагнуулын байгууллагад гэмт хэргийн гомдол мэдээлэл гаргалаа.

Энэ талаар тэрбээр “2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БЗД-ын нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Эрүүгийн хуульд заасан гүйцэтгэл ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байгаа. Тиймээс бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмгөөллийн туслалцаа авахаар бидэнд хандсан. Иймд өмгөөлөгчдийн зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа.

Тухайн эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр, ажлын бус цагаар, ман олон нэр бүхий цагдаа нар гэрээс нь баривчилж, 10 гаруй цаг мэдүүлэг авсан. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй байгаа юм” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Дансаар мөнгө өгсөн, авсан тухай яригдаад байна. Энэ нь ямар учиртай гүйлгээ юм бэ?

-Дансаар мөнгө шилжүүлсэн тухай яригдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээр бол тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол цацагдаад байгаа үйл хэрэгтэй холбоотой зүйл биш гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдох байх.

Миний үйлчлүүлэгч бол цахим орчинд ярьж байгаа шиг биеэ үнэлж байгаагүй. Харин үүнийг мөрдөн шалгаж тогтоогоогүй, зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн ингэж үнэлж байгаа нь харамсалтай гэдэг байр суурьтай байгаа. Нийт дансанд орж гарсан мөнгөн гүйлгээг харах юм бол найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан. Шүүгч нарын зүгээс мөнгө орж ирсэн зүйл байхгүй. Найзуудын хоорондын асуудал гэж тайлбарлаж байгаа.

Орлого нь ямар утгатай орж ирсэн, зарлага нь ямар утгатай гарсан тухай харах юм бол тодорхой болно.

-Гэр бүлийн найзууд гэдэг тайлбар яваад байсан. Тухайн бичлэгт хэдэн хүн гэр бүлээрээ уулзсан юм бэ?

-Гэр бүлийн хүмүүс байсан. Хэдэн гэр бүл байсныг би хэлж мэдэхгүй байна. Холбогдох нэр бүхий хүмүүсийг найз нөхдөөрөө уулзаж байхад нь хууль зөрчиж байна гэж ойлгож болохгүй. Зарим хүн хөл хорио тогтоосон үед уулзсан гэж үзээд байгаа юм билээ. Үүнийг тодруулахад хөл хорио тавиагүй байх цаг хугацаанд уулзсан асуудал юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *