Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аpprentice Мongolia” шоуны ялагч Ц.Бархас: Энэ шоу миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан

“Аpprentice Мongolia” шоуны анхны ялагч, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ц.Бархастай ярилцлаа.


-Ялагч болох үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Тэр мөчид баярлах, бахархах, талархах гээд олон сэтгэл хөдлөл давхацдаг юм билээ. Арван даалгаврын турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дараахь ялсан мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй. Ямар ч байсан маш их догдолсон. Тэмцээний дүн тодорхой болсны дараагаар шууд л гэр лүүгээ яарсан.Хэлэхгүйгээр гэнэт очиж, намайг өчнөөн олон хоног хэл чимээгүй хүлээсэн эхнэр хүүхдүүддээ сюрприз барьж баярт мөчөө хуваалцахыг л их хүссэн дээ. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан.

-“Аpprentice мongolia” шоунд оролцох болсон шалтгаан юу вэ?

-Сурагч байхдаа үзсэн “Global CEO” реалити нэвтрүүлгийг би ерөөсөө мартдаггүй. Өөртөө итгэлтэй, чадварлаг ах эгч нар даалгавар биелүүлж, том сорил давахыг хараад ийм л болох юм сан гэж мөрөөдөж байлаа.

Тэр хүслээ их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарсан ч огт орхиогүй.Мэргэшсэн CEO болохыг зорьж яваагийн хувьд саяхныг болтол ийм нэвтрүүлэгт орж өөрийгөө сориод үзэх сэн гээд найзууддаа ярьж байлаа. Гэтэл сонин давхцал болж төд удалгүй “Аpprentice Мongolia” шоу зарлагдсан юм. Ингээд л багын мөрөөдлөө биелүүлж, багагүй зориг гарган дэлхийн хэмжээний шоуг зорьсон.

-Нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө ялагч болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Мэдээж тэмцээнд орж байгаа учир ялна л гэж үзнэ. Гэхдээ анхнаасаа л 100 хувь өөртөө итгэлтэй байсан уу гэвэл үгүй гэж хэлнэ. Миний хувьд нэвтрүүлэгт орохоосоо өмнө 300 орчим хүнтэй томоохон компанийг хариуцан ажиллаж байсан тул менежмэнт, маркетинг, санхүү, хүний нөөц гээд байгууллагын бүхий л функцийг ойлгож, гадарладаг нь том давуу тал болно гэж тооцоолсон. Мөн тодорхой хэмжээний ажлын туршлагатай учраас аль ч талаас нь харсан өөрийгөө хүчтэй өрсөлдөгч нарын нэгд тооцож байсан.

-Өрсөлдөөнөө нэвтрүүлэг болсон хойно үзэхээр ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр бүх үйл явдлын дунд өөрөө байсан хэрнээ нэвтрүүлэг болсон хойно нь хөндлөнгөөс харах сонин мэдрэмж юм билээ. Нэвтрүүлэг гарахаар тайван суугаад үзэж чаддаггүй, зурагтынхаа өмнө очоод зогсчихдог.“Одоо яах бол…” гээд л цаанаасаа сэтгэл догдолно, дахиад сандарна. Өөрсдийгөө хөндлөнгөөс харна гэдэг сонин өөр мэдрэмж байна лээ. Бас нэг сонирхолтой зүйл нь нөгөө багаа даалгавар дээр яаж ажилласныг бид сайн мэдэхгүй болохоор нэвтрүүлгээ хараад үзэгчидтэйгээ адилхан гайхах үе зөндөө л гардаг. Ажил амьдралд боломж гэдэг зүйл үргэлж байдаг гэдгийг сануулсан.

-Бусад оролцогч нараас харилцааны ур чадвараараа ялгарч байсан. Ер нь хэр нээлттэй хүн бэ?

-Яг үнэндээ би тийм ч нээлттэй хүн биш, интроверт талдаа зан төлөвтэй. Үүнийгээ даван туулахын тулд харилцааны болон илтгэх ур чадварын талаар сонирхож ирсэн. Гэхдээ бүр дурлаж шимтсэн хөгжилтэй түүх бий.Би багадаа өөрөөсөө илүү хүмүүсийг дуурайх гэж оролддог хүүхэд байлаа. Дунд сургуулийн онц сурдаг найз маань Дейл Карнеги гээд зохиогчтой янзын гоё ном зуны амралтаараа олж уншлаа гэдэг юм байна. Гэртээ харингуутаа нагац эгчдээ номоо захичихсан. Хэд хоногийн дараа эгч Дейл Карнегийн гурван боть ном аваад ирлээ, баахан шахуу тексттэй, бараг өвөлжин уншсан даа. Ингэж л харилцааны болон илтгэлийн талаар ойлголттой болсон. Бодит жишээ татсан учраас уншихад маш ойлгомжтой, сонирхолтой. АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч А.Линколинтой холбоотой түүхүүд сэтгэлд маш тод үлджээ. Номоо дуусгаад өнөө найздаа Дейл Карнегийн номыг уншчихлаа гэсэн чинь “Миний зөвлөсөн ном өөр зохиогчтой юм билээ, би чамд хэлэхээ мартаж” гэдэг юм даа. Бид хоёр баахан инээлдээд л өнгөрсөн.

Андуурч таарсан тэр номыг уншсан нь амьдралд хэрэг болно гэж яаж мэдэх билээ. Сохорсон биш завшив гэдэг л болсон. Дараа нь өөрийгөө сайн илэрхийлж сурахын тулд Монголын үндэсний телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ч ажиллаж үзэж байлаа.

-“Аpprentice Mongolia” шоунаас сурсан хамгийн чухал зүйл гэвэл юуг онцлон хэлэх вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн өөрийгөө нэлээн хүчтэй өрсөлдөгч гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл даалгавар гүйцэтгээд эхлэхэд хамт оролцсон залуусыгаа ямар мундаг, ур чадвартай юм бэ гэдгийг олж харсан. Энэ 14 оролцогч бүгд өөр өөрийн гэсэн онцгой давуу бас сул талуудтай, өөрсдийгөө тал бүрээр хөгжүүлж, бэлдсэн тийм л залуус байсан.Шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан. Энэ бол нөхөрлөл. Бас итгэл найдвар байлаа. Хүн хөдөлмөрлөж, хичээж зүтгэвэл заавал үр дүн гардаг, амьдралаа өөрчлөх маш том боломж хүн бүрт ирдэг юм байна гэдэгт улам их итгэх болсон.

-Шалгаруулалтын үеийн зарим хэсэг үзэхэд ч халгамаар. Ер нь Boardroom-д дэх өрнөх тэр мэдрэмж ямар байдаг бол?

-Нэвтрүүлэг үзэхэд бид хэд хоорондоо нэлээн тэмцэлдэж, өрсөлдөж харагдаж байгаа. Бид бизнесийн салбарт ажиллаж байгаа нас биед хүрсэн хүмүүс. Иймд өрсөлдөөн, даалгавар, бодит амьдралыг хооронд нь ялгаж салгана. Тэмцээний үеэр өгөгдсөн хугацаанд чадах бүхнээ хийх ч, даалгавар дуусахад бид найзууд хэвээрээ. Бид энэ нэвтрүүлгийн туршид нэгэндээ маш их дассан, амьдралын сайн найзууд, андууд болцгоосон.

-Борлуулалтаараа өрсөлдөөд байгаа юм шиг харагдавч цаанаа сэтгэл зүйн хүчтэй тулаан дундуур ороод гарлаа гэж та нарыг харж байлаа. Хэр хүнд даваа байсан бэ?

-Сэтгэл зүйн сорилтууд бол даалгаврын хажуугаар давхар шалгагдаж байгаа үнэхээр чанга даваа. Ялангуяа даатгалын бүтээгдэхүүн борлуулдаг есдүгээр даалгаврын “boardroom” дээр бид зэрэгцэж суугаад нэгнийхээ сул, давуу талыг хайр найргүй хэлцгээсэн. Тэр өрөөнд сэтгэл зүйн маш хүнд тулаан өрнөсөн гэхэд болно.Зурагтаар тэр хэсгийн халуухан мэдрэмж тийм ч сайн мэдрэгдээгүй байх. Гэхдээ л аль алинд нь амаргүй байсан. Би тэр дугаарын дараа нэг хэсэг жижиг “шок”-нд орсон. Одоо бид тэр тухайгаа яриад инээлдэцгээдэг. Бид зарим талаараа бие биенийхээ тухай бараг өөрсдөөс нь ч илүү мэддэг болсон доо.

-Тэр сэтгэл зүйн тулааныг туулахад хамгийн их дэм, тус болсон зүйлээ дурдвал?

-Тэмцээний туршид би хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй. Зургаа цүнхэндээ хийчихвэл доогуур шидэгдчих учраас энгэртээ хийчихээд л нандигнаад байсан. Даалгавартаа гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байлаа. Үнсэж, сайн харж аваад буцаагаад л халаасандаа хийчихнэ. Унтахаасаа өмнө дахин нэг харж, үнсдэг байсан. Тэд маань л хамгийн их эрч хүч, урам зориг өгч байсан даа.

-Ч.Ганхуяг захирлаас авсан хамгийн үнэтэй зөвлөгөөг онцолбол?

-Манай багийг ялагдахад Ч.Ганхуяг захирал “Зорилготой, зоригтой, зогсолтгүй бай” гэж хэлсэн нь шууд л санаанд буугаад үлдчихсэн. Бүр “Гурван гурвын зарчим” гэж нэр өгөөд цээжилчихсэн. Энэ үг залуусын дунд тренд болчихсон байна лээ. Бас утсан дээгүүр алхах буюу аливаад эрсдэл гаргаж зоригтой зүтгэх ёстой гэсэн зөвлөгөө хамгийн үнэ цэнэтэй санагдсан даа.

-Өөрөө Ч.Ганхуяг захирлын оронд байсан бол шоуны оролцогчдоос хэнийг нь сонгох байсан бэ?

-Би О.Амарболдыг л сонгох байсан. Сүүлийн дугаар дээр ч хамгийн түрүүнд түүний нэрийг дуудсан. Надад түүнийг сонгох олон шалтгаан бий. Бид хоёрын давуу, сул талууд өөр өөр. Зан төлөв нь ч тэс ондоо. Тэгсэн хэрнээ нэг баг болж нэгдэхээрээ нэгнээ нөхөж чаддаг, маш хурдан ойлголцдог. Бид хоёр нийлэхээр бодит үр дүнг гаргаж чаддаг. Одоо Ард санхүүгийн нэгдэлд хамтдаа хүчин зүтгэхээр болсондоо маш их баяртай байгаа.

-Та ялагч болж Ард санхүүгийн нэгдэлд 200 сая төгрөгийн цалин урамшуулалтай албыг хашиж эхэллээ. Өөрчлөлтийг хэр мэдэрч байна вэ?

-Албаа дөнгөж хүлээн аваад байна. Надад хүлээлгэсэн энэ их итгэлийг даахаас гадна авснаасаа илүү их зүйлийг хийж, бүтээж өгөх юм сан гэсэн чин хүсэл, эрмэлзэл надад бий. Түүнийхээ төлөө ч их хичээж ажиллана гэж бодож байгаа.Ард санхүүгийн нэгдэл нь санхүүгийн зах зээлд нөлөө бүхий байгууллага. Тиймдээ ч үндэстнээрээ хөрөнгө оруулагч болцгооё гэсэн улс, үндэстний хэмжээний амбицтай ажиллаж, түүндээ бусдыг уриалдаг. Энэ их үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэгтээ итгэлтэй байна.

-“Ард”-тай холбогдсоноор хөрөнгийн зах зээлтэй нэгэнт холбогдлоо. Энэ зах зээл дээр хэр туршлагатай вэ?

-Оюутан байхдаа хөрөнгийн зах зээлтэй анх танилцаж, арилжаанд тогтмол оролцдог байсан. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ажиллаагүй ч мэдээллийг нь сонирхдог, цаана нь явагдаж байгаа зүйлсийг мэднэ. Энэ нь миний давуу тал болох байх. Үүн дээрээ суурилаад Ард санхүүгийн нэгдлийн ажлаа цаг алдалгүй бариад авчихна гэж бодож байна.

-Цаашид хөрөнгийн зах зээлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хэт цөөхөн тоглогчтой, зарим хувьцаат компанийн маш бага хувь нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн дийлэнх хувь нь хэдхэн хүний гарт байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нөхцөл байдал дээрдэж байна. Компаниуд IPO хийж нээлттэй болж байна, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг ч нэмэгдсэн.

Нэмээд банкууд хувьцаа гаргаж, тэтгэврийн сан үүсч хөрөнгийн зах зээл рүү ороод ирвэл эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ өснө. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд Ард Санхүүгийн Нэгдлийнхэн хүчтэй манлайлал үзүүлж уриалан оролцож байгаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооё гэдэг бол одоо болохгүй байгаа зүйлсийг шинэчилж үр дүнд нь хүн бүр хөрөнгө оруулагч болъё л гээд байгаа юм. Эхнээсээ үр дүн гараад эхэлчихлээ.

Хүмүүсийн санхүүгийн боловсрол ч илт нэмэгдэж байна. Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны арилжааны дүнгээс үүнийг харж болно. Цаашид иргэдийн ихэнх нь хувьцааг яаж зарах, авах арга замаа мэддэг болчихвол тоглогч олон болно, тэр хэрээрээ хөрөнгийн зах зээл тэлнэ гэж харж байна.

-Хувьцаа авахаар зэхэж байгаа хүмүүст юу захих вэ?

-Хүмүүс тэр компанийн хувьцааг авчихгүй яав даа, хэд дахин өсчихсөн байна гэж бүр сүүлд нь амаа барих тохиолдол зөндөө. Эсвэл бооцоотой тоглоом тоглож байгаа юм шиг их хэмжээний мөнгө хийж азаа үзээд богино хугацаанд гэнэт их ашиг хийх сонирхолтой нь ажиглагддаг. Хувьцаа бол покер биш, харин хөрөнгө оруулалт. Иймд богино биш урт хугацаагаар харах нь зүйтэй. Аваад дар гээд байгаа шүү дээ.

-Ажил хийж байхад алдаа дутагдал гардаг. Алдаанаас суралцах ёстой шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Ажлын явцад том, жижиг алдааны аль нь ч гарч болно. Харин түүнийг шийдэлгүй орхих юм уу, бууж өгөх нь өөрөө хамгийн том алдаа. Асуудал хэзээ ч дуусахгүй, түүнийг шийдээд л урагшил гэж хуучин удирдлага маань хэлдэг байлаа. Үүнтэй санал нийлдэг, тойрч суугаад асуудлаа хэлэлцэхэд ямар ч асуудалд шийдэл заавал байдаг. Тэгээд л асуудлаа шийдээд урагшил, өөр яах билээ. Уйлж, дуулж, эморлоо гээд юу ч шийдэгдэхгүй. Ажил дээр энэ зарчмыг баримталдаг.

-Өнөөдөр бол та ялагч. Гэхдээ амьдрал дардан биш. Алдаа бүтэлгүйтлийн дундуур туучдаг. Өөртөө тохиолдсон бүтэлгүйтлээ хуваалцахгүй юу?

-СЭЗДС-ийн оюутан байхдаа хоёр найзтайгаа консалтинг зөвлөх үйлчилгээ, сургалтын төв байгуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн түүх бий. Хөрөнгө оруулалт шаардахгүй, толгой ажиллуулах ажил учраас энэ чиглэлийг сонгосон юм. Нэг биш нэлээн хэдэн удаа шүү. Нэг жишээг ярьж өгье. Тухайн үед үзсэн менежерийн эдийн засаг гэдэг хичээл их таалагдаад, амьдрал дээр ашиглаж үзэхээр шийдсэн юм. Эхлээд найзуудтайгаа оффисоо олчихлоо, өрөөгөө тохижуулах ширээ сандал авахдаа аль болох хямдыг нь бодоод Эрээн хот руу явдаг юм байна. Мөнгө хэрэг болохоор нь нөүтбүүкээ зарчихлаа, аав ээжээсээ ч бас багахан мөнгө авсан. Хоёр найз маань ч бас мөнгө гаргацгаалаа. Бид хэд Эрээн явахдаа мөнгөө хэмнэх гээд вагоны билет авахгүй, “туулайчилсан” гээч. Залууст ярьж болох сайхан жишээ биш л дээ /инээв/. Урдаас билет шалгагч ирэхээр хойшоо яваад, хойноос ирэхээр нь урагшаа гүйгээд л. Ингэж Эрээний хил даваад очингуутаа амьдралдаа анх удаа харсан наймаачинд гурвуулаа бүх мөнгөө өгөөд тавилгаа захиалчихлаа. Араас тавилга ирнэ гээд хүлээгээд байдаг, ирдэггүй ээ, бөөн юм болж байж иртэл дутуу эвдрэлтэй тавилгаа явуулчихсан байж билээ. Бид хэд аргалаад янзалсан. Сургалт, консалтингийн бизнес маань удаагүй ээ, тэгсхийгээд дампуурсан. Үндсэндээ туршлагагүй хэдэн хүүхдүүд компани болж тоглосон хэрэг. Гэхдээ их зүйл сурсан.

-Та залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэг гоё үг байдаг даа “Их ч битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж. Ямар нэг ур чадварыг хөгжүүлнэ гэдэг нь урт хугацааны уйгагүй, тасралтгүй хөдөлмөр байдаг. Би хэдийгээр 10 даалгавар биелүүлээд л Аппрентист түрүүлсэн юм шиг харагдаж болох ч нэвтрүүлгийн туршид шаардагдах ур чадварууд дээр олон жилийн туршид ажиллаж, өнгөлж байж хөгжүүлсэн гэж боддог. Иймд өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сайжрах хэрэгтэй шүү гэж захья.

Г.БАТ

Ц.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *