Categories
мэдээ улс-төр

​С.Батболд: Нүгэлтэй нь нүглээ үүрч, хариуцлага хүлээх тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ гишүүн С.Батболд “Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч шударга ёсны дуу хоолой болох хүн Их хурлын өндөр индэр дээрээс “Оюутолгой”-н гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Оюутолгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Харин манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн юм. Үүнд зээлийн хүүг нь бууруулах хэлэлцээрийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж өгч байсан, мөн татварын гэрээг тэг байсныг 20 хувь болгож өөрчилж, жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан ийм өөрчлөлтийг хийсэн юм. Өөр ямар ч холбоо байхгүй. Харин төрийн ажил хийж байхдаа төсөв, тендер төмөр замын далан зэрэг олон ажилд нөлөөлж хийлгэж байгаагүй юм шүү.

Би Ерөнхий сайдын хэлж байгаатай санал нэг байна. Монгол төр нээлттэй хариуцлагатай, хууль дүрмээ барьж байх ёстой. Бие биенээ хардах эрхтэй, шалгах ёстой. Тийм учраас Оюутолгойн, Тавантолгой, төмөр замын төсөл зэрэг бусад том төслүүдээ нээлттэй шалгаж ард түмэндээ танилцуулдаг байх хэрэгтэй. Үнэхээр нүгэлтэй хүн байвал нүглээ үүрдэг, хариуцлага алдсан хүн бол хариуцлагаа үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй болоод байгааг сүүлийн үйл явдлууд бүрэн харуулж байна. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн. Гуч гаруй жил хувийн бизнесээ байгуулан өрхөө засчихаад төрдөө ажлаа хариуцлагатай хийж байна. Таван толгойн орд газар гэсэн асар том эрхийг өгч, 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэрийг гаргуулж байсан ийм Засгийн газрын тэргүүн хүн. Яривал энд нэлээн юм бий. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ухамсартай бөгөөд хариуцлагатай алхам хийж буйг би зөв гэж харж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *