Колумбийн поп од Шакира өөрийн бүх 145 дууны эзэмших эрхийг олон сая доллараар заржээ. Түүний уан бүтээлүүдийн ашиглах бүрэн эрхийг Hipgnosis Song Fund компани худалдаж авсан байна.
Тус компани сүүлийн үед олон уран бүтээлчдийн дууны эрхийг бөөнд нь худалдаж авч байгаа. Шакирад хэдийг төлсөн тухай зарлаагүй ч доод тал нь 15 жилийн хугацаанд олж болох орлогыг бөөнд нь төлсөн гэж ажиглагчид үзэж байна. Компанийн үүсгэн байгуулагч Мэрк Мэркуриадис “Олон уран бүтээлч ирэх 25 жилийнхээ орлогыг бүтнээр нь авч байгаа” гэж өнгөрсөн онд BBC сувагт ярьж байжээ. Уран бүтээлчийн хувьд ямар нэг эрсдэлгүйгээр дуунаас олж болох орлогоо урьдчилж авдаг нь давуу тал юм.
Харин Hipgnosis Song Fund компанийн хувьд худалдаж авсан бүх дуунуудаа янз бүрийн зориулалтаар ашиглуулж, орлого олох юм байна.
Тухайлбал телевиз, кино, сурталчилгаанд лицензээр ашиглуулах, ковер хувилбарын эрх олгох, концерт шоунд дуулах эрхийг зарах гэх мэт. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Hipgnosis компани Найл Рожерс, Блонди зэрэг олон алдартай уран бүтээлчтэй ийм гэрээ байгуулжээ. Шакира нь сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн их амжилттай ажилласан дуучдын нэгэнд тооцогддог. 1991 онд 13 настайдаа анхны цомгоо гаргаснаас хойш тэр 80 гаруй сая цомог борлуулж, Грэммийн шагнал гурав, Латин Грэммийн шагнал 12-ыг хүртжээ.
Шакирагийн анхны англи хэл дээрх цомог “Laundry Service” 2001 онд гарахдаа 13 сая ширхэг борлогдож байв. “Whenever, Wherever, ”Underneath Your Clothes”, “Hips Don’t Lie”, “Waka Waka” зэрэг хитүүд нь дэлхийн 15 орны жагсаалтыг тэргүүлж байжээ. Түүний хамгийн сүүлийн цомог “El Dorado” нь АНУ-ын зах зээлээс diamond сертификат авсан юм. Шакира нь YouTube сүлжээнд 2 тэрбумаас дээш үзэлттэй хоёр видеотой гуравхан эмэгтэй дуучны нэг ажээ. Түүний сүүлд гаргасан “Girl Like Me” дууны бүжиг нь Тик Ток сүлжээг байлдан дагуулж байгаа.
Hipgnosis нь дууны уран бүтээлүүдэд хөрөнгө оруулж буй цорын ганц компани биш юм. KKR (Kohlberg Kravis Roberts) хөрөнгө оруулалтын компани саяхан Райан Теддерийн зохиосон 500 дууны эрхийг худалдаж авахад Эд Шираны “Happier”, Камила Кабеллогийн “Into it” зэрэг хит дуунууд багтжээ. Боб Дилан саяхан өөрийн 600 дууны өмчлөх эрхийг Universal Music группт хэдэн зуун саяар зарсан байна.