Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Хоол зүйч М.Пүрэвжав: Хооллоход 15 минут хангалтгүй. Удаан, тайван идэж байж хоол боловсруулах явц хэвийн явагддаг


Зөв хооллолтын талаар Доктор, дэд профессор хоол зүйч М.Пүрэвжавтай ярилцлаа.


-Хүн хоол идэхдээ тайван, сайн зажилж идэх ёстой гэдэг. Цайны газарт 15 минутаас дээш хугацаагаар байж болохгүй гэж заасан. Ер нь 15 минутад хооллож амжих уу?

-Цайны газар, ресторанд хоолны материал бэлэн байх эсэхээс хамаарах байх. Гэхдээ 15 минут гэдэг хангалтгүй хугацаа. Хэрвээ ковидийг дайны үе гэж үзвэл хурдан идэхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Зөв хооллолт талаас тайлбарлавал энэ нь их буруу болж байгаа юм. Хүн удаан, тайван идэж байж хоолны шингэц, хоол боловсруулах явц хэвийн явагдана. Хажууд буутай хүн зогсдоггүй л юм бол иргэд хоолоо тухтай идээд л гарна. Манай улсад хэзээ ч биелэхгүй зүйл их бий. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн цайны цагийг зохицуулаагүй. Завсарлагааны хэдхэн минуттай.

-Халуун хоолыг түргэн идэх нь хэр сөрөг нөлөөтэй вэ?

-Хэт халуун хоол идсэнээр хүний улаан хоолой гэмтэх аюултай. Нэгдүгээр хоол гэхэд 74-75 хэм байх ёстой гэж заасан байдаг.

-Зөв хооллолт гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал?

-Үүнд нэн тэргүүний асуудал бол хоол боловсруулах эрхтэн бүрэн ажиллаж байх ёстой. Хооллох үе шат олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, хооллох цаг чухал. Хүн өдөржингөө хоосон явж байгаад орой их хэмжээгээр идэх нь сөрөг нөлөөтэй. Энэ нь хоол идээд байгаа хэрнээ цаагуураа ходоодонд маш их ачаалал үүсгэж байдаг. Хоёрдугаарт, хүнсний сонголт, хэрэглээ. Шим тэжээлийн агууламж ихтэй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Гуравдугаарт, өдөр бүр үр тариа, бууцай, мах, хүнсний ногоо, жимс зэрэг хүнсийг хоол хүнсэндээ ямар нэгэн байдлаар оруулж хэрэглэх. 20 гаруй жил буруу хооллосон хүнд ямар нэгэн байдлаар өвчин үүссэн байдаг. Халдварт өвчин шиг тэр дор нь гарч ирээд байдаггүй. Харин аажим аажмаар мэдэгддэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буруу хооллочхоод “Би зүгээр хооллоод ирсэн. Ямар нэгэн зовиур байхгүй” гэдэг. Энэ нь эргээд ямар нэгэн өвчний суурь болдог. Гол нь зөв хооллолтын тухай суурь зарчмыг баримтлах хэрэгтэй. Химийн нэмэлт орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

-Өөрт хэрэгтэй, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрхэн сонгох хэрэгтэй вэ?

-Үр тариа, сүү цагаан идээ, мах, загасны төрөл, жимс хүнсний ногооны төрөл зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх. Аль болох химийн найрлагагүй, үйлдвэрийн боловсруулалт бага орсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл, өөрт хэрэгтэй илчлэгээ түүгээр нөхнө гэсэн үг юм.

-Одоо хүмүүс Кето дэглэм барих олсон. Энэ нь зөв хооллолтод хамаарах уу?

-Энэ нь зөв хоололтод хамаарахгүй. Кето бол зорилготой хийж байгаа хязгаарлалтай хоолны дэглэм юм. Ойрын хугацаанд хүмүүс жин хасах зорилгоор их хэрэглэж байна. Үүнийг хэрэглэж байгаа хүн эхлээд суурь өвчингүй байх ёстой.Элэг, бөөрний өвчтэй хүн кето дэглэм барих нь тийм ч зохимжтой биш.

Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад зохистой хооллолтоор ямар түвшинд явж байгаа вэ?

– Ази тивдээ хооллох урлаг хамгийн сайн хөгжсөн орнуудад Хятад, Япон, Солонгосууд ордог. Эдгээр улсад үндэсний хооллох урлаг маш өргөн дэлгэрсэн, ард иргэд нь зохистой хооллолтын талаар сайн мэдлэгтэй байдаг. Америк улстай харьцуулахад манай улс гайгүй. Харин Япон, Солонгос гэх мэт хооллолтын өндөр соёлтой оронтой харьцуулахад таарууд орно. Зөв хооллолтын талаар ямар нэгэн ойлголт муу байдгаас үүдэн буруу ярьж, буруу хоол хүнс хэрэглэдэг. Ялангуяа уламжлалт хоол хүнсний хэрэглээгээ буруу тайлбарладаг. Жишээлэл, Манай ард түмэн мах иддэг байсан гэдэг ч юм уу. Анхнаасаа буруу тайлбарчихсан. Энэ талын мэдлэгийг түгээгээд өгвөл манайх харьцангуй органик хүнстэйгээ их ойр байдаг шүү дээ. Хамгийн гол нь санаа зовоож байгаа асуудал бол өөрөөсөө илүү хүүхдүүддээ буруу хоол хүнс өгч, тэднийг хордуулж байгаад юм. Хүмүүс гадаадын хэрэглээг дуурайж хүүхдүүдээ эрт бор хоолонд оруулж байна. Хөхөөрөө гүйцэт хооллодоггүй. Заавал нэмэлт тэжээл өгөх гэж яардаг. Хүүхдийг 5,6 сартайгаас бор хоолонд оруулах ёстой байдаг.

-Таргалалт зохисгүй хооллолтой шууд холбоотой юу?

Үүнийг шууд утгаар тэгж ойлгож болно. Зарим тохиолдолд генетикийн шалтгаан нөлөөлөх боломжтой. Гэхдээ генетикийн шалтгаантай хүмүүс ч гэсэн турж болдог. Мөн дааврын шалтгаантай өвчлөл мөн нөлөөлж магадгүй. Янз бүрийн дааврын бэлдмэл уудаг хүмүүс таргалах магадлалтай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *