Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө

Хоёрдугаар сарын 21 буюу Олон улсын эх хэлний өдөр Япон, Швед, Монгол улсуудад Өвөр Монголчуудын эх хэлний эрхийг өмгөөлсөн эсэргүүцлийн арга хэмжээнүүд өрнөлөө.

Японы Токио, Осака, Нагоя хотуудад Хятадын ЭСЯ, консулын газруудын өмнө эсэргүүцлийн цуглаан болж, уг газруудад мэдэгдэл хүргүүлсэн юм. “Дэлхийн монголчуудын холбоо”, “Өмнөд Монголын их хуралдай” ТББ-ууд Япон дахь үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мэдэгдлийн товч утга нь:

“БНХАУ монгол хэлийг хавчсаныг Өвөр Монголд 300 000 хүн эсэргүүцсэн. Тэр тэмцлийг хүчирхийллээр дарангуйлан дарсан. Бид бүхэн БНХАУ-ын төр засагт хандаж:

-Нэгдүгээрт, Соёлын геноцидээ зогсоож, монгол хэлийг хавчихаа боль!

-Хоёрдугаарт, Өмнөд Монголд хятадууд нүүдэллэн ирэхийг зогсоож, малчдын булаагдсан бэлчээр нутгийг буцааж өгч, хуулинд заагдсан өөртөө засах эрхийг эдлүүл!

-Гуравдугаарт, эх хэлээ хамгаалсныхаа төлөө хууль бусаар хоригдож байгаа хүмүүсийг бүгдийг нь сулла! гэж хатуу шаардаж байна” хэмээжээ.

Эсэргүүцэгчид даян дэлхийд хандаж, Хятад геноцидээ зогсоохгүй бол “Бээжин-2022” олимпийн тоглолтыг болиул гэж уриаллаа.

2-р сарын 20-нд “Санкэй Шимбун” сонины тэргүүн нүүрэнд Японы парламентад Өвөр Монголын лобби байгуулагдах гэж байгаа тухай мэдээ гарсан билээ. Японы парламентчид энэ тухайгаа мэдэгдэн, өвөр монголын тэмцэгчидтэй эв санааны нэгдлээ илэрхийлэн дэмжсэн юм. Ёшиаки Харада, Хироши Уэно, Такаши Нагао, Хироши Ямада, Мио Сугата зэрэг парламентчид өмнөд монголчуудыг дэмждэг билээ.

“Швед дэх Монгол соёлын холбоо” ТББ Стокгольм хотноо Хятадын элчингийн гадна эсэргүүцлийн акци зохион байгуулав. Стокгольмд Улаанбаатарын нэгэн адилаар хатуу хөл хориотой байгаа билээ.

Монгол улсад ковид-19-ийн эсрэг хатуу хөл хорио байгаа учир, “Эх хэлээ аваръя” ТББ-ын зүгээс“Монгол хэл бичгээ аваръя” нэртэй, олон улсын онлайн хурал зохион байгууллаа. Монгол улсын IV ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, СГЗ Л.Пүрэвдорж, СГЗ Го.Аким, доктор М.Саруул-Эрдэнэ, Японы судлаач Тошиюки Учида, Өвөр Монголын төлөөлөгч профессор Ба. Болд, Буриадын ардчилсан холбооны тэргүүн Дорж Дугаров зэрэг 50 орчим эрдэмтэд, тэмцэгчид оролцлоо.

Ноён Ц.Элбэгдорж:

-Монгол туургатнаа гэсэн журмын нөхөд бид Дэлхийн монголчуудын холбоо байгуулан ажиллаж байна. Японд салбар байгуулагдсан, АНУ, Шведэд салбар байгуулж байна.

Эх хэл бичгээ мандуулан бадраах нь монгол үндэстнийхээ төлөө тэмцэж буй нэгэн хэлбэр билээ.

Өнөөдөр өвөр монголчууд хүнд байдалтай байна. Тэднийхээ эрхийн төлөө бид бүхэн дуу хоолойгоо хүчтэй гаргах ёстой шүү. Бид дуугүй байж ерөөсөө болохгүй. Дуугүй байвал улам хэцүү болно.

Манай улс төрчид дэлхийн Монголчууд гэхээр Монгол улсаас гадаадад очсон хүмүүсийг л яриад байдаг болсон. Дэлхийн монголчуудаа ярихаас айдаг, эмээдэг. Айх биш, манай УИХ-д дэлхийн монголчуудаа жинхэнэ утгаар нь ойлгодог дэмждэг лобби бүлэг байж байх ёстой шүү дээ. Манай улс төрчид үндэсний сэтгэлгээний хувьд Өвөр Монголын малчдаас дор байх юм. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын бодлого тодорхойлогчид шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй.

АНУ-ын ТНБД тэргүүтэй том улс төрчид өмнөд монгол тэмцэгчидтэй уулзсан, өмнөд монголчуудыг ил тодоор, эрс шийдэмгий дэмждэг. Японы парламентад лобби бүлэг байгуулагдлаа. Жирийн монголчуудын Өвөр Монгол дахь ахан дүүсээ дэмжсэн цуглаанд Шведийн долоо найман парламентэч ирээд идэвхтэй оролцсон. Манай улс төрчид юу болоод байна. Тэнд хүмүүс монгол бичгийнхээ төлөө, монгол үндэстнийхээ төлөө амиа өгдөг шүү хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *