Монгол гэдэг нэрээр овоглодог цөөн амьтдын нэг болох монгол хадран загас үржлийнхээ үед Ховд голоор дамжин, Баян-Өлгий аймгийн нутагт очдог нь батлагджээ. Тодруулбал, Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судлах явцдаа сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Ховд гол, Хар нуурын сав газарт анх удаа хийсэн тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болох нь батлагдсан аж. 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж, уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ.
Энэ судалгааны үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, Монгол Улсын Засгийн газар Шижигтийн хавцалд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барихаар төлөвлөөд буй юм. Тус газарт монгол хадран загас хавар түрсээ шахдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид сэтгэл зовнин анхааруулж байна.
Албаны хүмүүс “Усан цахилгаан станц барихаар сонгосон газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа учир ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж, түрсээ шахчихаад буцдаг гэсэн таамаглал байсан билээ. Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаас дээш, тодруулбал усан цахилгаан станц барихаар сонгосон газрыг дамжин өнгөрдөг нь ийнхүү тодорхой болсон учир тэнд загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа монгол хадран загасны үржлийн үеийн нүүдлийг хэрхэн таслахгүй байх вэ гэдгийг одооноос бодох, шийдлийг хайх шаардлага тулгарч буй юм. Учир нь, өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин шиг хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс ямар ч загас дамжин гарч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран устах эрсдэл нүүрлээд байна.
Хэрэв загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах байгуулах шаардлагагүй гэвэл өөр ямар гарц, гаргалгаа байж болох талаар одооноос бодох хэрэгтэйг мэргэжилтүүд сануулж байна.Тиймээс байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхдээ үүнд онцгой анхаарал хандуулж ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болжээ. Ялангуяа үнэлгээ хийж байгаа багийнхан энэ асуудлыг тооцож, ганцхан Монголд байдаг нутгийн унаган зүйл болох монгол хадран загасаа хамгаалахад хувь нэмрээ оруулахад болохгүй гэх зүйлгүй.
Манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархсан монгол хадран загас нь нутгийн унаган зүйлюм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоос өөр хаана ч байхгүй. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой олон байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Монгол хадран загас бусад дөрвөн зүйлээ бодоход биеэр том бөгөөд урт нь дунджаар 70 см, жин нь гурван кг хүрнэ. Мөн 5-6 насандаа үржилд орж, 16 жил насалдаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм.
Г.Батбаяр