Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд “Ковид-19” цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 370 эмнэлгийн тоноглогдсон ор хандивлалаа.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчид сайд ноён Траяан Христеа энэ үеэр “Өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хүрээнд “COVID-19”- өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах 315,000 евро буюу 1 тэрбум 74 сая төгрөгийн өртөгтэй 370 тоноглогдсон эмнэлгийн орыг хүлээлгэн өгч байна.
“COVID-19”-ийн дотоодын халдварын тохиолдол нэмэгдэж эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ шаардлага улам бий болж буй энэ үед уг тусламжийг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Түүнчлэн, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын томоохон санхүүжилтээр хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Astra Zeneca-ын 163.200 тун, Pfizer-ын 25.740 тун вакциныг тус тус хүлээн авна” гэж хэллээ.
Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төсөл нь 2021 оны эхээр хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн үндсэн зорилго нь Ковид-19-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.