Нийслэлийнхэн өнөөдөр /2021.02.11/-өөс 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүрэгт хөл хорионы нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.
Тэрбээр УОК-ын шийдвэр төрийн албан хаагчдад хүрч буй талаар алба хаагчдын нөхцөл байдлыг тодруулсан. Энэ үеэр тус дүүрэгт эргүүлд гарч үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч хэлэхдээ “Бид нарт өгсөн үүрэг чиглэлээр цахилгаан түгээх болон шатахуун түгээх, хүнс хөдөө аж ахуй, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ яаралтай авах гэж буй хүмүүс бичиг баримттайгаар зорчуулж байна. Зарим иргэд хайхрамжгүй зан гаргаж, эмнэлэг явах гэж байна гэж худал ярих тохиолдол гарч байгаа учраас эмчийн онош, эмнэлгийн бичиг шалгаж байна.
Хөл хорионы дэглэмийг сахиулахаар төрийн 27 мянга гаруй алба хаагчид эргүүлд гарч ажиллаж байгаа юм. Шадар сайд С.Амарсайхан эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад иргэдэд хүндрэл учруулж болохгүй гэдгийг сануулав.
Шадар сайд С.Амарсайхан “Бие биедээ тусалж, харилцаа холбоотой байж ажлын үр дүн гарна. Алба хаагчид нэгдсэн мэдээллээ цаг тухайд нь солилцож, цаг үеийн мэдээллээ ч бас харж үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Өглөө зарим газруудад ойлголтын зөрүү гарсан. Үүнийг алба хаагчид та бүхэн засч ажиллах ёстой.
Бид шийдвэр гаргаад байдаг. Гэтэл бодит байдал дээр хүний хүчин зүйлсээс шалтгаалсан харилцан уялдаагүй өөр өөр шийдвэр, асуудал үүсч байгаа учраас нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Ажлын зөрүү хөрсөн дээр алдаа гарч байна. Иргэдэд дэлгэрэнгүй хангалттай тайлбар өг. Өөрсдөө журамтайгаа танилц.
Бид өөрсдөөсөө эхлээд асуудлуудыг нэг нэгээр нь танилцаж байгаа. Хүн бүр ямар нэгэн ойлголтын зөрүүгүй байгаасай гэдэгт амаа чилтэл ярьж, хэрэгжилтийг биелүүлэх гэж л ядаад байна. Цаасан дээр шийдвэр гараад байдаг, хэрэгжилт хангалтгүй бол ажлын үр дүн гарахгүй. Та бүхний ямар нэг алдаанаас болж гаргасан шийдвэрийн хэрэгжилт үр дүнгүй байж болохгүй. Өнөөдрийн байдлаар 40 мянган иргэн шинжилгээ өгсөн байна. Уг нь бид өдөрт 30-35 мянган иргэн шинжилгээ өгнө гэж төлөвлөж байлаа. Тэгэхээр иргэд хариуцлагатай байгаа учраас бид бүхэн нэгдсэн мэдээлэлтэй, нэг ойлголттой байх ёстой. Маргааш шинийн нэгэн учраас айл өрхүүдийг золголт хийлгэхгүй байхад анхаарч, онцгой ач холбогдол өг. Эрсдэл хаа сайгүй байгаа учраас маргааш айл өрхүүдээр иргэд орохгүй байх, иргэд хөдөлгөөнд оролцохгүй байхад та бүхэн мэдээллээ сайн өг. Үүнд анхаарч ажилла.
Алба хаагчдын зүгээс иргэдэд ойлгомжгүй шаардлага тавьж байгаа учраас УОК-ын шийдвэр шүүмжлэл дагуулж, иргэдийг бухимдуулж байгааг Шадар сайд С.Амарсайхан эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа. Тухайлбал, хүнсний дэлгүүр хязгаарлалтад ороогүй тул иргэд хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчих тул хөдөлгөөнд оролцох боломжтой.