Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол Улс валютынхаа нөөцийг зургаан тэрбум ам.долларт хүргэсэн цагт гаднаас зээл гэж гүйж явах шаардлага бага болно

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Манай улс цар тахлыг дотооддоо алдаад байна. Засгийн газрын зүгээс холбогдох арга хэмжээнүүдийг чадахаараа авч хэрэгжүүлж байна гэдгээ хэлж байгаа. Таны хувьд Засгийн газарт ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Энэ цар тахал хүн төрөлхтний түүхэнд анх удаа тохиолдож байгаа дэлхийг хамарсан гамшиг юм л даа. Аль нэг улс үндэстний хувьд Ерөнхий сайдын хэлдгээр бактерлогийн дайн болж байна. Тийм болохоор аль ч улс оронд байлаа гэсэн бүх нийтээрээ гамшгийг даван туулахын тулд асар их хүчин чармайлт гаргаж байна. Манай орны хувьд арваад сарын турш тогтоож бариад дотооддоо алдлаа л даа. Гэхдээ энэ нь аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа эмч нар, аюулаас хамгаалах, хэв журам сахиулах байгууллагын хүмүүсийн буруугаас биш зарим үйлчилгээний байгууллагуудын хариуцлагагүй байдал нэлээд нөлөөлөх шиг боллоо. Гэхдээ Монголын хувьд бүр нэг их дэврээд явчихаагүй, боломж бас байна. 10 сар тэссэний үр дүнд дэлхий дээр вакцин гарахыг хүлээж чадлаа. Одоо эрүүлийг хамгаалах байгууллага, төр засгаас ард түмнээ вакцинжуулах л асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Харин үүн дээр цаг алдаад байгаа юм уу даа гэж дотроо харамсаж сууна.

-Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг 2021 оны төсөвт вакцин авах мөнгийг суулгаагүй хэрнээ цар тахалд зориулсан төсөв боллоо гэж ярилаа хэмээн шүүмжилж байсан л даа.

-Вакцины мөнгийг заавал төсөвт суулгах биш эхлээд төлбөртэй вакцинжуулалт ч хийж болно шүү дээ. Бүх зүйлийг заавал төсвийн нуруунд үүрүүлж яах юм. Хамгийн гол нь вакцинууд өөр өөрсдийн онцлогоосоо хамаарч янз бүрийн нөхцөл шаардана.

Зарим газар хэрэглэж байгаа вакциныг хасах 80 градуст хадгалах хэрэгтэй болно. Манайд тийм нөхцөл боломж байхгүй. Тиймээс бидэнд вакцинаа хадгалж хамгаалах технологи хэрэгтэй. Хүмүүсээ ч вакцин тариулж сургах хэрэгтэй болно. Энэ бүгд дээрээ л манайхан цаг алдаад байна.

-Хатуу хөл хориог үргэлжлүүлсээр байна. Хатуу хөл хорио нь эдийн засагт хүндрэл учруулж ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа. Энэ утгаараа хөл хориог үргэлжлүүлэх нь хэр зөв юм бэ?

-Хөл хорио ч зайлшгүй байна байх л даа. Бусад орнуудад цар тахал нэлээд өргөн хэмжээгээр тараад нийтийн дархлаажуулалтын зарим нэг элемент бий болсны дараа хөл хориог сулруулсан. Гэсэн ч эцэст нь гашуун үр дүнд хүрч л байх шиг байна. Монголын нөхцөлд мэдээж жижиг, дунд бизнесүүд нэлээд хүнд байдалд орно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид түүгээрээ л хоногийн хоолоо залгуулж яваа. Гэхдээ нэгэнт төрөөс шийдвэр гаргаад гэрэл цахилгаан, дулаан, усны зардлыг нь хариуцаж байхад нэг хэсэг нь гайгүй л дээ. Хөнгөлөлт авч л байгаа байх. Мөн хүүхдийн мөнгө зэрэг янз бүрийн арга хэмжээг авч байна. Манайх хөл хориогоо сулруулаад нийтдээ тарааж алдах юм бол эргүүлж хумьж авахад хэцүү. Хүн ам таруу суурьшилтай. Сум, бригад бүрт эмч нар ажиллаж хүрэлцэхгүй. Өвчтэй хүн хөдөө гарлаа гэхэд аймаг, сумын төв рүү зөөж ч чадахгүй. Хэцүү юм болно. Түүнийгээ ч бас бодох хэрэгтэй байх.

Жижиг, дунд бизнесийнхний хувьд үүсээд байгаа хүнд байдал богино биш урт хугацаагаар үргэлжлэх байх. Жишээ нь, үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлалын салбар энэ ондоо багтаж өндийнө гэдэг хэцүү. Гэхдээ дайн байлдааны нөхцөлд тэвчээд туулахаас өөр замгүй. Зохион байгуулалт л гол асуудал шийднэ шүү дээ. XX зууны эхэнд Испанид тахал гарч, гурван жил үргэлжилсэн. Тухайн үед дэлхий даяар 20-иод сая хүн нас барж хүнд байдалд орсон. Энэ вирус гурван жилээр тогтохгүй төлөвтэй. Мутацид орж байгааг нь харахад цаашдаа жил бүр давтагдаад байж магадгүй. Ийм нөхцөлд амьдрах арга технологийг бодох л хэрэгтэй болно. Хүн бүр, айл бүхэн л бодох хэрэгтэй байх.

-Засгийн газраас цахилгаан, дулааны төлбөрийг тэглэлээ, Төрийн тэргүүн өрх бүрт нэг сая төгрөгийг, УИХ-ын дарга мөн тэтгэврийн зээлгүй ахмадууд нэг сая төгрөг өгнө гэж байна. Эдийн засаг хүнд үед халамжийг хэт нэмэгдүүлэх нь хэр зохистой юм бэ?

-Ядарсан, зовсон хүмүүсийнхээ талаас бодвол болж л байгаа асуудал. Гэхдээ мөнгө, төгрөг гэдэг хязгаартай. Эдийн засгийн даацаасаа хэтэрсэн амлалт өгөөд сүүлд нь амьдралынхаа үндсийг баллаад хаячихаж болохгүй. Одоогийн нөхцөл байдлыг харахад манай төр засгийнхан голцуу гадны зээл тусламжийг үүнд зориулж, түүгээр л санхүүжүүлээд байх шиг. Энэ нь ирээдүйд өр тавьж байна гэсэн үг. Хүнд байдлын эхэнд иймэрхүү арга хэмжээ аваад байж болох ч мөнхөд үргэлжлэх ёсгүй. Ер нь бол дэг журмаа сайн бариад, энэ бүхнийг богино хугацаанд давж гарахын тулд вакцинжуулалт л хэрэгтэй байна. Вакцинжуулалтгүйгээр энэ асуудлыг шийднэ гэвэл худлаа. Төрөөс мөнгө гаргаад байдаг эцэст нь өвчин тарсан чигээрээ байх юм бол үр дүн байхгүй.

-Энэ цаг үед эдийн засгаа амь бөхтэй байлгахын тулд яавал дээр вэ?

-Эдийн засгаа амь бөхтэй авч явахын тулд зарим том асуудлуудыг яаралтай шийдмээр байна.

-Тухайлбал?

-Энэ жил алт, зэс, нүүрсний үнэ өслөө. Нүүрсний зах зээл Монголд таатай эргэж байгаа нөхцөлд бидэнд тээврийн хүчин чадал алга. Нүүрсээ автомашинаар тээгээд л өөрсдийгөө боомилоод байна. Төмөр зам тавих гэж 10, 20 жил дотроо маргалдаж цаг алдсаны уршиг гарч байгаа нь энэ л дээ.Тиймээс Таван толгой Гашуунсухайтын төмөр замыг маш яаралтай тавиад урагш нь автомашинаар бус төмөр замаар тээх юм бол тэр олон жолооч хорио цээрт орооч уу үгүй ч үү. Нүүрс тээвэрлэлт тасалдлаа гэсэн гомдоллох зүйл ч гарахгүй. Зах зээлийн хувьд БНХАУ Австралиас нүүрс авахаа больж байгаа нөхцөлд Монгол Улс гол нийлүүлэгч нь байх боломжтой. Монгол Орос хоёр гол нүүрс нийлүүлэгч нь болох байх л даа. Ийм зүйлүүд дээрээ анхаармаар байна. Жижиг үйлдвэрүүдийн тухайд жинхэнэ баялаг бүтээж зах зээлд гаргаж байгаа салбаруудаа аль болох ажиллуулах тал руу нь зүтгүүлмээр байна. Энэ нь эргээд л вакцины асуудал дээр очно. Эдийн засгаа дэмжье л гэж байгаа бол тэр эдийн засагт ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийг баталгаажуулах асуудлыг эн тэргүүнд шийдмээр байна. Тэдгээр салбарын хүмүүсээ хамгийн түрүүнд вакцинжуулж, эрүүлжүүлж ажлын боломжоор хангах хэрэгтэй. Миний харж байгаагаар дэлхий даяар вакцин хэрэглээд эхэлчихлээ. Бид хойд хөршийнхөө вакциныг авсан ч болж байна. Зэргэлдээх орноосоо авбал хадгалах нөхцөл, тариагаа тарих технологи нь хүртэл ойролцоо байх шүү.

-Амьсгалын аппаратыг л гэхэд цар тахал дотоодод тархсаны дараа АНУ-аас тусламжаар авч байна. Ингээд харахаар өнгөрсөн 10 сарын хугацаанд Засгийн газар цар тахал дотоодод тархах эрсдэлийг тооцож бэлэн байдлаа төдийлөн сайн базаагаагүй юм шиг. Сонгууль руу л гол анхаарлаа хандуулчихав уу даа?

-Харин тийм л дээ. Манайхны улстөржилт нь бараг амьдрал нь болчихоод байх шиг. Цар тахал эхлэхэд улс даяар амьсгалын ганц аппараттай байсан гэж дуулдсан. Худлаа байлгүй дээ. Яахав, амьсгалын аппарат өөрөө хүн өвчилсний дараахь хэрэглэгдэхүүн. Хүнээ өвчлүүлэхгүй байя гэвэл вакцинаа л хийх хэрэгтэй. Энэ асуудлыг улирлаар нь хойш тавьчихаж болохгүй. Мэдээж ДЭМБ-аас зөвлөгөө чиглэл авалгүй л яахав. Гэхдээ хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт нь тавих хэрэгтэй. Урд, хойд хөрш, Европоос ч тэр янз бүрийн вакциныг аваад хүмүүс дээр туршилтын журмаар хэрэглэж болно шүү дээ.

-Хөл хорио өөрөө монголчууд шиг эрх дураараа хот, хөдөөгүй холхиж байдаг хүмүүст шинэ тутам байгаа. Энэ нь эргээд иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж, дарамт учруулахыг үгүйсгэхгүй гэдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна. Та ахмад хүний хувьд монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Хөл хорио бол цар тахлын үед зайлшгүй авах ёстой арга хэмжээ. Нэгэнт гамшиг аюул монголчуудыг нөмөрч байгаа үед тэсвэр тэвчээр хэрэгтэй. Монголчуудын хувьд хүн амын тал хувь нь хөдөө орон нутагтаа малаа маллаад, хөх тэнгэрийнхээ дор өргөн талдаа морьтой, машинтайгаа давхиж л яваа. Ганцаардал, бухимдал бол зөөлөн нөхцөлд дассан хотын хүмүүсийн л ааш. Үүнийг тэсэхээс өөр арга байхгүй. Бухимдлаа гээд гараад гүйх юм бол өөрөө өвчин авна, өрөөлд ч өвчин тараах аюултай. Энэ өвчнийг зохион байгуулалтаар цааргалж чадах боломжтой улс гэвэл Монгол Улс юм. Монголчууд аливаад түргэн дасамтгай, тэсвэртэй. Тэр чанараа л одоо харуулах хэрэгтэй. Чингис хаан хэрхэн эмх журамтай байлдаж байсан яг түүн шиг л вирустэй байлдах хэрэгтэй болоод байна.

-Эдийн засгаа солонгоруулах тухай бид их ярьдаг. Цар тахлын нөхцөл байдал ч биднийг зөвхөн уул уурхайгаас хараат байж болохгүй гэдгийг хатуу сануулж байгаа. Цаашдаа хэрхэх нь зөв бэ?

-Би солонгоруулах гэх нэр томьёог хэрэглэх дургүй. Эдийн засгийг салбаржуулах гэж яривал зохилтой. Бид гаднаас төрөл бүрийн бараа худалдан авч байна. Угтаа бэлэн хувцаснаас эхлээд дотроо үйлдвэрлэх боломжтой бараа олон бий. Сая хэд хоног Эрээний нэвтрүүлэх цэг хаагдмагц дотооддоо үйлдвэрлээд байна гэсэн өндөг, нарийн ногоо ч байхгүй болж эхэлсэн. Урдаас зөөж байснаа дотоодод үйлдвэрлэж байна гэж сурталчилж байж л дээ. Хэрэгцээт, боломжтой зүйлүүдээ дотооддоо үйлдвэрлэе. Заавал мухлаг нээж ажиллуулах биш дулаан цаг болоод ирэнгүүт ногоогоо тарьцгаая. Хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлье, нарийн ногоогоо тарья, боломж бий шүү дээ.

Нөгөө талаараа нэгэнт дайны нөхцөл шиг хатуу үе тулгарч байгаа хойно хэмнэлтийн горимд шилжиж, энэ бүхнийг давъя. Тэгэхгүй оффисын тавилга авах зэргээр төсвийг элдэв зүйлст зараад байвал байдал сайжрахгүй. Тиймээс улс даяараа хэмнэлтийн горимд шилжиж, арвич, хямгач мөн өөрсдөө юм бүтээхийн төлөө явах хэрэгтэй. Төр засаг тэрнийг даах ёстой, түүнд нөхөн олговор олгох ёстой гэж харах тал байх л байлгүй. Гэхдээ бүх зүйлийг төр засаг шийдэж чадахгүй. Мөнгө бол баялгийн л нэг илэрхийлэл. Тэр баялаг өөрөө хязгаартай учир мөнгийг хязгааргүй ихээр гаргах юм бол сүүлдээ үнийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал нүүрлэж улам хүндэрнэ. Тиймээс жижиг үйлдвэрүүдээ ялангуяа хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн салбарууд дээр маш бодлоготой хандах хэрэгтэй болоод байна. Төр засгаас хүчин чадлыг нэмэгдүүлэх, урамшуулал олгох, хүмүүсээ сургахад анхаармаар байна. Манайхан залхуудаа биш чадахгүй, мэдэхгүйдээ хойш суух явдал их байна. Улаанбаатарт байх тэр олон хүлэмжүүд аль хэдийнэ нарийн ногоогоор Монгол Улсаа хангах боломжтой. Тийм хэмжээнд байж чадахгүй л байна. Тахианы аж ахуй гэхэд л тэжээл байхгүй учраас өндөггүй гээд сууж байна. Нэгэнт л тахиа үржүүлж байгаа юм чинь тахианыхаа тэжээлийг үйлдвэрлэж сурах хэрэгтэй биз дээ. Энэ тал дээр төр засгаас анхаарахын оронд том том улс төр яриад л байх. Ингээд байвал байдал сайжрахгүй л дээ.

-Манай улсын өрийн тааз тулчихлаа. Үүнийгээ яаж шийдэх вэ гэж ярьж байна. Гарц гаргалгаа нь юу байна вэ?

-Тулахаар барах уу даа. ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан. Өөрсдийгөө хуурч мэхэлсээр байгаад л ийм байдалд хүрлээ шүү дээ. Манайхны өмнө нь төр барьж байсан хүмүүсийн гол суртал, философи нь сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд мөнгө угааж болох тэр салбар руу хамаг анхаарлаа хандуулаад хэдэн ногоон, ягаан юм халаасалж аваад явах. Ийм л сэтгэхүйгээр хандсанаас болж л өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Нөгөөтэйгүүр 30-аад тэрбум ам.доллар өрийн 2/3 нь компаниудын өр. Аж ахуйн нэгжүүдээ валютаар гүйлгээ хийхэд нь хяналт тогтоогоогүйгээс болоод дуртай нь гадны өр зээлд орж гүйсээр байгаад ийм байдалд хүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд банкинд валютын хадгаламжийн данстай, мөн төгрөгийн данстай байна. Улс орон нэг л үндэсний валюттай байдаг. Төгрөг гэдэг валюттай бол аль ч аж ахуйн нэгж төгрөгөөрөө л гүйлгээ хийж, валют хэрэгтэй бол банкнаасаа очиж авдаг, түүнд нь хяналт тавьдаг журамд орох хэрэгтэй байна. Дунд болон дундаас дээш хөгжилтэй орнууд ч валютынхаа гүйлгээн дээр хатуу хяналт тавьдаг шүү дээ. Солонгос, Тайвань ч тэр нэг саяас дээш ам.доллараар гадагш шилжүүлэг хийх бол заавал хяналтад орж, баталгаажсан гүйлгээг хийдэг. Манайд л эмх замбараагүй зээл авна, валют гадагш, дотогш зөөнө.

Түүнчлэн Монголын аж ахуйн нэгжүүдээс экспортод гаргасан барааныхаа орлогыг Монголд оруулж ирэхгүй байх явдал цөөнгүй байна. Оюу толгой компани л гэхэд бүх борлуулалтынхаа өртгийг гадаадад байршуулаад сууж байгаа. Гадагшаа зөөсөн валютад татвар ногдуулдаг журам байсан ч хүчингүй болгочихсон. Хуучин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд байсан юм. Энэ мэтээр дотооддоо асуудлуудаа цэгцлэхгүй бол эдийн засаг энэ дарамтнаас гарна гэдэг хэцүү шүү дээ. 30 гаруй тэрбум ам.долларын өрийг Монгол дарна гэхэд үнэхээр хэцүү. Сангийн яамны сайд нь есөн их наяд төгрөгийн өр дарлаа гээд л байгаа. Өр дараагүй, өрийг өрөөр л хаагаад явж байгаа. Төрийнхөө дээд удирдлага, ард түмнийг мэхлээд зогсохгүй ирээдүйнхээ өмнө гэмт хэрэг хийж байна даа л гэж хардаг.

Гадагш валютаа зөөж гаргаж байгаа үлэмж их ашиг олдог монополь аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өөр бодлого явах ёстой. Тансаг хэрэглээний бараан дээр өөр татварын бодлого байх хэрэгтэй. Татварын бодлого дэндүү арчаагүй байна л даа. Энэ нь эдийн засагт нөлөөлж чадахгүй байна. Хэрэв татварын бодлого өөдтэй байсан бол олон төрлийн бараа үйлдвэрлэж болох байсан. Тэгснээр валютын зардлаа хэмнэнэ, импортын ачааллыг бууруулна. Тэр утгаараа өр зээл төлөхөд ч хөнгөлөлт болно. Ийм олон талын арга хэмжээ авмаар бодогдлоо. Мөн Монгол Улс алт олборлож байна. Алт бол үнэ нь байнга өсч байдаг валютын эх үүсвэр. Гэтэл алтны олборлолт дээрээ журам тогтоож чадахгүй аж ахуйн нэгжүүдээс банкинд тушаах нь тушааж, тушаахгүй нь далд байдлаар зах зээл дээр борлуулалт хийж байгаа. Үүнийг эмхэлж чадвал валютын нөөцийг арвижуулж болно. Ер нь Монгол Улс валютынхаа нөөцийг зургаан тэрбум ам.долларт хүргэсэн цагт гаднаас зээл гэж гүйж явах шаардлага бага болно. Валютын нөөцөө нэмэгдүүлж чадахгүй салам задгай байгаа нь өр зээл үүсэхэд нөлөөлөөд байна.

-Аливаа хуульд улс оронд хэрэгтэй заалт оруулъя гэхээр тухайн салбарын хэсэг бүлэг хүмүүс лоббидож, ашиг сонирхлоо тусгаад байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Тухайлбал, алтны татварын асуудал дээр ихээхэн лобби ороод байх шиг анзаарагддаг.

-Тэр ч ойлгомжтой л доо. Жишээ нь, 2012-2016 онд УИХ Ноён уулын алтны тухай асуудлыг таван удаа хэлэлцсэн. Ард түмнийхээ аж амьдралын түвшний асуудлыг нэг ч удаа тусгайлан хэлэлцээгүй. Ер нь УИХ-ын түвшинд компаниудын захиалгаар, тэдний лоббигоор шийдвэр гаргах, тэдэнд үйлчлэх явдал байдаг л даа. Хуучин УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хэлж байна. Манай төрийн бодлого нөлөөтэй компаниудын эрхшээлд орчихсон харагддаг. Монголд эдийн засгийн алуурчдын номлол маш хүчтэй яваад байна. Эдийн засгийн философи, номлолыг урвуугаар хүний толгойд шингээж өгөөд түүнийг дагасан бодлогыг төрд шургуулдаг байдал яваад л байна.

-Ийм байдлаас гарахуйц хэмжээнд дархлаажихын тулд яах ёстой юм бэ?

-Нэгдүгээрт, сонгууль. Сонгуульд оюуны чадавхитай, энэ улс оронд тус болж чадах хүмүүс нь нэр дэвшиж чадахгүй байна. Намд мөнгө төлсөн хүмүүс нь л нэр дэвшиж байгаа болохоор өөдөө гарсан хүмүүс нь эрээнтэй, бараантай байна. Дээрээс нь хариуцлагын асуудал бий. 2020 оноос өмнөх УИХ-ыг аваад үзэхэд ямаршуу байв гэдэг нь мэдэгдэх байх. УИХ-ын гишүүдийн 2/3 нь хэрэгт орооцолдсон, ЖДҮ-чингүүд сууж байлаа шүү дээ. Ийм байхад төрийн хариуцлага, бодлогын хариуцлага гээч зүйл бий болохгүй. Хариуцлагыг зөв үнэлдэг байх ёстой. Шийдэж байна гээд энд тэндээс хамж худлаа хэрэг зохиож ял сонсголоо, шоронд хийлээ гээд өнгөрөх биш чухам ийм үйлдлийн төлөө тийм хариуцлага хүлээлгэлээ гэж нийтийн өмнө ил хэлж чаддаг байх ёстой. Ингэж байж л хариуцлага аяндаа ирнэ. Шинэ Үндсэн хуулиар тангаргийн хариуцлагыг нэлээд өндөрт тавилаа. Одоог хүртэл тангараг өргөнө гэдэг зугаа цэнгэлийн хэрэг болчихсон. Нэг сөхөрч туг үнсчихээд сүүлд нь яаж ч байсан тангараг өргөсөн хүн дархлаатай гээд түүгээрээ дулдуйддаг. Тангаргийн хариуцлагыг өндөрт тавьж, төрийн бүх ажилтнууд шаардлага тавих хэрэгтэй байна. Ингэж байж л яваандаа засрахаас биш нэг өдөр хумс авч байгаа мэт цэвэршихгүй.

-Сөрөг хүчний үүрэг ихээхэн чухал. Гэтэл хамгийн том сөрөг хүчинд тооцогддог Ардчилсан намын хувьд дотоод маргаанаасаа хэтрэхгүй байх шиг.

-Хааяа чуулганы хуралдааныг телевизээр хардаг юм. Надад ихээхэн харамсах сэтгэл төрдөг болоод байгаа. УИХ-ын гишүүд нэг намынхаа олонхоор хүч түрээд бусдыгаа сонсохоо байж. 1990 онд эрх баригчид маань ямархуу байдалд орж байлаа. Яг тэр байдал давтагдах вий дээ гэж бодох юм. Ер нь хүчний тэнцвэр алдагдаад ирэхээр их эвгүй болдог юм байна. Ардчилсан намын хувьд сөрөг хүчин ч бай, эрх баригч ч бай гэсэн өргөн олон түмний талаас боломж бий. Гэтэл намын удирдлага амьдралаас хол тасархай. Дандаа өөрсдөө худалдагдсан, гадагшаа чиглэсэн бодлого хэрэгжүүлж, эсвэл авлигын сонирхолд хөтлөгдөөд байгаа учраас олон түмний дунд дээд удирдлага нэр хүндээ алдаад байна. УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас цөөн хүн гарсан мөртлөө орон нутгийн сонгуульд найман аймаг нэг тойрог авлаа. Энэ бол амьдралынхаа гүнд, олон түмнийхээ дунд байгаа хүмүүс Ардчилсан нам нэр хүнд, байр сууриа алдаагүй байна гэсэн үг. Гэтэл дээр байх дарга нар нь тамга, тэмдгээ булаацалдаад юу ч болоод яваа юм мэдэхгүй. Ийм байдлаар улс төрд нөлөөлнө гэж хэцүү. Ардчилсан намын сүүлийн 20 жил илэрч байгаа гол өвчин нь үзлийн доголдол. Нео-либерализм гээд бүх зүйлийг хувь хүний эрх чөлөө гэдэг дээр аваачиж зангидах гэж зүтгээд, түүнийгээ өөрсдөө баяжих, идэж уухдаа ашиглах гэж оролдоод байгаа нь Ардчилсан намыг хүнд байдалд хүргэж байна.

-Хэдхэн сарын дараа Монгол Улс төрийн тэргүүнээ сонгоно. Шинэ Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн байр сууриуд гарч ирэх боллоо. Та юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд онцлог нь саяын Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбоотой л доо. Гэхдээ П.Очирбат Ерөнхийлөгчийн тухайд л гэхэд 1992 онд Үндсэн хууль батлахдаа хоёр удаа сонгож болно гэж баталчихаад 1993, 1997 оны сонгуульд оролцуулсан шүү дээ. Тэр талаасаа Монголын амьдралд жишиг байна гэсэн үг. Үндсэн хууль батлагдахын өмнө байсан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хэм хэмжээг дагахдаа шинэ мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас нь хойш дагадаг. Тийм учраас Х.Баттулга Ерөнхийлөгчийг сонгуульд орох эрхтэй юм даа гэж ойлгодог юм.

-Энэ цаг үед ямар хүн төрийн тэргүүн болвол зохилтой юм бэ?

-Хэнийг нэр дэвшүүлэхийг намууд шийднэ. Гол нь тэр намын өөрийн үзэл, тэрхүү нэр дэвшигчийн хөтөлбөр, түүнийгээ нэр дэвшигч хэрэгжүүлж чадах эсэх чадварын тухай л асуудал л даа. Х.Баттулгын хувьд төрийн гурван өндөрлөгийн хоорондын харилцаа хүнд, задрал бий болчихсон үед Ерөнхийлөгч болсон ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гар нийлж амжилттай ажиллалаа гэж харж байна.

Улс орныхоо байдлыг ерөнхийд нь дүгнэхэд надад бодогддог үнэт зүйл хэд хэд бий. Нэгдүгээрт, төрийн дээд удирдлагууд эв нэгдэлтэй, нэг чигтэй байх асуудал. Хоёрдугаарт, төрийн бодлого нь оновчтой байх, бодлогоо оновчтой томьёолох асуудал. Цар тахал ойрын хоёр, гурван жил үргэлжилнэ гэхэд улс орон яаж амьдрах вэ. Тэр талаар цоо шинэ бодлого, чиг шугам гаргах хэрэгтэй болж байна. Үүнээс гадна одоо Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Эдийн засаг хямарч, хүн амын эрүүл мэндэд аюул гамшиг тохиолдож байх үед улс төрийн дотоод бужигнаан хямрал эхлэх юм бол үүн шиг хэрэггүй юм байхгүй.

Гарман дээр морио солих тухай асуудал. Гарман дээр морио сольдоггүй гэж ярьдаг л даа. Гэхдээ Ардчилсан нам чухам яаж хандах, хэнийгээ нэр дэвшүүлэх юм. Миний бодлоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярих нь арай эрт юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *