Коронавируст цар тахлын цаг үеийн асуудлаар 11 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:
“Одоогоор мөрдөгдөж буй хатуу хөл хорионы үр дүнд 5 хоногийн хугацаанд 26 хүн халдвартай гэдгийг олж тогтоолоо. Хоногт олон нийтийн дунд халдвартай 5-6 иргэн байгаа нь нотлогдож байна. Тус ажлын хүрээнд халдвар нууц үедээ ямар түвшинд байгааг олж тогтоосноор хэвийн горимд шилжих суурь нөхцлийг хангаж байгаа юм. 12 хоногийн хөл хорио гэдэг халдварын нууц үеийг хоёр удаа дүйх хэмжээний хугацаа. Халдвар авсан иргэн 12 хоногийн хугацаанд халдвар авсан эсэхээ бүрэн мэдэх боломжтой хугацаа гэсэн үг. “Нэг өрх- нэг шинжилгээ” ажил эхлээд 5 хонож байна. Одоо 7 хоног үлдсэн тул энэ хугацаанд ард иргэд тэвчээртэй байж, гэртээ байхыг уриалж байна.” гэлээ.