УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн Цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Авч байгаа арга хэмжээ бүгдийг сайхан хийчихнэ гэхэд хэцүү. Шулуухан хэлэхэд, ломбардын талаарх тодорхой мэдээлэл, судалгаа алга. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, ШӨХТГ-аас хамтарсан шалгалтыг ломбардуудад хийсэн байдаг. Ломбардуудын бүртгэлийн үйл ажиллагаа тодорхой биш байгаа.
Тэдний зөвхөн 25 хувь нь л татвар төлдөг гэж Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Ломбардуудад бүртгэлгүй мөнгө эргэлдэж байгаа учраас төр тусгай зөвшөөрөл олгодог байх ёстой.
Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар гэв гэнэт нэг өглөө босоод шийдээгүй юм. Холбогдох байгууллагуудтай судалгаа, тооцоог удаан хугацаанд нарийвчлан хийж ирсэн. Хуулийн төслийг бид тал талаас нь ярих ёстой. Заналхийлэл, сүрдүүлэг ирвэл хуулийн хариуцлагыг ярих ёстой. Монголын төр зоримог байх ёстой” гэв.