Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан гэх бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон. Уг бичлэгтэй холбогдуулан “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнийхөн шүүгч нарыг огцрохыг шаардан жагсаж байна.
Нэр бүхий шүүгч нар хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн. Шалгалтын явцад бичлэгт дүрс нь гарсан хоёр эмэгтэйн дансанд мөнгө орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
“Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн”-нөөс хэдэн жилийн өмнөөс шударга бус шүүхийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг хийж байсан. Тэгвэл дээрх шүүгч нарын ёс бус үйлдлийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж, шүүгч нарыг огцрохыг шаардсан бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт хүлээлгэн өгсөн байна.
Иргэн Б.Батсүх “Шүүхийн ёс зүйн хорооны дарга нь шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нартай холбоотой гомдол ирээгүй учир хариуцлага тооцох боломжгүй гэсэн. Энэ бол ёс зүйгүй шүүгч нараа шүүхийн байгууллага өмөөрч буй хэрэг юм. Ард түмэн шударга шүүх, шүүхийн шинэчлэлийг шаардаж байна” гэв.
“Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн”-ий гишүүн Б.Сэргэлэнбаатар “Шүүхийн ёс зүйн хорооны дарга ямар ч хариуцлага тооцохгүй хэмээн мэдэгдсэн. Хэн нэгэн гомдол гарахгүй байвал бид нар хариуцлага тооцох боломжгүй гэх яриаг хэвлэлд өгсөн. Энэ дагуу манай хөдөлгөөнөөс шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан. Шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын хүмүүс бие биенээсээ хараат байх ёстой хүмүүс гэтэл хорио цээрийн үед архидан согтуурсан, биеэ үнэлэгч авсан гэх мэт хэрэг зөрчил гаргаад байхад шүүхийн байгууллага нь хариуцлага тооцох боломжгүй гэж хэлж болохгүй” гэлээ.