Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн долоо хоногт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуу идэвхтэн Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцжээ.
Уг ярилцлага уулзалтыг “Mind and Life” институт зохион байгуулсан бөгөөд Уэллэсли коллежийн захирал Диана Чапман Уолш удирдсан байна. Түүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн тухай засгийн газар хоорондын зөвлөлийн ахлах сэтгүүлч, 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт Уильям Мумав, Арктикийн нэрт эрдэмтэн Сюзан Натали нар зочноор оролцсон байна.
Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам бүр нэмэгдэж буй энэхүү хямралыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, дэлхийн хэмжээнд олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг онцолжээ.