Дархан-Уул аймаг ковид цар тахлын голомтоо хумьж чадсан гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Дарханчууд ногоон бүс болсноо батлах зорилгоор иргэдээ давтан шинжилгээнд хамруулж эхэлжээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 байгууллагын 11153 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Онцгой комиссын шийдвэр гарсан байна. 10 цэгт нэгэн зэрэг явагдаж буй энэхүү шинжилгээнд өнөөдөр 10 цагийн байдлаар 1000 гаруй иргэн хамрагдсан байна.
PCR-ийн шинжилгээний ажилд нийтдээ 250 гаруй төрийн албан хаагч, таван зэрэг бүртгэл, шинжилгээг авах бөгөөд нэг дор 250-300 иргэнд үйлчлэх боломжтой. Мөн ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оочер дараалал үүсгэлгүй ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дарханд бүртгэгдсэн 45 тохиолдлоос 44 нь бүрэн эдгэж дууссан бөгөөд эдгэрсэн иргэдийг болон ОУ-ын нислэгээр ирж тусгаарлалтын хугацаа нь дууссан иргэдээ авна. Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт 13661 шинжилгээ хийгдэж халдвар нэмж бүртгэгдээгүй тул Дархан-Уул аймаг маань “НОГООН БҮС” болох боломж нээгдэж байна” хэмээн мэдээлсэн.