Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул суманд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.
Учир нь он гарснаас хойш дээрх сумдад ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй хүний амь хохирсон хэрэг гарсан юм. Аймгийн Онцгой комиссоос ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сумдын Цагдаагийн байгууллага тусгай зөвшөөрөлтэй ААН, дэлгүүрүүдийн эрхлэгчидтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна гэж мэдээлэв.
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан бүлэг тус сумдад ажиллаж, автозамын хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа, Эрүүл мэндийн төв, тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцан зөвлөмж чиглэлээр хангасан байна. Цагаан-Овоо сум нь Хэнтий аймагтай хил залгаа тул Норовлин, Баян-Овоо сумтай ойр нутаглах малчин айл өрхүүдтэй сумын Засаг даргаас хамтран ажиллах гэрээ байгуулан зөвшөөрөлгүй зорчигч болон ачаа тээвэрт хяналт тавьж ажиллахаар тогтжээ. Мөн суурин болон хөдөлгөөнт постуудын тоог нэмэгдүүлэх, цагдаагаас алба хаагч нэмэлтээр ажиллуулах, тусгаарлах байранд камержуулалт хийх зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.