Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулжээ. Өнгөц харахад олон сайхан үр дүнг авчрахаар харагдаж байгаа ч иргэдийн амьдралд төсөөлсөн хэмжээнд үр өгөөжөө өгч чадах болов уу?
-Өнөөгийн үүссэн нөхцөл байдлын үндсэн шалтгаан нь халдварт өвчний тархалт буюу коронавирусийн дотоодын тархалт. Иймээс эдийн засаг, нийгмийн аливаа хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө халдварын тархалтыг хумих, хязгаарлах арга хэмжээний цаашдын төлөвлөгөөг маш тодорхой болгох, хэзээ ямар үр дүнд хүрэх гэсэн урьдчилсан таамаглалыг боловсруулан гаргаж бизнес эрхлэгчид, нийт иргэдэд танилцуулах шаардлагатай. Ковидын тархалт, хөл хорио тогтоосны улмаас өнгөрсөн хавраас хойш олон хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байгаа аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид юуны өмнө ойрын зургаан сарын дотор үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг төлөвлөхийн тулд бодитой, тодорхой мэдээлэл шаардлагатай байна. Тухайлбал, ирэх 3-6 дугаар саруудад нийслэл хотын хэмжээнд, мөн хөдөө орон нутагт ямар үйл ажиллагааг зөвшөөрөх вэ, ямар үйл ажиллагааг нээхгүй буюу хориглох вэ, дахин хөл хорио тогтоох арга хэмжээ авах уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Ийм тодорхой мэдээлэлгүй, эрсдэлтэй ойлгомжгүй байдал хэвээр үргэлжилсээр байвал бизнес эрхлэгчид, үүний дотор худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж байгаа иргэд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй байна. Ойрын зургаан сарын дотор том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэхээс илүүтэйгээр зогсонги байдалд ороод байгаа бизнесийн үйл ажиллагааг хэрхэн, аажмаар хэвийн байдалд шилжүүлэх вэ гэдэг төлөвлөгөө нь илүү чухал байна. Энэ явцдаа Засгийн газрын танилцуулсан дээрх төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байх нь зүйтэй болов уу. Барилга орон сууцны гэх мэт хөрөнгө эх үүсвэр ихээхэн шаардсан төслүүдийг богино хугацаанд эхлүүлэх боломж төдийлөн гарахгүй учир төсөл тус бүрийг хэрэгжүүлэх цаг хугацааны төлөвлөгөөг ч нарийвчлан боловсруулан гаргах шаардлагатай гэж үзэж байна.
Өнгөрсөн жилүүдэд манай улсад хэрэгжүүлж ирсэн олон тооны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээс үзэхэд бидтөлөвлөлт ба зохион байгуулалтын асуудалд ихээхэн алдаа гаргаж ирсэн байдаг. Иймээс тухайн төсөл тус бүрийн зохион байгуулалтыг аль яам, байгууллага, хэн удирдан зохион байгуулах вэ гэдгийг маш тодорхой болгох, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад явцын мониторинг үнэлгээг чанартай хийж байх шаардлагатай гэж үзэж байна.
-10 их наядын хоёр их наяд төгрөгийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулахаар болжээ. Санхүүжилтийг нь Засгийн газраас баталгаа гаргах, Хармагтайн алтны бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар хийнэ гэж. Ийм боломж бий юү?
-“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.Шийрэвдорж саяхан“Засгийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард Хармагтайн орд газрын Хойд бүргэдийн хэсэг газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах лицензийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанид өгч, мөн оны аравдугаар сард өрөмдлөг эхлэн арванхоёрдугаар сард алтны ордын эхний хэсгийг улсын нөөцөд бүртгүүлсэн. Хармагтайн бүлэг ордын ойролцоох “Хойд бүргэд” ордод 53.14 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 53.14 тонн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ сардаа(2021 оны нэгдүгээр сард) багтаан ТЭЗҮ-ийг батлуулж, ордыг ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээр сараас ашиглалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдэгджээ.Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс ийнхүү боломжтой гэж үзэж байгаа бол алтны ордыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болов уу гэж үзэж байна.
-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар болжээ. Та энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?
-Монголбанкнаас өнгөрсөн 2020 оны есдүгээр сараас хойш репо санхүүжилтийн арга хэрэгслийг хэрэглэх шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн тавдугаар тогтоол,арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн зургадугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор хоёр жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн.
Улмаар Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосон. Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулна гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Монголбанк цаашид энэ бодлогыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Гагцхүү аж ахуйн нэгжүүдийн зүгээс шаардлага хангахуйц, тодорхой төслүүдээ танилцуулж, дээр дурдсан арилжааны банкуудад хүсэлтээ гаргах ёстой. Мөн эдгээр аж ахуйн нэгжүүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа болов уу. Монголбанкны зүгээс тодорхой хэмжээний эх үүсвэрийг зах зээл рүү гаргаж байна. Гагцхүү энэхүү зээлийн боломжийг бүрэн ашиглах нөхцөл боломж бүрдэх үү гэдэг нь өнөөгийн ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлогоос тодорхой хэмжээгээр хамаарах болно.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хоёр их наяд төгрөгийг зарцуулах юм байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн 2017-2019 онуудад сайн бүрдэж ирсэн бол 2020 онд тасалдаж, төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж байна. Энэ онд ковидын нөхцөл байдал үргэлжилж, хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа, хилийн боомтуудыг бүрэн нээх боломжгүй байгаа тул эдийн засгийн сэргэлт төдийлөн амар ирэхгүй, төсвийн орлогын бүрдэлт оны эхний хагас жилд тааруу байх төлөвтэй. Ийм нөхцөлд өнгөрсөн намар УИХ-аас баталсан Монгол Улсын 2021 оны төсвийг ихээхэн өөдрөг байдлаар, зарлага ихтэй байхаар баталсан. Харин одоо төсвийн тодотголыг хийх шаардлага үүссэн гэдгийг бодолцох ёстой.
Ийм байдлаар Монгол Улсын макро эдийн засгийн орчин 2021 оны эхний хагас жилд таагүй байх төлөвтэй байна. Эдийн засгийн сэргэлт аажим гурав ба дөрөвдүгээр улиралд л ажиглагдах төлөвтэй байгаа тул аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тийм хялбар бүрдэхгүй байх магадлалтай. Иймд Засгийн газраас танилцуулаад байгаа дээрх төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө санхүүжилтийн тооцоог нарийвчлан тооцож төлөвлөх, олон нийтэд дахин ойлгомжтой байдлаар танилцуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.
-10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Энгийнээр мөнгө хэвлэх нь гэж ойлгож болох уу. Ер нь энэ шийдвэр нь хэтдээ эдийн засагт ямар үр дагавар авчрах бол?
-Засгийн газрын танилцуулсан мэдээлэлд дурдагдаж буй 10 их наяд гэдэг бол Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлагын 70 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Ковидын үед, төсвийн алдагдал өндөр хэмжээнд хүрсэн байхад, гадаад өрийн ихээхэн дарамттай байгаа нөхцөлд ийм хэмжээний эх үүсвэрийг гаргана гэдэг амар биш, хүнд хэцүү асуудал.
Сангийн сайд эдгээр танилцуулж байгаа асуудлын гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг нарийвчлан тооцож төлөвлөсөн байх ёстой. Ирэх дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдааны явцад эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, түүний санхүүжилтийн эх үүсвэрийн тухай асуудал хөндөгдөх болно. Иймээс Засгийн газар, Сангийн яамны зүгээс хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж, түүнээс улбаалан гарч болох үр дагаврыг олон талаас нь нухацтай тооцож байгаа гэж найдаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх таван жилийн улсын хөгжлийн төлөвлөгөө, 2021 оны улсын төсөвт тусгагдаагүй шинэ асуудлуудыг хөндөж байгаа тул эдгээр төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өмнө төлөвлөж байсан зарим асуудлыг хойшлуулах (сумдын соёлын төв, музейн хөрөнгө оруулалт гэх мэт), улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болно. Ирэх 2022-2024 онуудад төлөгдөх ёстой гурван тэрбум гаруй ам.долларын өр, Хятадын төв банктай байгуулсан төгрөг-юаны своп хэлцэл зэрэг тулгамдсан өр төлбөр их байгаа нөхцөлд дахин өр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж болохгүй.
-Манай улсын хувьд цар тахлын эхэн үедээ эдийн засгаа орхигдуулсан тал бий. Харин одоо хамтад нь авч явахгүй бол энэ хоёр салбар хоёулаа цохилтод орох нь гэдгийг Сангийн сайд хэлж байна. Гэлээ ч багагүй хугацаа алдчихав уу даа гэж харагдаж байна.
-Ковидын анхны тохиолдол гаднаас орж ирсэн нөхцөлд манай холбогдох байгууллагууд ихээхэн цочирдож бэлтгэлгүй, төлөвлөөгүй цочмог арга хэмжээ авсан. Дотоодод халдвар тархсан нөхцөлд ямар төлөвлөгөөтэй ажиллаж, ямар арга хэмжээг ямар шат дарааллаар авах ёстой вэ гэдэг нь ч ихээхэн дутуу дулимаг байсан нь тодорхой болсон.
Бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохион байгуулалтын нийтлэг жишгээс харахад ковидоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гүйцэтгэх засаглал бүхэлдээ буюу Засгийн газар, Ерөнхий сайд нь удирдан явуулж байна. Гэтэл манай улсын хувьд халдварт өвчний асуудалд төдийлөн хамааралтай бус УОК гэсэн байнгын бус бүтэцтэй (орон тооны бус гишүүдээс бүрдсэн, өөрийн гэсэн албагүй) бүтцэд энэхүү үүргийг хариуцуулсан нь алдаатай шийдвэр байсан. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулиудыг үзсэн ч дээрх чиг үүргийг Засгийн газар, ЭМЯ хариуцан гүйцэтгэх ёстой гэдэг нь тодорхой байгаа. Энэ талаар би удаа дараа байр сууриа илэрхийлж, ковидтой тэмцэх асуудлыг Засгийн газар өөрөө удирдах ёстой гэдгийг олон удаа хэлж ирсэн.Нэгэнт удирдлага зохион байгуулалтын хувьд буруу газар байсан, чиг үүргийн хувьд оновчтой бус байсан тул УОК зөвхөн халдвартай тэмцэх асуудалд түлхүү анхаарч бусад асуудлыг орхигдуулж ирлээ.
Бидэнд өнгөрсөн хугацааны алдаа онооноос суралцах ёстой сургамж ч байдаг. 2000-2003 он, 2009-2010 онуудад тохиосон зудын гамшгийн дараа авсан хариу арга хэмжээ ч гэсэн өрөөсгөл, сайн төлөвлөөгүй байсны улмаас зудын хохирлоос үүдсэн эдийн засгийн асуудал нь олон жилийн туршид үргэлжилсэн нийгэм, эдийн засгийн ужиг асуудал болж, улс оронд ихээхэн дарамт болсоор байна. Нийслэлийн хүн амын төвлөрөл, авто замын түгжрэл, ЕБС, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хотын агаарын бохирдол гэх мэт энэ бүгд зудын үр дагаврыг буруу шийдвэрлэсэн явдалтай холбоотой үүссэн сөрөг үр дагавар юм. Улс орнуудын жишээ, сургамжийг үзэхэд ч халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг л урдаа тавиад бусад ЕБС-ийн сургалт, хичээл хоцрогдолт, ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгэм, эдийн засгийн бусад асуудлуудыг хойш тавьж болохгүй гэдгийг харуулж байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, төр засгаас аливаа шийдвэрийг гаргахаас өмнө урьдчилан сайтар судалж, төслийг шат шатандаа олон талаас нь хэлэлцэн боловсруулж байх, гарч болзошгүй эерэг ба сөрөг үр дагаврын аль алийг нь тооцож байх, улмаар гарч болох сөрөг үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн арга зам, төлөвлөгөөг нэгэн зэрэг боловсруулж байх шаардлагатай.Ийнхүү оновчтой шийдвэр гаргах арга замыг “Бодлогын шийдвэр гаргах тогтолцоо” гэж нэрлэдэг. Манай бүхий л шатны төрийн захиргааны албан хаагчид үүнд сайтар суралцах, мэргэших шаардлагатай гэдгийг анхааруулъя.