Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Түмэн асуудалтай тулах Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар зарлагдлаа. Одоо түүний хэн байсан нь чухал биш болов. Тэр одоо төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг тэргүүлэхээр боллоо.

Монголын улс төрд ид яваа идэвхтэй, нөлөөтэй улстөрчдийг бодвол Л.Оюун-Эрдэнэ залуу хүн. Гэхдээ сүүлийн жилүүд дэх хөдөлгөөнөөрөө бол их дээгүүр бичигдэнэ.

Тэгээд ч ЗГХЭГ-ын дарга байсны хувьд Ерөнхий сайдын ажил арай ойр байж мэднэ. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ гэх 41 настай улстөрч Монгол Улсын Ерөнхий сайд болж, халуунтай, хүйтэнтэй улаан нүүрээрээ тулах болж байна.

Ерөнхий сайд болно гэдэг нэг талаар тавилан юм. Харин нөгөө талдаа асар хариуцлага, тэр дундаа өнөөдрийн Ерөнхий сайдын хувьд амар биш байх болно. Ерөөс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод түмэн асуудалтай нүүр тулна.

Улс орон хүнд байна. Олон улсын нөхцөл байдал ч амаргүй байна.

Нэг. Нэн тэргүүний асуудал бол коронавируст цар тахал юм. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдварын 1627 тохиолдол бүртгэгдлээ. Ер нь коронавируст цар тахалтай тэмцэх ажил үндсэндээ замбараа муутай явж ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын унасан нь энэ “хойд хар овоохой”-той холбоотой. Удирдлагын менежмэнт, төвлөрөлт муу, хариуцлагын асуудал олон удаа яригдсан, коронавируст цар тахалтай тэмцэх ажилд хөрөнгө мөнгийг зөв зүйтэй зарцуулсанд олон нийт эргэлзсэн зэрэг ээдрээтэй асуудал олон бий дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд цар тахлын голомтыг хумьж, дэгдэлтийг дарж авах нь чухал болоод байна. Тэгээд дараа нь энэ тахлыг дарах ажилд гарсан хөрөнгө мөнгөний асуудлыг шалгаж, зүй бусаар зарцуулсан хувьдаа завшсан этгээд гарвал хариуцлагыг тултал тооцох ёстой.

Хоёр. Оюу толгойн хэлэлцээр юу болж дуусах вэ гэдэг чухал. Магадгүй, Монгол Улсын хэтэд үзүүлэх нөлөөгөөрөө коронавируст цар тахалтай ч дүйцэж мэднэ. Засгийн газар Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа ахалж байв. Үнэнийг хэлэхэд “Рио Тинто” Засгийн газрын тавьсан санал ч гэх үү, шаардлага ч гэх үү зүйлд “салаавч” өгч байгаа юм. Манай талаас “155 сая ам.долларын татвараа төл” гэсэн. “Рио Тинто”-тай Олон улсын арбитрын шүүхээр заргалдаж байна. Засгийн газар бас Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ гээд бүгд дээр нь эргэж харах шаардлага тавьжээ. Харин “Рио Тинто” эдгээртэй санал нийлэхгүй байгаа аж. Хэлэлцээрүүдийн байдал, олон улсад түгээж буй Монгол Улсын талаарх таагүй мэдээллүүдээс харагдана. Энэ нь Монгол дахь “Рио Тинто”-г дэмжигчдээр ч бас дамжиж илэрч байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд “Рио Тинто”-гийн удирдах зөвлөлийн түвшинд Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадахгүй байсан “Оюу толгой” төслийг удирдаж байсан захирлаа сольсон. Ойлголцох сонирхолтой гэсэн мэдээлэл бий. Харин яаж гэдэг нь одоогоор бүрхэг байна.

Ер нь тэгээд Монголын улстөрчид “Рио Тинто”-д үйлчилдэг, тэдний эрх ашгийг хангаж хүлээн зөвшөөрсөөр ирсэн гэдэг хэнд ч ойлгомжтой байдаг. Арав гаруй жил яригдлаа. Энэ хооронд нэг ч өөрчлөлт, хөдөлгөөн ороогүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа Оюу толгой ордын үр өгөөжийг “Рио Тинто”-д хэвээр үлдээх үү, эсвэл Монгол Улсад ашигтайгаар эргүүлж чадах уу гэдэг том сорилттой тулж байгаа юм.

Гурав. Улсын эдийн засаг уналттай байна. Коронавируст цар тахлын нөлөөлөл өмнө нь тооцоологдоогүй эрсдэл ч гэлээ Засгийн газар үүн дээр сайн менежмэнт хийх шаардлаг тулгараад байгаа юм. Хамгийн түрүүнд Монголын эдийн засгийн тулгуур болсон нүүрсний экспортын хэмжээ нэлээд муудсан. Цаашлаад худалдаа, тээвэр, уул уурхай, үйлчилгээний салбарын борлуулалтад сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Бүр огцом уналтыг үзүүлээд байна.

Статистикаас харахад улсын нэгдсэн төсвийн орлого, экспорт, импорт, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа, аялал жуулчлалын салбар уруудаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл, улсын нэгдсэн төсвийн зарлага, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо өссөн байгаа юм.

Дээр хэлсэнчлэн коронавируст цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт оруулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум, “Эрдэнэс Таван толгой”-оос 69 тэрбум төгрөгийн цахилгаан дулаан, шахмал түлшний хөнгөлөлтөд зарцуулсан. Эдгээр нь эргээд эдийн засгийн ачаа болно гэсэн үг.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалтад ороод гарсан. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн. Үүнийг манай эдийн засагчид ч, олон улсын байгууллага ч хэлдэг. Монгол Улсын гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм. 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр төлнө. Ирэх жилүүдэд дэлхий нийтээр эдийн засгийн уналт үргэлжилнэ. Монгол Улс ямар бодлого барих вэ, ирэх хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг бас Л.Оюун-Эрдэнийн томоос том асуудал, бас ачаа мөн.

Дөрөв. Монголын улс төрийн маш тогтворгүй үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болж байна. Энэ нь коронавируст цар тахал хийгээд 2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой. Сонгууль болоход ердөө дөрвөн сар гаруйхны хугацаа үлдээд байна. Аливаа улс төрийн тогтворгүй байдлын цохилт нь хамгийн түрүүнд Засгийн газарт ирдэг. Тэр жишээгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар нурчих шиг болсон.

Тиймээс үүнийг төрийн институциуд, эсвэл улс төрийн хүчнүүдийн зөрчлийн аль нь гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан энэ байдал үлдэх хэдэн сард хүндэрч мэдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын шууд тулах жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл ч гаарахыг үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж тогтвортой ажиллах вэ гэдэг дээр бас ухаан зарах хэрэгтэй болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тулах эхний хэдэн асуудал нь энэ. Бүтэн улс байтугай ганц хүнд асуудал мунддаггүй. Тэр жишгээр Монголын зовлон жаргал дуусахгүй нь тодорхой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн энэ сорилт, ачаануудыг дааж чадах уу. Түүний том улс төрд орж ирээд хийсэн зүйлүүдийг харвал бас л гэж басч болохооргүй. Итгэж болохоор улстөрч харагддаг.

Ирэх өдөр, жилүүдэд нүүр тулахтайгаа дүйх хэмжээний гэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авсан явдал юм. Мөн 2019 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурт заруулаагүй. Энэ бүхний учрыг Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг нэр бүхий банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой гэж ярьдаг юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаар Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ажуйн нэгжүүдийн цахилгаан дулааны үнийг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлсөн.

Бас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Л.Оюун-Эрдэнэ боловсруулсан байдаг. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар аж. Үүгээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байдаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явах замаа тавьчихаад Ерөнхий сайд болж байна гэхэд болно. Гэвч энэ бодлогын бичиг баримтыг уншсан хүн хэд байдаг бол, харин шүүмжлэгчид түм бум бий. Юутай ч ийм “Алсын хараа”-тай болсноор Монгол Улс зүг чигтэй болсон гэдгийг улс төрийн бүхий л “жанр”-аараа хүлээн зөвшөөрсөн.

Төрийн үйлчилгээнд “E-Mongolia”-г нэвтрүүлсэн. Яалт ч үгүй л үүний автор нь Л.Оюун-Эрдэнэ. Коронавируст цар тахлын үед Монгол Улсын иргэдэд хамгийн ойр үйлчилгээ нь энэ болоод байна.

“E-Mongolia”-г нэвтрүүлсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал байв. Энэ бас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны тусгагдаад байсан юм.

За нэг иймэрхүү Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрыг ирэх жилүүдэд тэргүүлэх нь гэж ойлгож байна. Л.Оюун-эрдэнэ 2016 оноос хойш байнга өссөөр “айргийн тав”-аас буухаа больсон рейтингийнхээ үнэн худлыг дэнслүүлнэ. Тэр утгаараа эдгээр ачаанаас гадна улс төрийн хариуцлага хамт үүрч эхэлж байна. Улстөрчийн карьертай нь ч холбоотой. Нэг үгээр хэлбэл, улстөрчийнхөө хувьд, хүнийхээ ч хувьд шандсаа л шалгуулна гэсэн үг дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *