Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол уламжлал: Цай чанах ёсон ба цайны ашиг тус


Эрт үеэс бидний өвөг дээдэс байгальд ургадаг хөвөн оройт, мягмар санж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг зуу гаруй ургамлыг орлуулан цай бэлтгэн иржээ.

Монголчууд аагтай шаргал цайгаа чанаж идээ будааныхаа дээжээр саахалт айл, гадаад дотоодын зочин гийчдийг урин дайлж олон зуун жил заншиж ирсэн болохоор монгол цайны ёс заншлын бүхэл бүтэн тогтолцоо тогтжээ. Сүүлийн үед дүрдэг цайг өргөн хэрэглэх болсон. Үүнийгээ цай чанахтай эндүүрдэг. Гэтэл монголчуудын хувьд цай гэдэг эрхэм дээд унд болж ирсэн уламжлалтай. Тиймээс нутаг нутгийн цай чанах ёс, хийх арга технологи өөр өөр. Ямар цайг хэзээ, яаж чанах, ямар өвчнийг анагаах ид шидтэй гээд дурдаад байвал цайны ашиг тус их билээ.

Та бүхэндээ монголчуудын цай соёл хийгээд цайны урлагийн талаар хүргэе.

1.Цай чанах ёсон

Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ. Эртний монгол ахуйд гал түлж хоол цай хийх болон гэр дулаацуулахад тулгын гурван чулуунаас эхлээд дөрвөн хөлтэй төмөр тулга хэрэглэж байсан бол 20-р зууны эхнээс төмөр зуух, ган болон ширмэн пийшин, тоосгон ба шавардсан пийшин, цахилгаан ба хийн зуух гэх мэт олон төрлийн халаах хэрэгслийг хэрэглэж иржээ. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ. Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг нь урд зүгийг муу зүг гэж үздэг монгол бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй. Тогоог хойд зүг рүү үл ялих хэлтгий тавина.

Ямар цай чанахаас шалтгаалан дараалал нь харилцан адилгүй байх агаад хэрэв элдэв орц, хольцгүй ердийн сүүтэй цай чанах бол эхлээд усаа хийж буцалгана. Буцалж байгаа усандаа цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны ургамлыг шууд хийх, нөгөөх нь самбай даавуугаар хийсан жижиг уутанд цайны ургамлаа хийж амыг нь уяж бэлдээд буцалж байгаа усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж хөгшид хуучилдаг. Цайгаа амталж үзэх бол шанагаар утгаж аваад хагасыг нь тогоондоо буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёстой нь дээжийг нь аваагүй гэсэн санаа юм. Цайгаа чанаж гүйцмэгц данханд уудлана, хэрэв сул задгай цайны ургамлаар чанасан бол нарийн шүүр тавьж уудлах бөгөөд данхнаас шууд аягалж болно, эсвэл халуун савандаа хийсний дараа аягалж эхэлнэ.

2.Цай аягалах ёсон

Гараа угаалгүй цайны идээнд хүрдэггүйн учир – updown.mnЦай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Цай аягалах, идээ таваг тавихдаа хүнд мэндийн ёсыг бодож алчуур малгайтай байдаг. Энэ үед ханцуй шамлах, хормой шуух, энгэр задгайлах нь ёс алдсан хэрэг болдог. Цай идээ барьж байгаа, авч байгаа хүн бүхэнд хувцас, малгай титмийн ёс нэгэн адил хамаарна. Өндөр настан, ахмад хүмүүс өглөөний цайг нөмгөн суугаад ууж болдог. Эр хүн өглөөний цайг аяга дүүрэн хийж уудаг нь тухайн өдрийн олз омог дүүрэн, ажил үйлс бүтэмжтэй байхын бэлэгдэл ажээ. Аянчин, анчин гөрөөчин хэн боловч хээр буудаллан хоносон газрын уул овоо, аян замынхаа зүгт өглөөний цайны дээжийг өргөдөг. Энэ нь аян замын өлзий хишиг, олз омог дүүрэн байхын ерөөл юм. Замын дагуу байгаа айлууд цай, сүүнийхээ дээжийг жингийн цувааны өөдөөс өргөж байх нь ихээхэн билэгшээлтэй сайхан зан үйл аж. Нүүж ачаа зөөж байхад ч цай хоол босоогоор ууж идэхгүй гэсэн ёс нь ачаа хазайж элдэв саад бэрхшээл тохиолдоно гэдэг. Монгол ардын сургаальд “Яарсан ч явуут уудаггүй, жаргасан ч хэвтэж иддэггүй” гэдэг.

Цай ундааг хүнд аягалан барихдаа хуруугаараа аяганы амсар дарвал, та ямар нэг хэрэгт холбогдлоо гэсэн дохио болдог. Мөн хуруугаа давуулж баривал зочин уудаггүй ёстой байдаг. Хүнд аягатай цай хоол өгөхдөө ганц гараар өгвөл хайш яйш гэгдэнэ. Мөн амсардан барихыг цээрлэдэг. Бас аяга бариулаад цай хийж өгөхийг цээрлэдэг. Данх, аяга, хувин, тогоон дээр хормой гарган бузартуулахаас болгоомжилдог.

3. Цайгаар дайлах ёсон

Ховд аймаг “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмаа зохион байгууллаа | Урлаг .мнЦайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ. Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ.

4. Цайг хүндэтгэх ёсон

Ядаргаа тайлах уламжлалт цайны аргууд – Өглөө.мнЦайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ. Цайгаар болон сүүгээр алсад мордож буй хүний алсын замыг мялаан араас нь өргөдөг ёстой. Цагаан цайлган, сайн үйлийн бэлэгдэл болдог сүү болон сүүтэй цайг ихэд хүндлэн дээдэлж уул хангайн эзэд, тэнгэр бурхнаа тахих, цайлах, өргөл өргөх, мөргөж залбирах ёслолуудад байнга хэрэглэдэг уламжлалтай.

Монгол ардын давтагдашгүй нэгэн өвөрмөц ёс заншил нь сүүг идээний дээж хэмээн эрхэмлэн дээдэлдэг ёс билээ. Цагаан сүү сайн сайхан бүхний бэлэгдэл болж байдгийн учир газар асгахгүй, алдаж эндээд асгавал гэмшиж ядам хуруугаараа асгасан сүүндээ хүрээд духандаа хүргэж наманчилдаг. Сүү болон сүүтэй цайг хаяж асгахыг цээрлэдэг. Сүү гашилж муудвал буцалгаж ариутгаад ээдмийг нь шүүж авч хэрэглэдэг. Монгол зан үйлийн бичигдээгүй хуулийн нэгээхэн нь сүүн дээр ус хийдэггүй ёсон билээ. Цагаан сүүн дээр хар ус хийхийг ихэд цээрлэдэг нь монгол бөөгийн цагаан үйлийг сүүгээр, хар үйлийг усаар гаргадаг ёсноос үүджээ. Тиймийн тулд хэрэв сүүг шингэлэх хэрэгтэй болоход усан дээрээ сүүгээ хийж шингэлэх нь зүйтэй аж.

5. Цайны ёслол

Цайны дээж өргөх ёсон ба цээр – Монгол туургатны цахим сайтМонгол зан заншлын нэгэн онцлог нь цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:

– Цайны дээж өргөх ёслол

– Бэр буулгах ёслол

– Хүүхдийн угаалга

– Бөө мөргөл дэхь цайны ёслол юм.

Монгол цайны хэрэглээний онцлог

Монголчуудын цайлах ёс нь ази, европын бусад улсаас ялгаатай нь цайг халуун усанд хандалж уух бус цайны ургамлаа буцалж байгаа усандаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг ёс журмын дагуу нэмж чанадаг. Бусад орны хүмүүс зөвхөн цай уух үедээ хандалж уухаар бага хэмжээгээр бэлддэг бол монголчууд 2 литр болон түүнээс илүүтэй бэлдэж халуунаар нь хадгалах уламжлалтай нь тэд цайг ойр ойрхон, олон удаа уудагтай нь холбоотой юм.

Эрт дээр үед модон домбонд хийж хучих буюу зэс домботой цайг бол халуун нурманд булж хадгалдаг байсан байна. Харин 1950-иад оноос эхлэн ваакумжуулсан шилэн доторлогоотой халуунаа барьдаг саванд хийж цайгаа хөргөлгүй хадгалах болсон байна. Монгол айл бүрт 2-3 литрийн “халуун сав”-тай цай байхыг төвөггүй олж харж болно. Монгол хүүхдүүд бор хоолонд орохоосоо ч өмнө цай ууж өсдөг. Хүүхдэд голдуу хярам хийж өгдөг нь цайны ургамлын найрлага дахь зарим бодис нялх хүүхдэд таарамжгүй гэж үздэгтэй холбоотой. Хярам нь усан дээр сүү нэмж буцалгасан ундаа бөгөөд зуны халуун улиралд бол хүйтэн хярам болон шингэн хар цайг хөргөн том данханд хийж бэлдэж тавих бөгөөд хөгшид хүүхэдгүй ууж амны цангаагаа тайлдаг.

Монгол цайны төрөл

Монголчууд хас тээрмийн, алтан үст, тунгалаг, хуурмал, үнэрт, хандалсан, хар модны зодгон, царсны, нохойн хошууны, нохойн хошууны хийцтэй, өрлийн, загсгалтай, боролзгоно, боролзгоны цэцэг, цагаан уулын, халгайн үртэй, улаалзганын навчин, өрлийн навчин, өрөл цээнийн үндсэн, тэхийн шээгтэй цай чанаж уудаг байсан талаар судлаачид тэмдэглэжээ. “Монгол идээн товчоо” номд Шэгэрийн, сөдөн, цайрын, улааганын, анхува, мөнх, манугийн, боролзогонын, өрлийн, сэндэн, царсны, алимын, цагаан яргуйн, суварган, нохойн хошууны, бударганын, хөрвөгөн, гурил тасалсан, чихэр бүрсэн, цульхиртай, сүүтэй, зөөхийгөөр сүлсэн, өрөм самарсан, шар тос самарсан, гурилаар амталсан цай хэрэглэж байсан талаар өгүүлжээ.

Монголын олон ястан угсаатны ёс заншилд олон төрлийн цай хийх арга байдаг. Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдахын сацуу орц найрлага ба хийх аргаар нь хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Үүнд:

1. Ердийн цай

2. Тостой цай

3. Хийцтэй цай

4. Махны орцтой цай

5. Эмийн өвс, ургамлын цай

6. Эмчилгээний цай

7. Тусгай аргаар чанах цай

Цайны жорууд:

Монгол ээжийн гарын цайны зарим жор | Урлаг.мн1. Бор цай: Буцалж буй усанд цайны ургамал хийж чанасан цай, давстай болон давсгүй байж болно. Зарим хүмүүс хар цай гэж нэрлэдэг ч бэлэгдлийн үүднээс хар гэдэг үгийг цээрлэн бор гэж нэрлэх нь монгол бөөгийн зан үйлтэй холбоотой ажээ. Мөн бүгээн цай гэж нэрлэх сүү багатай цай байдаг.

2.Сүүтэй цай: Усаа буцалгаад цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ хийж таглан буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг.

3. Шар тостой цай: Шар тосоо тогоондоо хийж хайлуулаад дээр нь цайны идээгээ хийж хуурна. Дээр нь усаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.

4. Хийцтэй цай: Эхлээд бор цайгаа хийж бэлдэж тавина. Шар тосоо тогоондоо хайлуулаад дээр нь гурил цацаж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.

5. Шар будаатай цай: Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж шар будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.

6. Цагаан будаатай цай: Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж цагаан будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.

7. Хорхоглож чанасан цай: Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас чанана.

8. Банштай цай: Эхлээд баншаа чимхэж бэлдэнэ. Бор цайгаа чанаж тавина. Дараа нь тогоонд шар тосоо халааж бага зэрэг гурил үрж хуурна. Дээр нь бор цайгаа хийж таглаад буцалгана. Давс үрж амтлаад сүүгээ хийж буцалгаж самарсны дараа баншаа нэмж чанана. Ядарч тамирдсан үед эм болдог цай юм. Ингэж хөөрөгдсөн цайг уухын өмнө аяганыхаа ууранд битүү утвал илүү ядаргаа тайлах үр дүнтэй гэж үздэг.

9. Сүүлтэй цай: Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд хүний тоогоор бэлдэж нимгэн хэрчсэн хонины уураг сүүл хийж хуурна. Сүүлний тос нь ялгарч борлоод ирэх үед гурил үрж хуураад цайгаа дээр нь хийж таглаж буцалгана. Давс нэмж амтлаад сүүгээ хийж буцалгаад самарч аагшуулна.

10. Борцтой шар будаатай цай: Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд цөцгийн тос хийж халаагаад гурил үрж хуурна. Хатаасан монгол борц нүдэж нунтаглаад 2 халбага хэртэйг хийж хуураад дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаж буцалгана. Үүн дээр шар, цагаан будааны аль нэгийг хийж чанаж болно. Будаа болмогц сүүгээ нэмж буцалгаад самарч бэлэн болгоно.

11. Борцтой цагаан будаатай цай: дээрхийн адил

12.Долоон банштай цай: Энэ нь дээрх банштай цайны адил бөгөөд ардын эмчилгээний чанартай, багаахан цайнд долоон банш хийж чанаад ууранд нь утаж ууж хөлсөө гаргаж ядаргаагаа тайлдаг цай гэдэг.

13.Цайтай сүү: Энэ нь мөн эмчилгээний чанартай бөгөөд тогоонд сүү хийж буцалгаад дээр нь ногоон цайны хуурай ургамлаа хийж чанана. Цайтай сүүгээ халуунаар нь утаж уух нь ядаргаа тайлж илааршуулдаг гэсэн ээжийн маань жор билээ. Халуун ууранд нь утахын тулд толгой дээгүүрээ том алчуур нөмрөөд цайгаа уух арга юм.

14. Хужиртай цай: Хужир нь байгалийн гаралтай эрдэс, кали болон натрийн давс учраас хааяа цайнд хийж уухад сайн гэдэг.

15. Чөмөгний ястай цай: Хонины чөмөгний ясыг цайнд чанаж уухыг мөн эмчилгээний чанартай гэж үздэг. Аль ч төрлийн цайнд ташиж хагалсан чөмөгний ясыг хийж чанаж болно. Эмээгийн маань данханд заавал нэг яс байгаа харагддагсан.

16. Тойгны ястай цай: Цайгаа чанахдаа тойгны яс хийж чанах энэ цай нь ядаргаа тайлах цай гэж үздэг.

17. Цагаан тос самарсан цай: Сүүтэй цайгаа чанаад хуршиж амт ороогүй, шинэ цагаан тос хийж сайтар самран аагшуулна.

18. Хөөрцөглөсөн цай: Энэ нь халуун тосонд хуурсан гурил дээр шингэн цай хийхэд их уур гарч хөөрөх бөгөөд түүнийг гадагш алдалгүй таглаж буцалгахыг хөөрцөглөх гэж нэрийддэг.

19. Чөмөгний ястай цай:

Хонины чөмгийг хугалж цайндаа хийн буцалгана. Ясыг сүүгээ сүлэхийн өмнө хийж буцалгах ёстой. Энэ цайг ядаргаа тайлах цай гэдэг.

20. Хээрийн цай: Хээрийн цай амттай гэж монголчууд хэлдэг. Хээр гурван чулуу тулаад ил гал дээр ямарч цай чанахад галын үнэр, хээрийн агаар нэвчээд аагтай амттай болдог.

21. Хорхоглож чанасан цай: Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас чанана.

22. Халгайтай цай: Цайнд нялх халгай, гоньд, цагаан гаа болон бусад төрлийн эмийн ургамлыг хийж чанаж эмчилгээнд хэрэглэдэг. Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч, сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.

23. Цагаан тостой бор цай: Бор цай чанаж аягандаа цагаан тос хийж хийж уудаг заншил.

24. Арвайн гурилтай цай: Арвайн гурилыг цөцгийн тосонд хуураад дээрээс нь бор цайгаа хийж буцалгаад, давс нэмж, сүлээд сайн самарч буцалгана.

25. Цулхиртай цай: Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн болгоод хутгаж аягална. / өтгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ.

26. Битүү цай 1: Таглаа сайтай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.

27. Загасгалтай цай: Говийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана.Цай буцлаад шар ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Гурван литр цайнд 60гр загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.

28. Говь гурван сайхан цай: Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.

29. Хонины годонтой цай: Хийцтэй цайнд хонины сүүлний годон хүний тоогоор хийж чанана.

30. Mөөгтэй цай: Мөөгийг эмчилгээний зориулалтаар цайнд хийж чанадаг.

31. Битүү цай 2: Том тогоонд усаа буцалгасны дараа тусд нь вааран саванд ус, цай, сүү, давс, шар тос хийж элдсэн гурилаар бүтээгээд тогоондоо хийж таглан битүү жигнэж болгоно.

32. Цагаан гаатай цай: Цагаан гааг нунтаглан цайгаа бэлэн болохын өмнөхөн тал цайны халбага хэртэй хийж амтална. Энэ нь мөн тамир тэнхээ оруулахад тустай гэж үздэг.

33. Гоньдтой цай: Хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай.

34. Өөөлд цай: эхэлж бор цайгаа бэлдэж тавиад тогоондоо сүүгээ хийж дээр нь хуурай цайгаа нэмж хийж буцалгаад давсаар амталсны дараа бор цайгаа хольж самардаг байна.

35. Цоргисон цай: Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.

36. Таван тансагтай цай: Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү. шар тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай ижил чанана. Харин хужирыг 5л цайнд нэг хоолны халбагаар тооцож хийнэ.

37. Толгойн ястай цай: Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.

39. Хөхүүрийн тостой цай: Цайндаа хөхүүрийн амсар дахь тосноос хийж самрана.

40. Хярам: цайны ургамал хийхгүйгээр усаа буцалгаад дээрээс нь сүү хийж чанах

Угсаатны цай чанах уламжлалт аргаас хуваалцъя

Угсаатны цай чанах уламжлалт аргыг сурталчлав

Торгуудууд эмийн чанартай, ядаргаа тайлах цай чанадаг

Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг.Торгууд угсаатны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг. Ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж. Ингэж чанасан цай нь ууц нурууны бэртэнгийг хөөх, хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй байдаг.

Захчин угсаатан цай чанах ёс

Ховд аймгийн Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг суманд “Захчин” угсаатан бий. Хийцтэй цай чанахдаа, тогоонд сүүлний өөх, шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган шаргалттал нь хуурна. Гурилаа бөөгнөрүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцэлсэн цайны гол анхаарах зүйл юм. Хуурсан гурил дээр идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд, сайтар самарч буцалгаснаар амттай сайхан цай бэлэн болдог аж. Захчин иргэд байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн хэрэглэж байна. Алтай сумын “Ёлхон” гэх газар ургадаг морол, жамц, цагаан, бор давс болон ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил гэх мэтээр цайгаа хийцэлж амт оруулдаг. Мөн онцлох зүйл нь тогоогоо угаахдаа “дэрс”-ээр хийсэн угаалтуур ашигладаг аж.

Урианхай түмний тавласан цай

Урианхай түмэн тавалсан болон хариулсан цай чанах агаад хариулсан цайг хоолны ороор хэрэглэх, хээр гадаа удаан хугацаагаар явж байгаа, мал хариулахаар явах гэж байгаа хүнийг цайлдаг ажээ.

Тавласан цай гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж, 21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэд хийгээд зочдод аягалан барьдаг. Халх угсаатан нь зон зутантай цай, хийцтэй цай, бантантай цай, гурилтай цай, толгойтой цай зэрэг олон төрлийн цай чанадаг аж. Цайг сүүлний өөх, гурил, борц, шар будаа зэрэг шим тэжээлт зүйлээр чанадаг нь эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг ид шидтэй гэнэ. Сонирхуулахад, хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь хоёр цаг битүү чанаж болгоод, дараа нь цайндаа хийж, мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн, 108 удаа самарч болгодог аж.

Дөрвөд угсаатны хонины шийртэй хийцэлсэн цай

Хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болгодог уламжлалтай гэнэ. Мөн хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг ч бас чанадаг аж.

Мянгад угсаатны ааг амтаар бялхсан олон янзын цай

Мянгад сумын Мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг. Мөн халгайтай цай чанахдаа, хавар, зуны улиралд таваас зургаан салаатай нялх халгай өвс түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Энэ цай даралт ихтэй хүний биед нэн сайн аж.

Түүнчлэн ястай цай чанадаг. Цай сүлэхийн өмнө чөмөгний яс, эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгана. Ийнхүү буцалгасан цайны амт чанар сайн агаад маш тэжээллэг болно. Энэ цай нь хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн байдаг ажээ.

Д.Отгонтуяа

29 replies on “Монгол уламжлал: Цай чанах ёсон ба цайны ашиг тус”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *