Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болсон. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсон. Ингэснээр иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж байна.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 141 ерөнхий нэршлийн болон 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр жагсаалтаа шинэчлэн баталсан. Ингээд “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтыг ЭНДЭЭС орж үзнэ үү.
2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 438,095 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 368,035 байна.
Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд
- Даралт бууруулах 47 хувь,
- Цус шингэлэх эм 10 хувь,
- Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
- Цөс шингэлэх эм 9 хувь,
- Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
- Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь,
- Өвдөлт намдаах эм 7 хувь байна.