Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин 7.9 хувиар буурчээ

Энэ сарын 6-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 22.587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 41.3 хувийг нэг хүртэлх нас, 19.1 хувийг 2-4 нас, 10.4 хувийг 5-9 нас, 3.6 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 555 дуудлага ирснээс 38.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн ачааллаас үзэхэд, хүүхдийн 1123 орон дээр 115 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 17 буюу 22.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөн байгаагаас бүгд хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 4 буюу 10.3 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөн эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *