Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурлыг нээхдээ улсын эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бараг бүх салбартаа бүтэлгүйтсэн талаар ярьжээ.
Өмнө нь Ким Жон Ун 2016 оны намын их хурал дээрээ эдийн засаг, гадаад харилцааны хөгжлийн таван жилийн төлөвлөгөө танилцуулж олон улсын анхаарлыг татаж байсан билээ. Харин тэрбээр Жо Байден тангараг өргөхөөс хоёр долоо хоногийн өмнө ийнхүү эрх баригч намыг хуралдуулж байгаа аж.
Хурлыг нээж Ким Жон Ун “Бид өмнөх хурал /2016 он/-аас хойш дэлхийд нэр хүнд, хүч чадлаа өсгөснөөр гайхалтай амжилтад хүрсэн. Жишээлбэл, 2017 онд бид АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээж, амжилттай туршсан. Харин өдгөө бид дахин том алхам хийхийн төлөө шинэ зам нээх хэрэгтэй болж байна. Гэвч 2016 онд танилцуулж байсан хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бүх салбартаа бүтэлгүйтсэн байна. Тиймээс бид цаашдаа дотоод, гадаадын асуудлуудыг өөрсдийн хүчээр шийдэх чадвар, тогтвортой байдалдаа анхаарах шаардлагатай. Харин дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын хувьд манай улс эхнээс нь дуустал тогтвортой байдалд байж, дотооддоо халдвар алдахгүй тэсч чадлаа” хэмээн ярьжээ.
Хэдий Умард Солонгос албан ёсоор цар тахлын халдварын батлагдсан тохиолдол нэгийг ч бүртгээгүй боловч ДЭМБ-ын зүгээс хардлага арилахгүй байгаа билээ. Учир нь цар тахал идэвхтэй тархахаас өмнө Пёньян Бээжинтэй асар их худалдаа наймаа хийж, түүндээ хилийн хяналт сул тавьж байсан аж. Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлэлд хавсаргасан зургуудаас харахад эрх баригч намын хурал дээр намын гишүүд маск зүүгээгүйгээс гадна зай барих дүрэм хэрэгжүүлээгүй байна. Хурал хэдэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд цаашдаа Ким Жон Ун хэд хэдэн албан тушаалд халаа, сэлгээ хийж, түүний дотор төрсөн дүү Ким Ё Жоныг өндөр албан тушаалд албан ёсоор томилох магадлал их байгаа аж.
Эх сурвалж: TELEGRAPH