“Сэргэлэн интернэшнл экспедишн” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн 2000 жилийн тэртээ Хүннү төр зохиож ашиглаж байсан Хүн бичгийг тайлсан хэмээн олон нийтэд зарлаж, нийгэмд танигдсан хүн билээ. Нийгэм, соёл, бизнесийн салбарт тэнцвэртэй ажилладаг энэ эрхэм МУИС-ийн багш Д.Анхбаярт хандсан “Хичээл 1-6” гэсэн зургаан цуврал бичвэрийг нэгдүгээр сарын 12, 13-нд “Sergelen international expedition” пэйжид нийтэлжээ.
Нийтлэлд Туркийн талыг баримтлагч, тус улсад боловсрол эзэмшсэн эрдэмтэд хэрхэн эх түүхээ гуйвуулж, оюутан сурагчдын тархийг угааж буйг онцолсон байв. Тухайлбал “Янычар гэдэг нь yeniзeri буюу османы хэлээр шинэ цэрэг болно. Янычаруудыг Осман эзэнт гүрэн 8-16 насны загалмайтан хөвгүүдээс иж бүрдүүлж, тэднийгээ исламын сургаалд оруулж, цэрэг дайны мэдлэг чадварт сургаж байжээ. Янычаруудаар Осман эзэнт гүрэн хамгийн хэрцгий, балмад үйлээ үйлдүүлж байжээ.
Янычар гамбит нь Турк гамбитын нэг хэсэг бөгөөд монгол залуучуудаар өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын хэл, түүх соёлыг эвдүүлэхэд оршино. Янычар гамбит гэж монгол залуусыг Турк сургуульдаа элсүүлэн аваад, сургалтаараа тэдний ой тойноос үндэснийхэн үлдсэн охор санамжийг нь арилгаад, оронд нь өөрсдийнхөө зохиомол хөтөлбөрийг суулгасаар тэднийг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын үндэсний ой санамжийг самууруулах үйлсдээ ашиглахыг хэлнэ” гэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн “2002 онд Түрэг судлалын тэнхим бий болсон цагаас хойш уг тэнхимийн оюутан залууст VI-VIII зууны Түрэг төр нь өнөөгийн монголчуудтай огт хамаагүй, VI-VIII зуунд хамрагдах хүн бичээс мөн монголчуудад огт хамаагүй гэсэн мэдээлэл тэдний ой тархинд суулгасаар байна. Тэдэнд, та нар манай дээдсийн бичээсийг зөвхөн эртний түрэг хэлээр ухна, зөвхөн Ц.Баттулга, Б.Аззаяа докторуудаар заалгана гээн мунхруулсаар байна.
Орлого бага өрхийн залуусыг үнэгүй Турк улсын их сургуульд сургаж доктор зэрэг олгосоор янычаруудын ахлагч нарыг тэд Турк орондоо сурган бэлтгэсээр өнөөг хүрэв. Арван жилийн дараа турк янычарууд манай түүх хэлний салбарын удирдах ажилтнууд болно. Тэд манай түүхийг Турк багш нарынхаа заасны дагуу бичиж үгүй хийнэ” хэмээн онцолжээ. Түүний дүгнэлтээр “Турк янычарын ахлагч гэж өвөг дээдсийнхээ нутаг орноос илүү Турк орныг хайрлагч, тэдний эрх ашгийг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын эрх ашгаас илүү дээдлэгч Д.Анхбаяр мэтийн хүмүүсийг хэлдэг гэнэ. Ийнхүү нэгнээ буруутгах болсон шалтгаан нь МУИС-ийнТүүхийн тэнхимийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр “Interview Mongolia” хуудсанд “Сэргэлэн интернэшнл экспедишн”-ийүйл ажиллагааг үгүйсгэсэн ярилцлага өгснөөс улбаатайр аж. Д.Анхбаяр түүхэн талаас Есөн угс Османы дээдэс байсан, Хадан бичээсийг “Сэргэлэн интернэшнл экспедишн”буруу ухаж байна гэх мэт Турк багш нарынхаа үзэл бодлыг өгүүлжээ. Харин үүнийг нь тус ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн “Д.Анхбаяр “Interview Mongolia” хуудаст 2020 оны хоёрдугаар сарын 23-нд өгсөн ярилцлагадаа эх сурвалж задалсангүй учир нь бүх эх сурвалжууд, түүхэн баримтууд Д.Анхбаярын өгүүлснийг эсрэгээр баталж байна” гээд хариу тайлбаруудыг бичсэн байна.
“Үндэстнийг үгүй хий гэвэл түүхийг нь үгүй болго, үр хойчсийг нь үгүй хий гэвэл бичиг үсгийг нь үгүй болго” гэх харийн гүрний түрэмгий бодлогыг нийтлэлийг бичигч сануулаад“МУИС-ийн Түүхийн тэнхим оюутнууддаа өнөөгийн Хүн үндэстэн болох монголчууд Хүн гүрэнтэй огт холбоогүй, Хүн гүрний зүүн өмнө хэсэгт оршиж байсан Дунхугийн хойчисоос монголчууд үүсэлтэй гэж эх сурвалжаар үл нотлогдох зүйлийг номлож байна. Цаад зорилго нь Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын сав нутаг өнөөгийн монголчуудад огт хамаагүй, өнөөгийн Стамбулын туркүүдийн дээдсийх гэх ухагдахууныг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын толгойд суулгахад оршино” гэсэн нь нэн ноцтой сонсогдоно.
Туркт боловсрол эзэмшиж, тус улсад 10-аад жил аж төрсөн доктор Д.Анхбаяр хөрш гүрний зөөлөн хүчний бодлогын аюулыг бидэнд сануулж, “шүгэл үлээсэн” хэмээн өөрийгөө онцолдог. Тэгвэл яагаад өөрөө улс үндэстнээ үгүйсгэсэн, эх түүхээсээ хальсан баримтыг энэ удаа ярив?
Судлаач С.Сэргэлэнгийн дараагийн нийтлэлд “Д.Анхбаяр Руни бичиг угаасаа турк бичиг, бичсэн хэл нь түрэг хэл гэжээ. Тэгвэл Руни гэдэг нь умард Европын хойд хэсгээс олдсон арамей бичгийн салбар бичгийг өгүүлнэ. Арамей бичиг нь Европт латин бичгээр шахагдаж үгүй болжээ. Европчууд уг бичгийг Руни буюу үл танигдах бичиг гэж хожим нэрлэжээ. Манай хүн бичигт европ руни бичигтэй төс ижил хэдэн үсэг байх боловч дуудлага нь өөр. Тэгэхээр манай бичгийг Руни гэж нэрлэж огт болохгүй. Арамей бичиг нь Ахменедийн гүрний үед Энэтхэгийн баруун хэсэг, Европ болон манай өвөг дээдэст иржээ. Хүн гүрэн өөрийн бичиг үсэгтэй байжээ гэдгийг Дунд орны “Давс төмрийн зөвлөлдөөн” эх сурвалжаас уншиж болно. Мөн Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт Түрэг төрийн бичгийг Ху (Хүннү) луугаа ижил гэж бичжээ. Энэ тухай өгүүлсэн болно.
Д.Анхбаяр аа! Таны хэлснээр угаасаа турк бичиг гэдэг нь цаг хугацааны хувьд огт таарахгүй байна. Манай Хүн бичиг нь Түрэг төр байгуулагдахаас 1000 орчим жилийн урьд бий болсон гийгүүлэгч ултай бичгийн систем болно. Өнөөгийн турк хэл нь араб, перс толь давамгайлж буй хэл болно. Өнөөгийн халхчуудын хэл нь хүн хэл болно. VI-VIII зуунд Өтүгэнд оршиж байсан Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Тэлэчүүд байжээ. Тэд Хүннүгийн хойчис болох тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт бичжээ” хэмээн няцаасан байв.
Тэр ч бүү хэл “Туркт хамгаалагдсан түүхийн доктор зэргийг хүчингүйд тооцох нь зөв” хэмээн бухимдсан байлаа.Учир нь Д.Анхбаяр доктор“Түрэгийн түүхэнд ч тодорхой бичигдчихсэн байдаг. Хүннүгийн үед одоо гарч ирсэн, Хүннүгийн доторх аймгуудын нэг нь захиргаанд нь байсан Түрэг угсаатан” гэж тодруулсан байв. С.Сэргэлэн үүнд хариу болгон “Д.Анхбаяр аа! Юуны өмнө танд “түрэг угсаатан” гэдэг үгний утгыг тайлбарлая. Түрэг угсаатан гэдэг нь Түрэг гарал үүсэлтэй гэсэн утга. Та судлаач хүний амнаас гарах ёсгүй зүйл өгүүлэв. Яаж “Хүннүгийн доторх аймгуудын …захиргаанд Түрэг угсаатан байсан” байж болох вэ?
Эх сурвалж судлаачийнхаа хувьд танд Ашна овгийг үүсгэгчдийн дээд түүх, Ашна овог, Түрэг аймаг болон Түрэг төрийн үүх товч түүхийг дэлгэе.“Сэргэлэн Интернашионал Экспедишион” ТББ эх хэлнээ хөрвүүлсэн Умард төрийн түүх Түрэг Тэлэ-гийн шастирт “Ашна овог нь Өрнөд далай буюу Хөх нуурт НЭ II-III зуунд үүсжээ. Аажмаар хүчирхэг болж 500 өрхөө аван НЭ IV зууны сүүлээс V зууны эхээр Жужан төрийг дагажээ. Түрэг гэдэг нэр нь V зууны сүүлд үүсжээ. Түрэг угсаатан гэхээр V зуунаас хойш үүссэн этгээдүүдийг өгүүлнэ.
Д.Анхбаяр таны өгүүлснийг эргэж харцгаая: “Хүннүгийн доторх аймгуудын нэг нь, захиргаанд байсан Түрэг угсаатан”.
Яаж V зууны сүүлээр үүссэн Түрэг гэдэг нэр Хүннүгийн үед орших вэ? Эх сурвалж судлаач хүн өгүүлж буй өгүүлбэр болгоноо хянадаг. Учир нь эх сурвалж судлаачийн дотор мэдлэг оршино. Бид хэзээ ч Түрэг угсаатан Хүннүгийн захиргаанд байсан гэж хэлэхгүй. Ер нь Түрэг угсаатан гэж өгүүлэх нь манай ёсонд таарах эс таарах тухай хожим өгүүлнэ.
МУИС Түүхийн тэнхимийн багш, Анкарагийн их сургуулийн доктор Д.Анхбаяр та эх сурвалж судлахгүй бол ирээдүйн түүхчдийг сурган хүмүүжүүлэх эрхгүй.
Шинжлэх ухаанч гэж албан тушаалтныг эс хэлнэ. Шинжлэх ухаанч гэж шинжлээд ухааныг нь олдог нэгнийг өгүүлнэ.
Үндэстнийнхээ түүх, хэлээр харьд зэрэг хамгаалах нь үндэстний ой санамжид хортой. Өөрийн түүх, хэлээ харийн хүнээр заалгаж үл болно. Тэднээс зэрэг авч огт болохгүй. Аюул нь энэ” хэмээн судлаач С.Сэргэлэн бичсэн байв.
Түүхч, судлаачдын хооронд үүссэн мэтгэлцээн үүгээр дууссангүй. Хуудуутай судалгаа, бүрэн биш мэдээллээр ирээдүйн хойчийнхоо “тархийг угааж” талцуулан муудалцуулж байна хэмээн нэгнээ ч чичилсэн байлаа.
Монголд байгаа эрдэм шинжилгээний байгууллагууд бүтээлч мэтгэлцээн өрнүүлж, баримтаар няцааж, судалгаагаа нэг чигт оруулдаггүйгээс энэ мэт төөрөгдөл байнга үүсдэг бололтой.
Мэдлэг муугийн балаг даанч их. Хуумгай хандсан судалгаагаа далдалж, нийгэмд нэр нүүр олж, яваандаа салбарынхаа байгууллагын тэргүүн болох санаархалтай хэмээн зарим түүхч түүний тухай мэдэгдэх боллоо.
Эрдэм мэдлэгтэй эх түүхчид энэ улсад олон буй биз ээ. Залуусынхаа төөрөгдөл будилааныг эцэслэж, эрдмийн мэтгэлцээн өрнүүлэх цаг хугацаа хэдийнэ иржээ. Эс тэгвээс турхирдаг түүхч, талцуулдаг судлаачид нийгэмд мандаж, эх орноо хэд хуваахад бэлэн байгаа бус уу.
М.БАДАМ