БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцах хүмүүст нэгэн шинэ шалгуур тавигдсан нь хүмүүсийн гайхшийг барав. Инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг. Учир нь Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүст “МАН-ын гишүүн байх” гэсэн шалгуур нэмэгджээ. МАН-ын гишүүн байхаас гадна МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг бол давуу тал болно. МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр намын ажлын талаар мэдлэг туршлагатай, намыг гадаад улс орнуудад төлөөлөх чадвартай байх гэсэн нэмэлт зүүлт тайлбар дагалдуулсныг яана. Хүмүүс шүүмжлээд эхлэхээр тус намын генсек нь“Ардын нам дэлхийн арван улсын намтай гэрээ байгуулсан, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т намуудын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүдийн хооронд харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, тэтгэлэгт хөтөлбөрт гишүүдээ хамруулах талаар тохиролцсон” тухайгаа тайлбарлалаа. Ингээд МАН-ынхан хөгшин залуу, эр эмгүй бүгд Хятадад сурах болов шив. Нам бодлогоороо ингэж зохицуулж байгаа гэж харагдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн конгрессоор нь Хятадын коммунист намын бүх гишүүд, тэдний гэр бүлд хориг тавих тухай яригдаж, мэдээлэгдэж байсан. Коммунист намын 90 сая гишүүн, гэр бүлтэйгээ гэхээр овоо их тоо гарна. Сонгууль гээд энэ асуудал түр намжчихаад байгаа. Мөн Европын холбоо хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан улс орнуудын удирдлагууд, шийдвэр гаргадаг хүмүүст хилийн хориг тавихаа мэдэгдээд байна.
Дэлхийн хүмүүсийн амьдрал маш их өөрчлөгдөж байгаа. Энэ хэрээр улстөржилт ч их болсон. Хуучин бол Хятадын коммунист намын гишүүн Америкт очих нь байдаг л зүйлд тооцогддог байв. Харин ч коммунистуудад либерал эдийн засгийн давуу талыг сурталчлах, түүнд юм бодуулах сайхан далим гэж үздэг байлаа. Харин одоо бол тэгж үзэхээ болиод удаж байна. Коммунистууд ч чөлөөт эдийн засгийг амжилттай хөгжүүлээд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэгэн болсон. Харин эдийн засаг нь хөгжих тусам хүний эрхийг маш хатуугаар хясан боох, дарангуйлах дэглэм нь улам хүчирхэг болж байна.
Ингэж улстөрждөгийн цаад зорилго нь дэлхийн нэгээхэн буланд хэн нэгэн эрхээ хязгаарлуулж үнэ цэнэгүй амьдарч байх вий, хэсэг бүлгээрээ хүчирхэгжиж дарангуйллын дэглэм тогтоох вий гэсэн болгоомжлол юм. Өнгөрсөн түүхэнд ийм гашуун дурсамж үй түмээрээ бий. Одоо ч үргэлжилсээр. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээрээ төдийгүй эдийн засгаараа хүчирхэгжин баяжиж буй манай хойд, урд хөрш бол одоогийн сонгодог жишээ юм. Өмнө нь энэ хоёр том улсад нэг нам эрх барьдаг байсан юм. Одоо нэг хүний хаанчлал тогтоод удаж буй. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпиний өмнөөс үг хэлдэг зоригтой хүн энэ улсуудад бий юү. Ганц жишээ хэлэхэд, Путины эсрэг жагсаалд оролцогчид Оросын шоронг дүүргэж байгаа мэдээлэл цацагдсан. Дэлхийд нэртэй тэрбумтан Жек Ма-гаа хятадууд барьж хорьсон уу, сураггүй болов. Ямартаа ч тэрбумтны “Алибаба”, “Ант групп”-ийг нь улсын өмч болгох шийдвэр гарчээ. Тэрбумтан гуай Хятадын төрийн банк, эдийн засгийг зохицуулдаг газруудыг сүрхий шүүмжилсэн нь шоронд хоригдож, хөрөнгөө хураалгах шалтгаан болсон бололтой. Энэ мэт хүний эрхийг зөрчиж, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэн дарангуйллын нийгмийг тогтоож байгаа нь дэлхийн улс орнууд, хүн ардад маш халтай юм. Ардчилал, хүний эрхийн үнэ цэнийг дээдэлдэг өндөр хөгжилтэй улс орнууд нийтээрээ ийм үйлдлийг эсэргүүцэж, хориг тавиад эхэлсэн. Манай МАН ийм намыг дагаж, далдганаж байж элдэв хоригт орчих вий. Тэгвэл энэ намтай холбоотой, бүр давуу эрх эдэлж намын системд ажиллаж байсан бүх хүмүүс Европ, Америкийг зорих эрхгүй болно. Сэрэмжлүүлэг юм шүү.
МАН Хятадын коммунист намыг дагадгаараа дагаж бүх боловсон хүчнээ урд бэлтгэж эхэлсэн бол АН боловсон хүчнээ Америкт бэлтгэх хэрэгтэй. АН-ын гишүүд, аппаратад нь ажиллаж байгаа бол бүр давуу эрх эдлүүлж бүгдийг нь хуйгаар нь Америк руу явуулж сурга. МАН-ын дангаараа эрх барих хугацаа өдөр өдрөөр богиноссоор байгаа. АН ялалт байгуулж, эрх барих тэр үед барууны боловсролтой боловсон хүчнээр дүүрэн байх хэрэгтэй. Ингэж зохицуулж, тэнцвэр хангахгүй бол эрх баригчдын үзэл бодол хэт нэг тийшээ хазайж, тэр үйл лайг нь ард олон үүрэх болно.
Монголчуудын өнгөрсөн 100 жилийн түүхэнд цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал маш үнэ цэнэтэйгээр бичигддэг. Ардын хувьсгал ялснаас хойш Монголын Ерөнхий сайдууд хойшоо дуудагдан буудуулж, 1937 оны их хядлагаар нийгмийн дээд давхаргын хамгийн оюунлаг, хөрөнгөлөг 100 мянган хүнээ хядуулснаар, үг дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх сачийтай хүн ховордсон. Ганц нэг гарч ирвэл хөдөө цөлж, хэн ч биш болгон бусдыг нь айлгаж нам дарж байлаа. Бүгд адилхан бодолтой, тэгш цалинтай, ижилхэн амьдралтай нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй бор хоногуудыг Монголын сэргэг сортоотой залуус “Хонхны дуу”-гаар сэрээж, өнөөдрийн өдрийг авчирсан юм. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн ч бид насан туршдаа, бүхий л түүхэндээ ийм байсан мэт аяглаж байна. Хэрэв коммунист үзэл бодол, энэ талын хандлага нэмэгдээд байвал сөрөг хүчин болох АН ардчиллын үнэт зүйлс, суурь зарчмуудаа хадгалж үлдэхийн тулд боловсон хүчнээ Америкт бэлтгэхээс өөр аргагүй. Бодлогоор залуусаа тийш нь олноор нь илгээх хэрэгтэй. Энэ зөвхөн нэг хоёр намын асуудал биш, нийт монголчуудын хувь заяаны тухайд юм. Хэрэв энэ дэлхийд тусгаар улс байхыг хүсч байгаа л юм бол бүх монголчууд ардчиллыг дээдлэн хамгаалж байх нь тэдний үр хойчийнхоо өмнө хүлээсэн ариун үүрэг юм. Хоёр хөршийн сонгогддоггүй дарга нарыг хараад шүлс нь гоожсон улстөрчид олон байна, хойшид ч улам олшрох төлөвтөй. Иймээс монголчууд сэрэмжтэй, бодлоготой байх хэрэгтэй юм.
О.ТУЯА