УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат нар Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960 оны Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болохыг тунхагла, нэгэн зууны туршид нэг намаас олон намын тогтолцоо руу шилжин төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан нь нийгэм, төрийн удирдлагад улс төрийн нам гол үүрэг гүйцэтгэсэн.
Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдаж, энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар, нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.