Зүй Ёс намын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа.
-Зүй ёс намын зүгээс энэ жил болох Ерөнхийлөнчийн сонгуулийг угтаж “Мөнгөний сонгуулийг эсэргүүцье” уриалга гаргажээ. Мөнгөний сонгууль гэж юуг хэлээд байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
–Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийг сахин хамгаалагч,төрийн гадаад, дотоод тусгаар байдлын баталгаа, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлын илэрхийлэл, ард түмний төлөөлөл, иргэд ба төрийн хооронд тэнцвэр баригч, улс үндэстний эв нэгдлийн билэг тэмдэг юм.
Энэ үүднээс төвийг сахих учиртай Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулиар ялсны дараа бус сонгуульд нэр дэвшмэгц л намынхаа харъяаллаас татгалздаг байх, нэр дэвшүүлэх эрх эдэлдэг Улсын Их хуралд суудалтай нам эвслүүд намын харъяалал харгалзахгүйгээр төвийг сахисан, мэдлэг чадвартай, тулхтай, чигч шударга, олны хүндлэл хүлээсэн хүнийг олж нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлсэний дараа улс төрийн хүчний нөлөөллийг бууруулах үүднээс сонгуулийн зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн төрөөс дааж байх зэрэг сонгуулийг эрх тэгш, шударга явуулах боломж бол бий гэж Зүй ёс нам үзэж байна. Харамсалтай нь, Улсын Их хуралд олонхийн суудал эзэмшигч намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаазүй ёсны, шударга арга замыг эрэлхийлэхээс зайлсхийж, зөвхөн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд давуу тал олгосон сонгуулийн тогтолцоог бий болгосон байдаг.
Иймд 2 сарын 10-нд Зүй Ёс намын зүгээс өнөөгийн корона вирусын аюул хэвээр байгаа энэ хүнд цаг үед, ядаж л сонгуульд хэт их мөнгө зарахаас зайлсхийж, тэгш боломж, шударга ёсыг бага ч болов хадгалж үлдэх үүднээс “Мөнгөний сонгуулийг эсэргүүцье”уриалгыг гаргаж нийтэд мэдэгдсэн. 2020 оны 12 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсан бөгөөд 3-р сарын 1-нээс өмнө ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээгТөрийн аудитын дээд байгууллагаас зарлах гэж байна.
Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд нэр дэвшигч нь ухуулагч ажиллуулах, сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараах, самбар хийлгэж, байрлуулах, сонгогчидтой уулзалт хийх, ухуулах байр ажиллуулах, хэвлэл мэдээлэл ашиглах гэх мэтэд зарцуулж болох зардлын дээд хэмжээг зарлана гэсэн үг. Энэ нь зардлын дээд хэмжээ тул тултал нь зарлага гаргах шаардлага бол байхгүй. Гэхдээ энэ зардлын дээд хэмжээ хэт өндөр бол сонгууль шударга бус, мөнгөний сонгууль болж хувирна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөнгөөр өрсөлдөж, ялалт байгуулахын тулд эргээд барьцаалагддаг, бусдаас хараат байдалд ордог, шударга байх боломжгүй, хоёргүй сэгтэлээр улс эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, ард түмний төлөөлөл байх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Ийм шударга бус, мөнгөний сонгууль маш их мөнгөтэй, ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулж,улс төрийн хонжоо олж, эрх мэдэлийн тэнцвэрт байдалд нөлөөлөх гэсэн улс төрийн хүчин, бүлэглэлд ашигтай давуу тал үүсгэж, тэгш бус боломжийг л бий болгоход үйлчлэх нь тодорхой юм.
Тийм ч учраас Зүй Ёс намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөө барьцаалагдсан, хараат бус байхаас сэргийлж ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг зүй зохистой түвшинд байлгая гэдэг санаа санаачлагыг гаргаж, нийт иргэд дэмжигчдийн хамт дуу хоолойгоо төрийн холбогдох байгууллагад хүргэе гэж бодсон юм.
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Яаж зардал багатай сонгууль явуулах вэ. Санал, хөтөлбөр байна уу?
–Зардал багатай зохион байгуулах бодит боломж бол бий. Гол нь төрийн холбогдох байгууллагууд, улс төрчид Монголынхоо ирээдүйг бодож иргэний эр зориг гаргах шаардлагатай. Түрүүн хэлсэн, 3-р сарын 1-нээс өмнө сонгуульд зарцуулж болох зардлын дээд хэмжээг зарлана. Энэ дээд хэмжээг зүй зохистой түвшинд байлгах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэх юм. Жишээ нь хуулиараа 200 хүнд нэг ухуулагч ажиллуулж болно гэж байгаа. Сонгуулийн насны хүн 2 сая байна гэж тооцвол нийтдээ 10,000 ухуулагчийг зөвхөн нэг нэр дэвшигч ажиллуулах боломжтой гэсэн үг. Нэг ухуулагчид 1 сая төгрөгийн зардал гаргана гэж бодвол даруй 10 тэрбум төгрөгийн зардал болно. Дээр дурьдсан сонгуулийн сурталчилгааны зөвхөн нэг хэсэг нь шүү дээ. 10 тэрбум төгрөг зарцуулж чадахгүй нэр дэвшигчийн хувьд бол маш өндөр босго. Энэ 10 тэрбум төгрөгийг зөвхөн хувь хүнээс хандив авч цуглуулая гэвэл доод тал нь 3333 хүнээс хандив авах шаардлагатай болно. Аж ахуйн нэгжээс хандив авч бүрдүүлэе гэвэл доод тал нь 666 аж ахуйн нэгжээс хандивын дээд хэмжээгээр хандив цуглуулах шаардлагатай болно.УИХ-ийг сонгох сонгуульд орж байсан туршлагаас хэлэхэд энэ бол үнэнээр явбал дааж давшгүй даалгавар. Цаана нь самбар, сурталчилгааны материал, хэвлэл мэдээллийн зардал гэвэл тоймгүй их зардал гарна. Тийм ч учраас Зүй Ёс намын зүгээс ийм мөнгөний сонгуулийг эсэргүүцэж дараах 3 саналыг гаргасан байгаа.
Нэгдүгээрт, нэр дэвшигчид ухуулагч ажилуулахаа болъё, хоёрдугаарт, нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөр бүхий сурталчилгааны материалыг нэр дэвшигчдээс сонгуулийн ерөнхий хороо нэгтгэн авч, нэгдсэн журмаар хэвлэж сонгогчдод нэг л удаа тараая, /зардлыг нь төр даах ч юм уу нэр дэвшичдээс цуглуулж авч болно./ гуравдугаарт, хандивыг ил тод нэг дансаар хүлээж аван хэнд хэдэн төгрөгний хандив цугларсан, түүнийгээ хэрхэн зарцуулсныг ил тод мэдэгдэе гэж байгаа юм. Энэ санаа санаачлагад иргэд идэвхитэй хамрагдаж олон улсын туршлага, хувь хүний туршлагаасаа хуваалцаж байгаа тул Зүй Ёс намын зүгээс иргэдийн саналыг нэгтгэн Сонгуулийн Ерөнхий хороо, Төрийн Аудитын дээд байгууллагад шаардлага хүргүүлэх болно.
-“Мөнгөний сонгуулийг эсэргүүцье” уриалгыг хүмүүс хэр дэмжиж хүлээн авч байна вэ?
–Иргэд дэмжиж сайнаар хүлээж авч байна. Шинэ, залуу нам болох Зүй Ёс намын хувьд гаргасан санаа санаачлагаа илүү олон хүнд хүргэхсэн гэж хүсч байна. Энэ боломжийг олгосон танай сонинд талархал илэрхийлье.
Аливаа зүйлд шинж тэмдэг, суурь шалтгаан гаж байдаг. Жишээ нь өнөөдөр нийгмийг хамарсан том аюул болсон “корона”-ийн шинж тэмдэг нь ханиах, халуурах, амьсгаа давчдах хэлбэр гэж ярьж байна. Суурь шалтгаан нь корона вирус буюу титэм вирус юм. Энэхүүсуурь шалтгаан болсон титэм вирусыг устгах буюу устгах аргыг нь вакцинаар дамжуулан хүний дархлааны системд зааж сургаж чадахгүй бол шинж тэмдгүүд алга болохгүй. Үүнтэй адилтган хэлбэл өнөөгийн манай нийгэмд авлигал, хээль хахууль, ажилгүйдэл, ядуурал, ёс суртахууны доройтол, хуулийн завхрал, айдас түгшүүр гээд төрөл бүрийн нийгмийн ялзралын шинж тэмдгүүд илэрчихээд, энэ нийгэм чинь ялзарч, дархлаагүй болчихлоо, арга хэмжээ аваач гээд аюулын харанга дэлдээд удаж байна. Суурь шалтгаан нь улс төрийн тогтолцооны ялзрал юм. Улс төрийн тогтолцооны тялзрал гэдэг нь улс төрийн институцууд нь бүлэглэлүүдээс хараат болж барьцаалагдсан, улс төрчид нь үүнтэй эвлэрч, улсын эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэсэн том эрх ашгаас илүүтэйгээр хувийн явцуу эрх ашгаа л боддог болсон, үүсгэсэн шударга бус тогтолцоогоо үхэн хатан хамгаалдаг болсон зэрэг ёс зүйгүй байдлаар илэрч байна. Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд нүүрлэсэн “титем вирус” нь мөнгөнд барьцаалагдсан улс төрчид, тэдний бий болгосон тогтолцоо гэж бид харж байна.
Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль нь улс төрийн тогтолцооны тулгын гурван чулуубайх учиртай. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлтээр 2028 оноос хойш улс төрийн нам нь бүх улс орныг хамарсан бүтэцтэй байх ёстой бөгөөд гишүүний тоо нь сонгогчдын нэг хувиас доошгүй /доод тал нь 30,000 орчим/ байх ёстой гэсэн заалт нэмж оруулсан нь энэхүү болзлыгхангаж чадах 1-2 хон нам, эвслийн эрх ашигт л үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл ард түмний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэг эрхийг боомилсон, төрийн эрх барьж байгаа 2 том намд л ашигтай, хяналт үгүй, хариуцлагагүй тогтолцоог бий болгох нөхцлийг хуульчилж авлаа. Сонгуулийн тухай хуулийн хувьд зөвхөн ерөнхийлөгчийн сонгууль гэлтгүй УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль гээд бүхий л шатанд мөнгөтэй нь ялах тогтолцоог хуульчилсан. Өөрөөр хэлбэл мөнгөтэй нь илүү танигддаг, мөнгөтэй нь илүү боломжтой байдаг, мөнгөтэй нь ялалт байгуулдаг, сонгогдсоныхоо дараа сонгогчиддоо биш мөнгөний эзэнд үйлчилдэг өнөөгийн шударга бус тогтолцоо Монголын нийгэмд нүүрлээд байгаа нийгмийн ялзралын суурь шалтгаан мөн гэдгийг иргэд ойлгож, биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.
-Сонгуулийн үеэр гардаг зайлшгүй зардлаас гадна хэр их мөнгийг улстөрчид, улстөрийн намаас зарцуулдаг юм бол. Тоо судалгаа байна уу?
–Сонгуулийн үеэр нэр дэвшигч 3 эх үүсвэрээс санхүүжих эрхтэй байдаг. Нэгдүгээрт иргэд аж ахуйн нэгжээс өгөх хандив, хоёрдугаарт намын хөрөнгө, гуравдугаарт өөрийн хөрөнгө.2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулж болох зардлын дээд хэмжээг 10.7 тэрбум төгрөг байхаар тогтоож, 6.8 тэрбум төгрөгийг улс төрийн намаас, 3.9 тэрбум төгрөгийг нэр дэвшигч өөрөө гаргахаар заасан. Улсын их хурлын сонгуулийн хувьд 2016 онд нам эсвлийн сурталчилгааны зардлын дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 5.9 тэрбум төгрөг болж өссөн. Энэхүү сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээ гэдэг нь зөвхөн хуулийн дагуу хэрэглэж болох зардлын хэмжээ бөгөөд тайлан тооцоонд тусгадаггүй далд санхүүжилт цаана нь өчнөөн тэрбумаар тоологддог нь хэнд ч нууц биш юм.
-Мөнгөтэй хүн сонгуульд ялалт байгуулдаг энэ тогтолцоо ямар үед алга болдог вэ?
–Аливаа зүйлд шинж тэмдэг, суурь шалтгаан байдаг гэж ярилцлагын эхэнд хэлсэн. Энэ суурь шалтгааныг засаж залруулах тухай зогсолтгүй, тууштай ярих, бидний санаа санаачлагыг ойлгож дэмжих иргэдийн хүрээг тэлж, олны хүчийг нэгтгэж ажиллахаас өөр арга зам үгүй. Мөнгөний сонгуулийг халах, шударга өрсөлдөөнийг бий болгох, мөнгөөр биш, бодлогоор өрсөлддөг болох, барьцаалагдсан, явцуу бүлэглэлээс хараат бус, шударга, зөв хүнийг бид сонгуулиар гаргаж ирж, улмаар шударга бус тогтолцоогоо халж чадахгүй бол Монгол улс дархлаагүй, хүчгүй, сул, өрсөлдөх чадваргүй, иргэд нь ядуу, ажилгүй хэвээр байх болно. Ийм улсын ирээдүй ямар байх вэ гэдгийг бид бүгд маш сайн бодох цаг нь болсон. Өнөөдөр бид тусгаар улс ч маргааш аль нэг улсын хараат болсон байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Үр хүүхэддээ энэ сайхан орноо тусгаар тогтнолтой нь өвлүүлэн үлдээж, амь бөхтэй, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрах үндэс суурийг одоо л тавихгүй бол хожимдох вий.
Бид,УИХ-ын сонгуульд оролцсон Хүн нам, Социал демоакрат нам, Зүй ёс намын “Зөв Хүн Электорат”эвслээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бөгөөд эвслийн зүгээс “Ерөнхийлөгчөө захиалая” аянг зарлаад байна. Өөрөөр хэлбэл туйлшрахгүй, төвийг сахисан, ард иргэдийн эв нэгдлийн билэг тэмдэг болсон зөв Ерөнхийлөгч байх хүн нь хэн бэ гэдгийг иргэдээсээ асууж, тэдний захилгаар нэр дэвшигчээ тодруулах юм. Үүний хамт тэгш боломжийн төлөө Зүй Ёс намын зүгээс “Мөнгөний сонгуулийг эсэргүүцье” уриалгыг гаргаад байгаа билээ. Иргэд дэмжигчид, гадаадад байгаа Монголчууддаа хандаж, биднийг дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажиллахыг уриалж байна.Баярлалаа
Ярилцсан Д.ТУЯА