Тус аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос мэдээлэв.
“Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа урд бүсийн сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зураглалд манай аймгийн нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан дөрвөн сум бий.
Тодруулбал аймгийн урд бүсийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 50 малчин өрхөд нийт 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ.
Хүмүүнлэгийн тусламжийг авах малчин өрхийг сонгохдоо бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай тусламж давхцахгүй байхад анхаарч ажилласан байгаа. Жишээлбэл Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны үндсэн долоон зарчимд нийцүүлж 400 хүртэлх малтай. Мөн 16-хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл. Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 60 –аас дээш насны өөрөө мал малладаг малчин өрх. 16 хүртэлх насны тав ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрхүүдийг тус тус түүвэрлэн сонгож хүмүүнлэгийн тусламжийг өгсөн байгаа. Тусламжид нэг өрхөд 240.000 төгрөг болон малын эрдэс тэжээлийн багцыг олголоо” гэв.
127 мянга гаруй төгрөгийн малын эрдэс тэжээлийн нэг багцыг өрх бүрд өгчээ
Монголын Улаан загалмайн нийгэмлэг он гарсаар зудын нэн өндөр эрсдэлтэй аймгийн 2000 өрхөд тусламж үзүүлээд байгаа.
-“Тухайлбал зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ. Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий гэхчлэн 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүрсэн байгаа. Түүний нэг нь манай Завхан аймаг юм. Эрсдэл өндөр байгаа малчдад өгсөн тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 мянган төгрөг, 127 мянга, 750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцыг олгосон. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос хоёр литр, амин тун 1кг, малын нүдний тос нэг ширхэг, малын туурайн тос нэг ширхэг зэрэг зүйлс багтсан байна. Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны нэгдүгээр сард гэхэд нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна” гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос тус тус мэдээлэв.