Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт тосгоны “Нова” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг Гачуурт тосгоны хоёр эмнэлгийн санхүүжилт давхардсан гэх шалтгаанаар зогсоосноор 9870 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг хаалгаа барьжээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид, Гачуурт тосгоны иргэд өнөөдөр жагсаал хийлээ. “Нова” эмнэлгийн эмч, ажилчид энэхүү шийдвэрээ эргэн харахыг ЭМЯ-ны сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас хүсч байгаа аж.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 1а/5455 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 20-р хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхэлж буй “Нова” эмнэлгийн хамтран ажиллах гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус төвийн эрүүл мэндийн ажилтныг ажлын байраар хангахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт даатгажээ.
Хорь дахь жилдээ ажиллаж буй “Нова” эмнэлэг нь Гачуурт тосгоны 10 гаруй мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, хүүхдийн вакцин хийж, групп сунгадаг ганц эмнэлэг болохыг тус газрын оршин суугчид ярьж байна.