Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Нямдолжин: ОХУ-д шударга сонгууль, хараат бус шүүх, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг тэмцэл дутагдаж байгаагийн тод илрэл юм

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Нямдолжинтой ярилцлаа.


-ОХУ-д сүүлийн хэдэн жил болж байгаагүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсаалын шалтгаан, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Өргөн хүрээг хамарсан гэдэг утгаар нь тэгж хэлж болох ч 2019 онд болсон эсэргүүцлийн жагсаал цуглаан мөн л олон мянган хүнийг хамарсан байсан.

Энэ удаагийн буюу нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалыг Авлигатай тэмцэх сангаас зарлан зохион байгуулсан. Тус сан нь Оросын сөрөг хүчний удирдагч, улс төр, нийгмийн зүтгэлтэн А.Навальный 2011 онд Оросын төр, засгийн эрх мэдэлтнүүдийн авлига, хээл хахуулийг мөрдөн илрүүлэх үндсэн үүрэгтэйгээр байгуулсан сан юм. Жагсаал болох гол шалтгаан бол А.Навальныйг Германаас ирэхэд шууд онгоцны буудлаас түүнд оногдуулсан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн гэх үндэслэлээр баривчлан 30 хоног саатуулах болсонтой холбоотой. Түүнчлэн тэрээр баривчлагдсанаасаа хойш хоёр хоногийн дараа “Путины ордон: хамгийн том хээл хахуулийн түүх” нэртэй эрэн сурвалжлах баримтат киног гаргаж тавьсан нь youtube-д 84,7 сая тандалт авч ихээхэн шуугиан тариад байгаа юм. Тус жагсаал цуглаан Оросын 122 хотуудад болсон төдийгүй Амстердам, Гааг, Праг, Нью-Йорк, Мадрид, Барселон, Берлин, Париж, Лондон, Стокхольм, Тел-Авив, Киев, Тбилис гэх мэт хотуудад Оросын Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал цуглаан болж өнгөрлөө. Дэлхийн нийтийн цар тахлыг үл ойшоон Москва хотод л гэхэд 50 мянган хүн цугларсан бол Якутийн жагсагчид 50 хэмийн хүйтэнд “Навальныйг сулла” гэсэн пайз гартаа барьж, Саха Якутыг дээрэмдэн тонож байгааг болон тэтгэврийн насыг нэмснийг эсэргүүцэн жагслаа. Нийт Орос даяар Авлигатай тэмцэх сангийн мэдээлж байгаагаар 250-300 мянган хүн жагсаалд оролцсон байна. Тэдгээрээс 3400 хүнийг баривчилсны дотор А.Навальныйгийн эхнэр Юлия Навальный байсан бөгөөд хэдэн цагийн дараа сулласан. Эсэргүүцлийн жагсаалыг Оросын засгийн газрын зүгээс зөвшөөрөлгүй хэмээн үзсэн учир цагдаа нар хүчээр тараах оролдлого хийж, хүч хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо баривчлагдсан хүмүүсийн тооноос давсан байна.

ОХУ-д болж байсан өмнөх жагсаал цуглаанууд нь Оросын төрийн ДУМ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагссан байдаг. Тэгэхээр Орост шударга сонгууль, улс төрийн нөлөөллөөс хараат бус шүүхийн тогтолцоо, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг хийж буй тууштай тэмцэл дутагдаж байгаагийн нэг тод илрэл гэж хэлж болно. Орос орны ардчилсан нийгэмд шилжсэн шилжилтийг Б.Ельцин “олигархийн капитализм” руу гажуудуулж, зах зээлийн эдийн засгийн үр шимийг цөөн тооны олигархиуд хүртэх болсон төдийгүй тэд ардчиллыг бүхэлд нь худалдан авч, төр зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалах төдий зүйл болсон. Харин В.Путин засгийн эрхэнд гарснаар олигархиудыг хязгаарлах бодлого явуулж эхэлсэн боловч энэ нь нөгөө талдаа “бюрократын капитализм”-ыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, баялгийг зах зээл бус төр хуваарилан шийдэж, төртэй холбогдохгүйгээр бизнес баталгаагүй, эрсдэлтэй болсон бөгөөд зах зээл дээр ашигтай бизнесийг төр л хийх ёстой гэж ойлгоход хүргэсэн. Иймээс Оросын ард түмэн, хээл хахууль, газрын тосны экспортоос хамааралтай сул дорой эдийн засгаас залхсаныг нэг талаасаа харуулж байгаа бол нөгөө талаасаа, Оросын иргэний ухамсар ийн өөрчлөгдсөнд Оросын нийгэм шинэ уур амьсгал, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсч байгааг харуулж байна.

-Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный тухай олон мэдээдэл цацагдаж байна?

-Алексей Навальный эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1998 онд Оросын улс түмний найрамдлын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний улс төрийн идэвх 2000 онд “Яблоко” намд элсэж, тус намын улс төрийн зөвлөлийн гишүүн болсноор эхэлсэн гэж хэлж болно. 2008 оноос “Оросын үндэсний хөдөлгөөн”, “Аугаа их Орос”, “Ард түмэн”, “Тийм” зэрэг хөдөлгөөнүүдийн хамтран үүсгэн байгуулж, улмаар “Авлигатай тэмцэх сан” байгуулан авлига хээл хахуультай тэмцэж байна. Тэрээр өөрийн үйл ажиллагаагаа youtube болон өөрийн блогоороо дамжуулан явуулдаг тиймдээ ч ерөнхийлөгч В.Путин түүний нэрийг дурддаггүй бөгөөд “нэрт блогчин” хэмээн нэрлэдэг. Тэрээр 2011 оны ОХУ-ын төрийн ДУМ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулснаас хойш Орост төдийгүй барууныхны дунд ихээхэн танил болсон. Оросын эрх баригчид түүнийг АНУ-ын Тагнуулын төв газрын агент, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Соросын сангаас санхүүждэг хэмээн үздэг. Тэрээр 2013 онд Москва хотын даргын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо 2016 онд зарласан боловч түүнийг “Кировлес”-ийн хэрэгт буруутгасан учир Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцуулахаас татгалзсан. Энэ удаа түүнийг баривчлах болсон шалтгаан нь “Ив роше”-гийн хэрэгтэй холбогдуулан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн хэмээн үзсэн. 2012 онд А.Навальный өөрийн төрсөн дүү болох Олег Навальныйтай хамтран Францын “Ив роше” фирмийн охин компанийг байгуулсан бөгөөд энэ компани мөнгө угааж байна гэж Оросын хуулийн байгууллага үзсэн учир дүү Олегт 3,5 жилийн хорих ял оноож, харин Навальныйд тэнсэн харгалзах ял оногдуулсан. Энэ тэнсэн харгалзах ялын нөхцөл 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусч байсан.

-Оросын үйл явдлыг бусад улс орнууд ч анхаарч, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна?

-АНУ болон ЕХ- ны зүгээс Оросын эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасныг буруушааж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс “ОХУ-ын хотуудад болсон жагсаалын үеэр Оросын эрх баригчид жагсагчид болон сэтгүүлчдэд хэтэрхий хатуу, харгис хандсанд АНУ эрс буруушааж байна. Энэ нь иргэний нийгэм, хүний үндсэн эрх чөлөөг цаашид хязгаарлаж байна” гэж үзсэн. Үндсэн эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсэн олон зуун хүнийг нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалж байна. ЕХ-ны зүгээс Оросын эдийн засгийн салбаруудад биш, эрх мэдэлтнүүдэд хориг арга хэмжээ авна. Учир нь эдийн засгийн салбарт хориг тавьснаар Оросын иргэдэд муугаар нөлөөлнө гэж харж байна” гэх мэтээр барууныхан байр сууриа илэрхийлж байна.

-Хойд хөршид нөхцөл байдал тогтворгүй байх нь манай улсад ямар нөлөөтэй вэ?

-Манай улсын хувьд Оросын нийгэм тогтвортой байх нь юу юунаас чухал. Гэхдээ энэ жагсаал цуглаан анх удаа болж байгаа зүйл биш. Тиймээс Оросын дотоодод болж байгаа энэ үйл явдал шууд утгаараа Монголд нөлөөлөхгүй гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *