Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120 орчим мянган тонн тэжээл импортлох гэрээ байгуулжээ. Ингэснээр шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортолжээ. Малын бүх төрлийн тэжээл импортолсноос хойш зах зээл дээрх үнэ нь найман хувиар буурчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш 17965 төгрөг болжээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 17-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох шийдвэр гаргасан юм. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдлийг буруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.