“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм менежмэнтийн бүрэлдэхүүнээ өөрчилснөө зарлалаа. “Рио”-гийн шинэ удирдлага Зэсийн группийн ерөнхий захирлаар Б.Болдыг томилсон нь олны анхааралд байна. Якоб Стаусхолм “Би Рио Тинтог нутгийн ард иргэд, Засгийн газрууд болон бусад гол оролцогч талуудтай харилцан итгэлцсэн түншлэлийг бий болгосон компанийн хувиар дахин бүтээмээр байна” хэмээн онцолжээ. “Блүүмбэрг” түүний энэ мэдэгдлийг “Зөрчилдөөн, маргаан ихтэй байгаа төслүүддээ “Рио Тинто”-ийн нэр хүндийг сэргээхэд анхаарна гэсэн санаа харагдаж байна” гэж тайлбарлажээ. Зэсийн групп Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж, төслүүд хэрэгжүүлдэг юм.
Хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ тухайд Б.Болд “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг. Монгол Улсын иргэний хувьд Рио тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортойхарилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюу толгой бол Рио Тинто болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэж хэллээ. Мөн тэрээр “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсч буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстай хамтран ажиллаж, Оюу толгойн дэлхийд өрсөлдөх гүнийуурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.
Б.Болдын тухайд одоогоос найман жилийн өмнө “Rио тинто”-ийн Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр томилогдож байсан билээ. Харин 2015 оноос “Рио Тинто”-ийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр, маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар томилогдсон юм. Үүнээс жилийн дараа түүнийг “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар томилж байв. Тэрээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн тоонд багтаж байсан удаатай. Б.Болд “Рио”-д ажиллахынхаа өмнө 1999-2007 онд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Дараа нь эх орондоо ирж 2009-2011 онд “NewCom” группийн гүйцэтгэх захирал, 2010-2012 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн захирал, 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан юм.
“Рио Тинто” Хөнгөн цагаан, Зэс, Төмрийн хүдэр болон Эрдсийн групп гэсэн бизнесийн бүтцээ хадгалахаар болжээ. Зэсийн группт харьяалагдаж байсан очир эрдэнийн бизнесийг Эрдсийн групптэй нэгтгэхээр болсноо зарлаад байна. Дашрамд онцлоход, өмнө нь Монголын Засгийн газартай хийх гол яриа хэлэлцээг ахалж явсан Арнауд Суарат “Рио Тинто”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал болжээ.
“Рио”-гийн зүгээс удирдлагын багаа шинэчилснээ “Компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхэд илүү их анхаарал хандуулахыг зорьж байна” хэмээн тайлбарлажээ.