Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өглөөний мэнд…!!!

Уржигдар. 2021 оны хоёрдугаар сарын 1. Шинэ Засгийн газрын ажлын анхны өдөр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд бус ОБЕГ, УОК-ын Шуурхай штабт ажлаа эхлүүлэв.

Ерөнхий сайдтай хамт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар очжээ. Коронавируст цар тахалтай тэмцэх ажлын удирдлагын голыг тэндээс нугалдаг. Тийм болохоор Ерөнхий сайд ажлынхаа эхний өдрийн өглөө эрт тавьж очсон бололтой.

Улс, аймгуудын Онцгой комиссын мэдээллийг сонслоо. Аймаг орон нутгуудын удирдлагатай онлайн хурал хийлээ. Зарим аймгийн удирдлага байгаагүй гэх мэтийн юм гарч харагдсан.

Үндсэндээ бэлэн байдал тэнд үнэлэгдсэн болов уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллүүдийг сонсчихоод “Анхан дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. Үүн дээр Шадар сайд онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар, УОК, Шуурхай штаб бие бие рүүгээ алдаагаа чихдэг. Цар тахал ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш. Цар тахал бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, боловсролын асуудал. Та бүхний ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш байгаа учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрсдөө дагахаас эхэлнэ. Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулна гэж тусгаарласан байранд хөзөр тоглож гаднаас архи, тамхи худалдаж авсан асуудал гарсан. Энэ бүх зүйл анхан шатан дээрээ очоод ажил замхардгийн тод жишээ болсон шүү.

Хотын төвд ажил маш сайн, гэр хороололд тааруу байсан. УОК, Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, НОК нэг мотортой ажиллах хэрэгтэй. Хөдөлгүүр чинь доголдоод байна. Хамгийн мэдээлэлтэй нэг хүн нь л мэдээллээ өг. Бүгд зурагтаар гарах дуртай. Энэ тэнд очоод ярилцлага өгнө, тоонууд нь зөрнө. Яаж энэ дундаас иргэд нэгдсэн ойлголт авах юм бэ. Одоо бие бие рүүгээ алдаагаа чихэхээ больцгоо.

Асуудал цогц гэдгээ маш сайн ойлго. Иргэндээ үйлчлэх сэтгэл зүйтэй бай. Иргэдээс ямар ч сэтгэл зүй гарч болно. Би Ерөнхий сайдын хувьд жижиг асуудал ч гаргахгүй, бүхнийг анхаарч ажиллах болно.

ХӨСҮТ-ийн бохирыг яаж гаргаж байгаагаас эхлээд гэнэтийн шалгалт хийнэ. Үүнийг Шадар сайд очиж шалгах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид том шийдвэрүүдээ зөв гаргаад жижиг зүйлүүд дээр алдсан. Анхан дунд шатанд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй назгай, сэтгэлгүй, хүнлэг бус байдлаас олсон. Вакцинжуулалтын ажилд одооноос бэлтгэлтэй байгаарай. Хадгалалт болон зохион байгуулалтын ажилд алдаа гарах вий. Тусгаарлах байр нийтийн 00-той газар бүтэхгүй шүү.

Эрүүл мэндийн салбарынхан хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Шуурхай штабынхантайгаа ойлголцож ажилла. Шадар сайд Шуурхай штабаа удирдаад явсан нь дээр.

Би ЗГХЭГ-т ажиллаж байхдаа бүх зүйл ярьснаас өөр гэдгийг харсан. 120 гаруй хүнтэй яаманд яг ажилладаг нь 25-30 хүн л байдаг юм билээ. Өнөөдөр ч гэсэн энд маш ачаалалтай ажиллаж байгаа хүн хэд байна, ирээд царайгаа харуулчихаад явдаг хүн хэд байна. 14 хоногийн дараа би дахиж ирнэ. Энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдсөнийг харна. Шадар сайд аа, дунд, доод шатны менежмэнтийг сайжруул. Зөвхөн өрөөндөө хурал хийхээс илүү энэ хүмүүсийн дунд нь бай, амьдар” гэсэн үүргийг өглөө.

Өнөөдрөөс УОК-ын Шуурхай штабыг Шадар сайд С.Амарсайхан удирдахаар болж байх шиг байна. Мөн бидний яриад заншчихсан “11-ийн мэдээ”-нд өөрчлөлт орох бололтой.

Түүнчлэн тусгаарлах байрны зохион байгуулалт, үйлчилгээ, бусад зүйл дээр илүү анхаарал тавигдахаар болж байна.

Явж явж өнгөрсөн хугацаанд ирсэн цар тахалтай тэмцэх ажилд илүү нарийн зохион байгуулалттай болох шинжтэй байна.

Хамгийн гол нэг асуудал бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улам тараад байгаа цар тахлыг ямар “гар”-аар зохицуулах вэ гэдэг сонин байгаа юм. Хатуу хөл хорио тогтоож чангалах уу, аль эсвэл амьдралыг үргэлжлүүлж, иргэдээс дэглэмээ барихыг шаардах уу. Өөрийнх нь “Давс мэт шорвог шийдвэр гаргана шүү” гэж томилогдохдоо ахин дахин хэлж байсныг нь бодвол өнөө маргаашгүй хатуу хөл хориог тогтоож эхлэхээр байгаа юм. Харин танхимынх нь зарим сайдын ярианаас үзвэл амьдрал хэвийн үргэлжилж, “зөөлөн хүч”-ний аргаар тэмцэж мэдэхээр байна.

Ингэж хэлэхийн учир нь тэрээр өчигдөр өглөө мөн л өрөөндөө очсонгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт барилгын салбарынхантай уулзлаа. Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан,санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.Энэ салбарт асуудал их ажээ. Тухайлбал, “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд “Бид бизнесээ томруулахын тулд заавал төлөөний хүнээ Засгийн газрын бүтцэд, эсвэл УИХ-д оруулж, тэнд оффистой болох ёстой юм уу. Ингэвэл бизнес томорч, тогтвортой ажиллаад байх шиг. Тэгэхээр энд сууж буй бүх хүмүүс УИХ-д дэвшвэл энэ улс орон яах юм. Бид ажлаа хийгээд өөрийн сайхан мөртэй амьдрахыг хүсч байна. Гэтэл зах зээл, өрсөлдөөн өөрөө шударга биш байна. Мөн томоохон бүтээн байгуулалтыг хийхэд үндэсний үйлдвэрлэлд хамгийн том дарамт НӨАТ. Бүх үндэсний үйлдвэр, барилгын салбар НӨАТ-ын өрөнд орлоо” гэж байв. Мөн Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан “Зах зээлд баригдаж байгаа нийт орон сууцны 50 хувийг түрээсийн орон сууц хэлбэрт оруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр өнгөрсөн хоёр жилийн турш манай барилгын үндэсний ассоциаци анхаарч, 5-6 компани санаачилсан түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Товчхон хэлэхэд, түрээсийн орон сууцны сан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид төр, хувийн хэвшлийн хэлбэрийг сонгоход “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” гээд аятайхан механизм байна. Энэ хэлбэрийг ашиглавал нэг талаас нээлттэй ил тод, нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хоорондын түншлэлийг хяналтын механизмаар зохицуулах боломжтой” гэв.Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус I, II, III хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ.

Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно” гэснээ ажлынхаа эхний өдрүүдэд дагалаа. Ер нь бол Ерөнхий сайдын энэ “Өглөөний мэнд…” гэдэг арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлбэл зүгээр юм. Өрөөндөө суугаад даргын ажлыг хийдэг хүмүүс ингэж өөрчлөгдвөл гоё. Ерөөсөө тэр гоё жишиг тогтоож байна. Хамгийн чухал нь Монгол Улсын Ерөнхий сайд ингээд нээлттэй, бодит байдлыг хүргээд, явж ажиллаж байгаа нь зөв санагдлаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *