Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Аймаг, орон нутгийн Засаг дарга нар хамтран авч хэрэгжүүлсэн удаа дараагийн арга хэмжээний үр дүнд Мал аж ахуйн салбарынхан өвлийг өнтэй давж хавартай золгоод байна.

Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байна. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад яам анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Эдгээр аймгуудад малын зүй бус хорогдол нилээд өндөр байгаад дүгнэлт хийж, цаашид малын зүй бус хорогдлыг багасгах, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж боловсруулж байна.

Энэ оны 2 дугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт даалгасан.

ХХААХҮ-ийн сайд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгавар гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл хүлээн авалт, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхэд уг албан даалгаврын зорилго оршино.

Яам Малын шилжилт, хөдөлгөөн, отор нүүдлийн хийх талаар зөвлөмж боловсруулан аймаг, орон нутагт хүргэхэд бэлтгэв. Үүнд аймаг, сумдын Засаг дарга нар, Аймгийн Мал эмнэлгийн дарга нар, Сумын Мал эмнэлгийн тасаг /МЭТ/, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж /МЭҮН/, малчид, мал бүхий иргэд юу анхаарах талаар тусгасан.

Тэжээл импортолсноор хивэгний үнэ 8 орчим хувиар буурчээ

Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр яамнаас дараах бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 20.0 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс 8 орчим хувиар буурсан дүн гарсан. Одоо Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар арын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдлийг буруулах боломж бүрдэж байна.


Эх сурвалж: ХХААХҮЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *