Categories
мэдээ улс-төр

​ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДМАГЦ Ж.ЭРДЭНЭБАТЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 20-нд өргөн барьснаас хойш хэлэлцэн явсаар өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Бид шударга шүүхтэй болсон уу? Шүүхийн тухай хууль Монгол Улсыг хаашаа хөтлөх вэ? гэдэг асуулт гарч ирэв. Энэ асуултад хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-ын зүгээс нэгэн дуугаар “ТИЙМ” гэдэг хариултыг өгч байна. Учир нь тэд маш урт хугацаанд зорьж, энэхүү хуулийг хязгааргүй эрхээ бататгахаар улайран батлуулсаныг зарим үйл явдлууд нотлоод эхэлчихлээ. Энэ нь МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл явдлаас шууд харагдана.

Зарим шударга сэхээтнүүд төрд хяналтын тогтолцоо устсан, хяналтгүйгээр олигарх бүлэглэлүүдийн лобби, тэдний оролцоотойгоор шийдэгдсэн захиалсан бүх санаа нь хууль болон батлагдвал, энэ нь ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг төдийгүй цаашид МАН хэмээх хэмжээлшгүй эрхт МАНГАС-тай болж буйг анхааруулсаар байтал эрх баригчид үл ойшоосоор ирсэн юм.

МАН яагаад анхаарах ёстой гэж үү, яагаад гэвэл эрх мэдлийн хэт төвлөрөл нь улс оронд хөгжлийг бус харин мөхлийг авчирдаг. АН ч бай, МАН ч бай дангаар ноёрхвол, за тэгээд бүлэглэлүүдийн гарт орвол, улс оронд гамшиг болох нь тодорхой бөгөөд тэрхүү гамшиг нь алхам алхмаар хийх тэдний үйдлээр харагддаг. Шүүхийн багц хуулийн шинэчлэл нь нам доторх бүлэглэл фракцын ард түмний баялагт эзэн суух гэсэн явцуу ашиг сонирхол биш харин Монгол Улсын иргэн бүрт тэгш эрхийг хангуулах үйл явц байх ёстой байлаа. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг хэдэн саяар бус хэдэн тэрбумаар зувчуулагч нар, эх орныхоо байгалийн баялагт дангаар эзэн суугч нарын хамгаалалтын бамбай болоод хувирвал нийгэмд ямар аюул дагуулах вэ. МАН-ын гишүүд Шүүхийн тухай хуулиа шинэчлээд баяртайгаар тууз хайчлах нь шахуу хийсэн сценарийн дараагаар Ж.Эрдэнэбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл явдал нь нийгэмд МАН өөрөө цагаан захтнуудыг ээлж дараалан суллах, тэд улсаас хэдэн тэрбумаар ч хулгай луйвар хийсэн ч гэмтгүй цагаадах нөхцлийг эхнээс нь тавилаа гэж харагдаж байна. Энэ бол эхний үзэгдэл, дараагийн хэсэгт бүр ч олон албан тушаал авлигын хэрэгтнүүд суллагдаж магад. Энэ тэгээд бидний хүсч буй шударга ёс мөн үү??? Зарим иргэд, судлаачид, хуульчдын зүгээс ялсан намын шүүх байгуулж, ял авсан цагаан захтнуудыг суллах боломж бүрдлээ гэж дүгнэн бичиж эхэлжээ. Логикоор харахад, цаашид төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хамаатан садантайгаа нийлж, лиценз наймаалцаж, тусгай хамгаалалттай газрыг хувьдаа завших боломж бүрдсэн үү гэх хардлага төрж эхэллээ. Мэдээж албан тушаалтнуудын хэрэг шүүхэд очлоо, өөрсдийнх нь томилсон шүүгч гэм буруугүй гэж үзнэ. Шударга шүүгчид дуугарвал сахилгын хороогоор айлгах үе ирэх вий. Энэ бол ердөө жишээ.

Цар тахлын тахлын үед хэдэн бор төгрөггүй болсон ардын амьдралын гунигт бодол дунд Ж.Эрдэнэбат гэдэг Ерөнхий сайд асны хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг сценари тэдний дургүйцлийг төрүүлж байна. Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг шиг МАН иргэдийг хуучин хүү хэвээр нь байлгахыг хүсч байгаа аж. Хэрвээ тэд шинэ хүү болчихвол нийгэмд тэсрэлт үүсч хувьсгал гарах нөхцөл бүрдэнэ. Гэтэл тогоон доорх хуучин хүү нар шинэ хүү болсон шүү эрх мэдэлтнүүд ээ!!! Тэд Шүүхийн тухай хууль баталж, цагаан захтнуудаа суллажэхэлсэн үйл явцыг хараад нийгэмд үүссэн шударга бусын хонгилыг чинь харж суугаа. Ард түмэндээ шударга шүүхийг авчирлаа гэх нэрийн доор Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанид авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон” МАН-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Түүний шүүх хурал хоёр долоо хоногийн өмнө болох товтой байсан ч Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу ийнхүү явж буй аж.

Одоо Ж.Эрдэнэбатын бүрэн эрх сэргэж, УИХ-ын буюу МАН-ын бүрэн хамгаалалтад шилжлээ. Шүүх засаглал нь Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын нэг хэсэг болсноо батлан харууллаа. Одоо алх барьж шударга ёсыг тогтоох биш, алх цохиж ашиг сонирхлыг хамгаалж болохоор болчихлоо, юутай гажуудал вэ. Шүүхийн тогтолцоонд гарсан энэ өөрчлөлтийг өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд түүх шүүх өдөр ирнэ. Бие даасан хараат бус Шүүх засаглал баяртай, МАН-ын УИХ, Засгийн газарт уусан орсон Шүүх засаглал сайн байна уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *