Categories
мэдээ цаг-үе

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд

Ирэх жил ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн, сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж, ЭМД-ын сангаас тусламж үйлчилгээний бүх зардлыг хариуцах он байх нь.

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль, шийдвэрүүдээс онцлон танилцуулж байна.

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр болсон билээ. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Энэхүү ял нь хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.

НДШ-ИЙГ 2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1-Н ГЭХЭД 17%-Д ХҮРГЭЖ БУУРУУЛНА

КОВИД-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөжээ.

НДШ-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. 2020 оны 10-12 дугаар сард НДШ-ийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч ААН, даатгуулагч нь НДШ-ийг 22%-аар төлөхөөр байв.

Харин Засгийн газрын шийдвэрээр ирэх оны эхний хагас жилд НДШ-ийн төлөлтийг хөнгөлөлттэй байдлаар төлнө.

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭВ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдэв.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон.

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.

АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОЖ, УИХ ТОМИЛНО

Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулснаар, уг хууль ирэх оны нэгдүгээр сарын хэрэгжиж эхэлнэ.

Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болно. Мөн АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

Мөрдөгдөж буй Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж тусгасан байдаг.

2021 ОНД ТӨСВӨӨС ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ.

Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЯСЛИ АЖИЛЛАНА

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн.

Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.

2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.

2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *