Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдний өнгөрийг цэвэрлэж, угаах арга юм.
Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогын тасгийн сувилагч Д.Одсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.
Шүд угаах нь шүдний сойз хэрэглэн механикаар өнгөр болон хоолны үлдэгдлийг цэвэрлэх арга юм. Шүдийг хоол идсэний дараа мөн унтахын өмнө заавал угаах шаардлагатай.
Ялангуяа унтах үед шүлс ялгарах хэмжээ багасдаг тул хоолны үлдэгдэл хуримтлагдах нь хялбар байдаг учраас заавал шүдээ угаах хэрэгтэй.
Хүүхдийн өсөлт хөгжлийн үе шат бүрт тохируулж шүд угаах арга:
- Сүүн үүдэн шүд шүдлэх үе (1-2 нас)
-Асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа сойзыг хэрэглэхэд бага багаар дасгаж эхлэнэ. Зургаан сартайгаас шүдийг фтортой хүүхдийн оогоор өдөрт нэг удаа угаана.
Ооны хэмжээ: 0.05 – 0.1 гр байна.
2) Сүүн араа шүд шүдлэх үе (2-3 нас)
-Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө.
Үүнийг хэвтүүлэн угаах арга гэдэг. Сүүн шүд бүрэн шүдлэсний дараа хүүхдийн фтортой шүдний оогоор өдөрт хоёр удаа угаана.
Ооны хэмжээ: 0.25 гр байна.
3) Сүүн шүдний эгнээний үе (3-5 нас)
-Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнө угаах нь үр дүнтэй. Асран хамгаалагч нь хянаж, дутууг нь гүйцэд угааж өгнө. Энэ үед угаахад хялбар байлгахын тулд хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байлгах нь чухал. Хүүхдийн фтортой шүдний оогоор өдөрт хоёр удаа угаана.
Ооны хэмжээ: (0.25 гр)
4) Байнгын шүд шүдлэх үе (6-8 нас)
-Ялангуяа шүдлэж байгаа нэгдүгээр их араа шүдийг угаах арга чухал ач холбогдолтой. Уруулын булантай 45 хэмээр байрласан өнцгөөр шүдний сойзыг байрлуулан үсийг нь шүдэнд бүрэн хүрэлцүүлж угаана. Өнгөр илрүүлэх будагч бодис хэрэглэх нь зүйтэй. Фтортой шүдний оогоор өдөрт хоёр удаа угаана.
Д.Отгонтуяа