Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтооно

Улсын онцгой комисс өчигдөр 18:00 цагт хуралдаж, асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Нийслэлд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох эсэх асуудалд шийдэлд хүрч чадаагүй учир, өнөөдөр дахин хуралдаж энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтооно гэв.

Энэ сарын 11-ний өдөр Сар шинийн битүүний өдөр таарч байна. КОВИД 19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд нийслэлд олон голомтод эрчимтэй тархаж буй тул халдварыг нийслэлээс орон нутаг руу тархаахгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.

Шадар сайд С.Амарсайхан шийдвэрээ танилцуулж байна:

Тэрээр, Засгийн газар цар тахлыг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна. Бид ойрын хугацаанд цогц хөтөлбөрөө танилцуулна. Үүнд ажлын байрыг хэрхэн авч үлдэх, эдийн засгаа хэрхэн сэргээх, боловсролын салбарыг хэрхэн хэвийн үргэлжлүүлэх гэх мэт олон талын асуудлыг багтаасан. Иргэн, ААН-үүдийн хүлээх үүрэг улам тодорхой болно. Эдгээрийг дагаж мөрдөхөд ямар журам хэрэгжүүлэх, ямар стандартууд мөрдөх, хэн ямар ажил зохион байгуулах вэ гэдэг нь илүү тодорхой болно. Ажил шийдвэр бүр эзэнтэй болно. Ингэснээр гарах үр дүн тодорхой болох юм. Төлөвлөгөөг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Цагаан сараар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул энэ шийдвэрийг гаргалаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарынхны математик тооцоолол, МУИС-ийн багш нарын зөвлөгөөнд үндэслэн энэ шийдвэрийг гаргалаа. Баяраар бид золгож, хөөрөг зөрүүлэх нь ихээхэн эрсдэлтэй.

Сар шинийн баярыг тохиолдуулан цар тахлын зарим голомтыг хумих шаардлага үүслээ. Ингэснээр цаашдаа ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Бид цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. Иргэн, төрийн байгууллага, бизнесийн салбарын харилцан уялдааг анхаарна.

Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.

Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *