Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.
-Цагаан сар дөхөж байгаа учраас үхэр жилийн өнгийг манай уншигчдад хэлж өгнө үү. Хэн, юуг анхаарвал зохилтой вэ?
-XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин (төмөр) үхэр жил гарч байна. Зурхайн ерөнхий байдлыг харахад хаврын сардаа жаахан цас, шуургатай байгаа. Зуны улиралдаа зарим газраар хуурайшилтай мөртлөө зарим газраар үер буух, гантай маягтай байна. Өвөлдөө эрт цас орох маягтай. Монголчууд байгаль ертөнцийн уялдаа холбоог бодоод, орон хийдийн лам нарынхаа номын хүч чадлыг ашиглан, нутаг нутагтаа ган гачиггүй, зуд турхангүй сайхан байлгах талаас нь хавраас эхлээд сайн ном уншуулах ажил байна. Үүнийг орон нутаг нь ч лам нар нь ч анхаарна биз ээ. Байгалийн сөрөг үр дагавруудыг засах боломжтой судар болоод тарнийн арга чарга зөндөө байдаг. Үүнд анхаарвал сайхан болно гэж бодож байна. Шинэ он гарч байгаа учраас монголчууд нийтээр сайн ерөөл талбих хэрэгтэй. Бүгдээрээ энэ жил амар амгалантай байгаасай, өвчин зовлонгүй байгаасай, байгалийн сөрөг үр дагаврууд арилах болтугай гэж дор бүрдээ залбирч, даатгах учиртай.
Хүмүүсийн тухайд анхаарууштай зүйлүүд байна. Хүүхэд мэндлэхэд заавал ном уншуулдаг ёсыг авч явах хэрэгтэй. Түүнээс гадна яс тасрахын гүймэг гэж хэцүү гүймэг бий. Тэр нь могой жилтэй ес, 21, 33-тай могой бас гүймэг таарч, мөчлөг орж байгаа 45, 57, 69, 81-тэй хүмүүс яс тасрахын гүймэг засуулах хэрэгцээтэй. Гүймэг олон янз байдаг юм. Гэхдээ энэ дотор хамгийн аюултай нь энэ. Ялангуяа 21-тэй эрэгтэй хүүхдүүд гол горхи, далай тэнгисийн усанд орохыг хоримоор байна. Энэ насны эмэгтэй хүүхдүүд ч өндрөөс унах, гэмтэх бэртэхээс сэргийлээрэй. Номтой лам нараас асууж байгаад засал хийлгэх нь зөв. Хонь жилтэй хүмүүст их долоогийн харш таарч байгаа. Засал хийлгэхгүй байж байгаад олон юманд өртдөг шүү. Гүймэг болон дүнсэр таарч байгаа улсууд бололцоотой бол сайн сахиус хийлгэж зүүх хэрэгтэй. Жил орж, мэнгэ голлож байгаа хүмүүс жил, мэнгэний заслуудыг сайн хийлгээрэй. Жил орж байгаа хүмүүс Говийн Лха сайн тахиулах ёстой юм билээ. Цаг тооны бичиг дээр байгаа. Амь нас, биений зурхай, сүлд харласан бол түүнийгээ сайн засуулаарай. Төмөр суудалтай хүмүүс анхаараарай. Осол, хэл ам, хулгайд юмаа алдах нигууртай шүү. Эрхтний зурхай харлаж гарвал Алтангэрэлийн даллага авахуулж, Алтангэрэл уншуулах хэрэгтэй. Яс тасрахын үүд, Үгүйрлийн үүд гээд зурхайн хэмнэлүүд гарч ирдэг. Түүнийгээ сайн засуулах учиртай. Огторгуй суудал хүний зүрх, судасны үйл ажиллагаанд асар их нөлөөтэй шүү. Үүнийг сайн бодоод заслуудаа сайн хийлгээрэй. Надад олон хүн ханддаг, зурхайн сөрөг хэмнэлтэй хүмүүс их өвдсөн байдаг. Олон жил хүний жаргал, зовлонг хуваалцаж ирсэн хүний хувьд энэ бүхэн хүний амьдралд нөлөөлдөг юм байна гэдгийг тов тодорхой мэдэж байна. Ном уншуулж байна гээд ном бичүүлчихээд алга болчихдог. Өөрсдөө сууж байгаад, ач холбогдол өгөөд уншуулчихмаар байх юм. Орон хийдийн лам нар ч өргөл айлтгал хийж байгаа улсуудын номыг ёсчилон уншиж өгөх ёстой. Хүний өргөл барьц авчихаад, ном уншихгүй бол гортдог шүү, номын өрөнд орно. Аль аль талдаа хариуцлагаа хүлээж явбал зохилтой.
Ер нь жаахан хямрал байгаа шүү. Халдварт өвчний байдал бас жаахан онцгүй л байгаа. Ялангуяа үхэр жилд зүрх судас, тархи толгой, уушги, амьсгалын замын өвчтэй хүмүүс үзүүлж харуулж урьдчилан сэргийлэхэд анхаармаар байгаа юм. Бөөр, эмэгтэйчүүдийн талын өвчтэй хүмүүс энэ жилдээ сайн анхаарах шаардлагатай.
-Уламжлалт анагаах ухааны сударт “Цөвүүн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуутивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлдсан тухай танай сайтаас уншлаа. Цөвүүн цаг гэдгийг хэзээ гэж ойлгох вэ?
-Ном үзэж байхад Бурхан багшийн үеэс хойш 1500 жилийн дараагаас цөвүүн цагийн ёр тэмдэг ихэсч байгаа гэх юм билээ. Цөвүүн цагийн таван ёр гэж байдаг. Бодит юмыг үгүйсгэдэг эрин цаг ирнэ гэж байгаа юм. Сэтгэл санаа, итгэлийн болоод, явдал мөр нь буруудна гэж байгаа юм. Хэл ярианы байдал бүгд өөрчлөгдөнө. Одоо бид нарт тэр нь яваад л байна. Хүмүүс буруу юм их ярьж байна. Нэгийгээ гүтгэж доромжилж байна. Би юу гэж хэлсэн ч яадаг юм гэх байдлууд чинь нийлсээр байгаад нийгэмд нөлөөлдөг юм байна. Бие, хэл, сэтгэлээ захирч явах цаг ирсэн байна. Түүнээс гадна гал ус, ган гачгийн аюул ихэднэ гэж байгаа юм. Хүмүүсийн насанд их цөвтэй болж эхэлж байгаа юм. Буяны төрөл олсон мөртлөө буян хийхээ болихоор сөрөг үр дагавар гарч ирдэг. Хүмүүсийн буян доройтож эхэлнэ. Буянаасаа илүү нүгэл хийх нь их цаг үе ирж байгаа юм. Гэх мэт зүйлүүдийг цөвүүн цагт хамруулж авч үзсэн байдаг. Гэтэл одоо бид хоорондоо хямралдан, тэрсэлдэж, гэр бүл байгууллага хамт олон, төр улс нь ч хямраад байгаа юм. Монголчууд маань өв уламжлалаа дагаж, миний хийж байгаа үйлээс болоод олон хүн лус савдгийн хорлол болчих вий гэж анхаарч явах цаг нь ирсэн байна.
-Коронавирус хүн төрөлхтөнд сануулга дохио өгч байна гэж хүмүүс ярьж байгаа. Коронавирус эцсийнх биш гэж мэргэжилтнүүд ч сануулж байна. Энэ бүхэн хүмүүсийн үйлийн үрийн хариу юм болов уу. Буддын шашны үүднээс яаж тайлбарлах вэ?
-Цөвүүн цагт халдварт өвчин аюул үүсгэнэ гэдгийг Манал бурхны сударт айлдсан. Цагаан шүхэрт, Ногоон дарь эхийн сударт бий. Гэх мэт олон судар номуудад цөвүүн цагт халдварт өвчин, ад тотгорын өвчин нүүрлэх тухай өгүүлсэн байдаг. Хүн төрөлхтний буруу үйл ажиллагаанаас бас болоод байгаа юм. Онгон байгаль хомсдож байна. Газар доорх, дээрх юмсыг авч ашиглахад хүнээр бол маш олон судас шөрмөсийг нь таслаад байгаа юм. Ингэхэд байгалийг хардаг лус савдгууд бидэнд уурлаж, өшөө авч байгаа юм. Эргүүлээд өөрсдийнхөө хүч чадлыг хүмүүст харуулж байгаа хэрэг. Өмхий самхай үнэр танар хог ихээр бий болгож, байгалийг зүй зохисгүй ашиглаж байгаа нь эргээд бидэнд сөргөөр нөлөөлж байна. Байгалиа улам л устгаад байвал хүн төрөлхтөн хичнээн хөгжсөн ч байгаль дэлхий нэг л өдөр энэ бүхнийг арчаад хаях юм шиг байна лээ. Эдийн засаг хөгжсөн мундаг орнууд ч гал түймрээ унтрааж чадахгүй өчнөөн удаан хугацаанд гал дунд л байлаа шүү дээ. Яг үнэн чанартаа бид байгальдаа л дийлдэнэ. Ган гачиг, үер ус асар олон асуудлууд нүүрлэнэ. Энэ бүхэн хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг. Сэтгэлийн үйл ч энд нөлөөлдөг. Эрдэнэт хүний төрлийг олчихоод буяны төрлөөр явахгүй, бузар нүгэл үйлдээд байна шүү гэсэн үг. Хэдэн жилийн өмнө ДЭМБ-аас халдварт өвчний асуудал анхаарал татна гэдгийг сануулсан шүү дээ. Манал бурхны айлдсан, ДЭМБ-ын санамж давхцаж ирж байгаа юм. Халдварт өвчин дэлхий даяар тархаад, хүн төрөлхтөн айдастай амьдарч байна. Маш их хохирол үзэж байна. Хүн болгон өөрийнхөөрөө тайван амгалан амьдарч чадахгүйд хүрч байна. Монголчуудын хувьд маш их бухимдалтай, эдийн засгийн болоод сэтгэл санааны хохиролтой жил өнгөрч байна. Үүнийг даван туулахад бурхны шашны лам хуврагуудын хүч оролцоо их байх учиртай юм. Халдварт муухай өвчнийг анагааж эдгээдэг, үргээж хөөдөг, урьдчилан сэргийлэх номыг нь уг нь уншуулмаар байтал харин тэр бурхан шашныхаа бүх хурлыг нь хааж байна шүү дээ.
-Манба дацангийн эмч нар коронавирусийг эмчлэхээр Цэргийн госпитальд баг болж орсон гэж сонссон. Монголчууд коронавирусийг анагаах, судлах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах учиртай. Тэр тусмаа уламжлалт анагаах ухааны эмчилгээ коронавирусийг эмчлэхэд ямар нөлөө үзүүлж байгаа нь чухал. Эхний үр дүн гарч байгаа юу?
– Уламжлалт анагаах ухаан маш том анагаах ухаан шүү. Уламжлалт анагаах ухаан монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд зориулагдсан. Би гадаадад явж, олон хүн эмчилж байлаа. Өөрийнхөө эм танг авч очоод эмчлэхэд эдгэдэг л байхгүй юу. Бид харин эртхэн орох байсан юм. Хойш нь татсаар байгаад, сая нэлээд хөөцөлдсөний үр дүнд арваннэгдүгээр сард зөвшөөрөл гарч байгаа юм. Одоо цэргийн госпиталь руу орсон. Хэдэн хүн эмчлүүлж байна. Эмчилгээ дөнгөж эхэлж байна.
Эхний шинжилгээгээр тэр хүмүүсийн байдал сайжирч байгаа. Нэг хүн хоёр уушгиндаа нэвчдэстэй, дагалдах өвчтэй, хүнд байсан. Одоо бол халуунгүй болсон, сайжирч байна. Тэнд эмчлүүлж байгаа хүмүүс алхам алхмаар сайжраад л байна. Үнэндээ Манба дацан, миний бие эмч нарын багаа оруулъя гэж зүтгэж байж орууллаа. Одоо харин Засгийн газар анхааралдаа авах байлгүй дээ. Сар гаруйн хугацаанд эм танг нь үнэгүй өгөөд, эмч нарынхаа цалинг манайх гаргаад явж байна. Өмнө нь хоёр эмч, сая хоёр эмч нийтдээ дөрвөн эмч дараа дараагаараа орж ажиллаж байна. Энэ байдал дээр үзэхэд үр дүн мэдээж өгнө. Уламжлалт анагаах ухааны эм танг ууснаар дагалдах урхаггүй бүрэн гүйцэд эмчлэгдэнэ гэдгийг ард түмэндээ хэлэх нь зөв байх.
-Урд хөршийнхөн ч коронавирусийг эмчлэхдээ уламжлалт эмчилгээ, эм тан ашиглаж байгаа гэдгээ эхнээсээ мэдээлж байсан. Бусад улсууд энэ эмчилгээнд дорнын анагаах ухааныг хэр ашиглав, тэдний гаргасан эмчилгээний арга, судалгаа та бүхнийхтэй дүйж байх юм уу?
-Бид нэг юмыг л ойлгох хэрэгтэй. Хятадууд бол уламжлалт анагаах ухааны эм тангаа дийлэнх нь ууж ирсэн. Одоо ч уудаг. Тийм учраас ковидыг эмчлэхэд шууд уламжлалтынхнаа оруулсан. Манайх бол 100 жил энэ анагаах ухаанаа муулж, эсрэг явж ирсэн ард түмэн шүү. Тэгээд оруулахгүй байсан юм. Ард түмэн нь хүлээж авахгүй, хоёрдугаарт төр засгийн шийдвэр гаргагчид нь эргэлзэж ханддаг. Уг нь бид гаднаас юм хайгаад байх ард түмэн биш шүү дээ. Одоо харин уламжлалтын эмч нарыг түүчээлж, зам гаргалаа. Цаашдаа эрүүл мэндийн салбар нь ойлгоод, хүмүүсээ бүрэн эдгээхэд авч хэрэглээсэй гэж бодож байна.
Хятадууд коронавирусийг эмчлэхдээ уламжлалт анагаах ухаанаа оролцуулаад, судалгаа хийгээд, дэлхийд цацсан. Тайвань, Тайланд, Вьетнам уламжлалт анагаах ухаанаа хэрэглэж, үр дүн гаргаад, судалгаануудаа дэлхийд зарлаад явж байна. Нэгэнт бид эмчилгээ хийж эхэлсэн болохоор судалгаа хийж, үр дүнг нь танилцуулах боломж гарна гэж найдаж байна.
-Манба дацан олон улсын стандарт шаардлага хангасан шинэ эмийн үйлдвэртэй болно гэж байсан. Энэ үйлдвэрээ ашиглалтад оруулж амжсан уу, ер нь эмийн нөөц хэр байгаа вэ?
-Манба дацан 30 жил ажиллаж байгаа эмийн үйлдвэр. 180 орчим эмийг улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн, тусгай зөвшөөрөлтэй эмүүдээр иргэддээ үйлчилж байгаа. Энэ жил тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн. Шинэ эмийн үйлдвэр хөл хорионоос болоод хойшилсон. Бэлтгэл хангаад явж байна.
-Танайхан халдварт нянгаас сэргийлэх “Очир” сахиусыг тусгай тарни, зан үйл, бясалгалын аргаар гаргаж авсан гэсэн. Сахиус, эм тан захиалбал хүргэлтээр авах боломж байдаг уу?
-Хүргэнэ гэхэд хэцүү. Олон тоогоор хийхэд цаг хугацаа орно, хүн хүч шаардана. Арав гаруй жилийн өмнө би хар үрэл хийж, хүн амьтанд өгөөд, олон хүнд тусалж байлаа. Нийтэд хэлээдэхсэн чинь урдаас зарим нь ус цацаад байхаар нь нэг хэсэг больсон. Тэгтэл бас яая даа гэсэн хүмүүс байна. Үнэхээр хэрэглэчихье гэсэн хүмүүст бага багаар хийж өгч л байна. Ойр зуурын хэрэгцээндээ зориулаад ковидын эсрэг хоёр янзын утлага гаргасан. Тэр бол халдварт өвчин, ад тотгорын муу нөлөөг ариусгаж, хамгаалдаг. Ажилтнууддаа өгсөн, гэр орон үр хүүхдээ ариулж бай гэсэн. Нарийн шүн, орц норм, онолтой. Тарни номыг нь уншиж хүчин чадлыг нь нэмдэг аргачлал бий. Бид бас халдварт өвчнөөс хамгаалдаг тарни гаргаж өгсөн. Саяхан надад нэг хүн хэлж байна лээ. “Та Маналын тарнийг сайн уншиж бай гэдэг. Би ковид тусаад цаг болгон Маналын тарни тооллоо. Цай, ус руугаа үлээгээд, хамар амаа зайлж уугаад байсан чинь цуг орсон хүмүүсээсээ хамгийн түрүүнд эдгээд гарчихлаа шүү. Энэ чинь их тустай юм байна шүү” гэж утсаар ярьсан. Монголчууддаа та нар маань тарни уншаарай. Өөд өөдөөсөө харж суугаад засал номоо хийлгээрэй гэж хэлье. Тусгай утлага нь олдвол түүгээрээ ариулаад яваарай. Хамар ам цэвэрлээд явах эмчилгээний тангууд байна. Бид түүгээр хүмүүсийн ам хамрыг зайлуулж байгаа. Энэ их үр дүнтэй гэдгийг хараад л байгаа юм. Энэ халдварт өвчин цаанаа ад тотгорын хорлолтой шүү. Шөнө орой битгий их яв. Ажил руугаа яваад, халдвар хамгааллын дэглэмээ бариад, гадуур их явахгүй, олны дунд орохгүй, архи дарс уухгүй, дахиад хэдэн сар тэвчье л дээ. Хэсэг хугацааны дараа вакцин ороод ирнэ биз. Энэ муухай өвчнөөс салаад, үхэр жилдээ амар амгаланг эдэлье. Бүгдээрээ нурууны ачаа, сэтгэлийнхээ ачааг аваад хаячихмаар л байна шүү дээ.
-Хүмүүс гэртээ байгаа болохоор жин нэмэх асуудал болоод байна л даа. Олон хүн 108 удаа мөргөж байна. Үр дүнг нь ч мэдэрч эхэлсэн байх. Жингээ барих асуудлаар та юу зөвлөх вэ?
-Хуучин мартагдсан юм шинэ юм байдаг гэдэг. Олон жилийн өмнө Манба дацангаас мөргөлийг ард түмний хүртээл болговол буянтай юм даа гээд мөргөлийн талаар ярьж эхэлсэн л дээ. Г.Одонцэцэг доктор хүмүүст таниулаад, одоо мөргөл олны дунд гадаад дотоодгүй түглээ. Солонгосууд хүртэл монголчуудад мөргөл зааж байна гэсэн шүү (инээв). 108 мөргөх нь зөвхөн жин хасахаас гадна эрүүл амьдрахын нэг хэлбэр шүү. Мөргөлөө сайхан хийж байх хэрэгтэй байна. Жингээ барихын тулд бас хоол ундандаа анхаараарай. Замбараагүй их юм идэх хэрэггүй. Олон юм холих хэрэггүй. Дарсан, нөөшилсөн хүнс байнга хэрэглэх нь тусгүй байна. Би бол монгол маягаараа л хооллодог хүн шүү.
-Та юу идэж байна?
-Шөлтэй хоол, монголчуудын гэртээ хийж иддэг энгийн хоолнуудыг л иддэг. Бага иддэг хүн л дээ. Хоолондоо анхаарч бас ус их уудгаа болих хэрэгтэй. Ус их уухаар ходоодны галын илчийг дардаг юм. Таргалалт гэдэг ходоод чинь ачааллаа дийлэхээ байлаа гэдэг шинж тэмдэг шүү. Ходоодны галын илч муудсан гэсэн үг. Хоолоо зөв тохируулаад, мөргөл хийж байгаа тохиолдолд ходоодны галын илч сайжруулдаг монгол эм тангууд бий. Тэрийг уугаад эрүүлжиж болно. Манай эрүүл мэндийн салбарынхан уламжлалт анагаах ухааны эрүүл орших ухааныг ард түмэндээ зааж, халдварт, халдварт бус өвчнөө төгс эдгээж байвал дараа дараагийн өвчний зовлон гарахгүй. Тэгэхгүй хүчтэй антибиотикоор дараад, нөгөөдөх нь архагшиж, дараагийн эрхтэнд нөлөөлөөд байна. Ерээд оноос өмнө ийм олон хүн өвддөггүй байсан юм шүү. Үүний эх үүсвэр нь хоол унд. Ялангуяа эрэгтэй, эмэгтэйгүй архи ууж байна. Өөрсдийгөө хорлож байна. Хүн эрүүл байх эсэх нь өөрөөс нь хамгийн их шалтгаална. Үхэл нь ирсэн бол мянган бурхан хүрээлсэн ч дийлдэггүй юм шүү.
-Дашрамд нэг зүйл сонирхъё. Таныг олж уулзах амаргүй байдаг. Байнга л хүн үзэж байдаг. Танд өөрийгөө хамгаалах өвөрмөц арга байдаг уу?
-Түрүүн хэлсэн халдвараас хамгаалдаг утлага хэрэглэдэг. Утдаг, зүүдэг хоёр хэлбэртэй. Түүнийгээ зүүсэн. Хоёрт нь би тэр уугиулдаг юмыг сайн уугиулдаг. Гуравт нь өдөр тутам тарни номоо уншина. Бурхан Гончигсүмтэй хамтдаа буян номынхоо ажлыг хийгээд, өвдчихгүй юмсан гэж залбирч явдаг. Түүнийгээ дагаад гайгүй л байна шүү дээ, хөөрхий.
-Хамаг амьтан халдвартай газраас холхон байхыг хичээж байхад та л “Фронтод явах өргөдөл” гэдэг киноны баатар шиг дайны талбар руу, тэргүүн шугам руу зүтгээд байдаг. Уламжлалтын эмч нар, лам хуврагууд олон байдаг ч тан шиг коронавирустэй хүн эмчилье гэж зүтгэж байгаа нь дуулдаагүй. Юу таныг зоригжуулдаг вэ?
-Би уламжлалтын эмч нартаа итгэл найдвар өгч байгаа гэж бодож байна. Зоригоос гадна надад мэдлэг байгаа юм. Үзсэн ном мэдлэгтээ итгэлтэй байна. Элэгний вирусээс авахуулаад олон вирустэй хүн эмчилж байсан. Ер нь уламжлалтын эмч нар бодисадваагийн явдалтай. Бодисадваа нар хаана зовлон байна тэр рүү оръё л гэдэг. Амьтны тусын тулд явж байгаад амиа алдсан ч буян болно гэж боддог юм. Бодисадвагийн сэтгэл намайг гижигдээд байгаа хэрэг. “Амьтанд тус болооч дээ” гэсэн багш нарын, бурхадын зарлиг байна. Гайхалтай олон ном үзсэн. Би уг нь өөрөө оръё гэсэн чинь 55 наснаас дээш гарсан байна гээд татгалзсан. Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлд ажилладаг учраас зөвлөх ажлаа хий гэсэн. Гэсэн ч эмч нартайгаа холбоотой байна. Заримдаа шөнө хоёр цагт эмч нартайгаа ярьж байна. Зарим өвчтөнтэй холбогддог. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж үг бий.