МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар дамжуулан шүүх эрх мэдэлд халдсан тогтолцоо хэзээнээс хэрхэн бий болчихов?
-Товчхондоо бол ганцхан хоногт л бий болсон хэрэг. Бүр тодруулбал, ээлжит бус чуулган хаах өдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр. Энэ асуудлыг бид зөв ойлгохын тулд эхлээд тухайн үед болсон үйл явдлын дарааллыг дахин санах хэрэгтэй болов уу.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлт болохоос өмнө тухайн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэх маш эгзэгтэй байдалд орж, 62 гишүүнтэй Монгол ардын нам хуваагдаж, Ардчилсан намын хэд хэдэн гишүүн бие даасан нам байгуулсан үйл явц болсон.Дээр нь нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл авсан зэрэг нөхцөл бүрдсэн. Яг энэ суурин дээр, дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ээлжит бус чуулган завсарлахаас ганц хоногийн өмнө өргөн барьж, улмаар маргааш нь батлуулсан. Гэхдээ дан ганц Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль бус, дээр нь Прокурор, Авлигын тухай хуульд ижил агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсан.
– Тэгвэл зөвхөн шүүх эрх мэдлээр зогсохгүй прокурор, авлигатай тэмцэх байгууллагад дээрх хараат бус байдал бий болсон гэсэн үг үү?
-Яг үнэн. Асуудлын гол учир нь энд байгаа юм. Уг нь нэр бүхий шүүгч нарын гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шийдэхээс эхэлсэн ажил төгсөхдөө шүүх эрх мэдлийг дээр нь нэмээд прокурор, бүр даамжраад авлигатай тэмцэх байгууллагыг бүхэлд нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас хараат болгосноор төгссөн хэрэг. Түүнийгээ хууль зүйн хувьд бол их цэвэрхэн, хуульчид бол халхавчлах зорилгоор гэж нэг нэр томьёо хэрэглэдэг шиг хийж гүйцэтгэсэн хэрэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх Үндсэн хуулийн бус байгууллагад шууд эрх олгох замаар улс төрийн хэрэгсэл болгон эрх мэдлийн ноцтой зөрчил үүсгэж, улмаар Үндсэн хуулийн суурь зарчмаа уландаа гишгэж энэ өөрчлөлтийг хийсэн. Энэ асуудал бол яах аргагүй маш ноцтой бөгөөд хууль тогтоох замаар эрх мэдлийг, улс төрийн нөлөөллийг шууд төвлөрүүлж болдгийг харуулсан хожмын нэгэн өдөр Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдэх жишиг болсон. Нэг талаараа энэ бол цэвэр хуулийн хулгай буюу хууль тогтоох замаар Үндсэн хууль, түүнд тогтоосон хууль дээдлэх зарчмыг зөрчсөн бодит жишээ юм. Нөгөө талаасаа улс төрийн хувьд холыг, хууль зүйн хувьд богино харж хийсэн гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, Прокурорын тухай хуулийн нэмэлт болох 46.6.4-д оруулсан зүйл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар Улсын ерөнхий прокурор, орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор заасан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиг үүрэгтэй зөрчилдөөд зогсохгүй, цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай огт тооцоогүй болох нь харагдана. Товчхондоо бол шударга бусын хонгилыг илүү хялбарчлаад зогсохгүй, нэмээд прокурор буюу хяналт тавих, мөрдөх буюу АТГ-тай хамтад нь өөрийн гарт оруулсан л асуудал буй юм.
-Тэгвэл шүүгчийн эрх зүйн байдлын хуулийн ганц заалт шүүх эрх мэдлийг цаашид хэрхэн хэрэгжүүлэхэд нөлөөлж байна гэсэн үг вэ?
-Гол асуудал бол нэр бүхий шүүгч нар авлига авч, улмаар түүнийг тойрсон хэрийг шийдсэн үйл явдлаас уг процесс эхэлснийг бид санах хэрэгтэй. Гэтэл тухайн үед үүссэн улс төрийн нөхцөл байдлыг ашиглан цаашид шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх оролдлого хийхийн оронд, шууд л шүүгчийг хараат болгох алхам хийсэн. Нөгөө гуя дагаж, хүзүү гэдэг шиг л энэ гэмт хэргийг илрүүлэх, мөрдөхтэй зэрэгцэн дан ганц тэдгээр гэмт хэрэг үйлдсэн шүүгч нарт хариуцлага тооцоод зогсохгүй түүгээр далимдуулан бүхэл бүтэн шүүх эрх мэдлийг халаасандаа хийсэн үйл явдал болсныг эрүүл ухаантай хүн бүр л мэдэж байгаа. Хэдийгээр ганцхан заалт боловч түүнээс үүдэн бүхэл бүтэн шүүх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлж буй 512 шүүгчийг хянан шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор, тэр дундаа ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдсэн гэдгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болох нь өөрөө шүүгчийн бүрэн эрхийн баталгааг үгүйсгэж буй юм.
-Энэ байдал шүүгчийн хэрэг, маргаан шийдэхэд нөлөөлөл үзүүлэх үү?
-Шууд нөлөөлнө шүү дээ. Уг нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх шууд нэр зааж хязгаарласан заалт бий. Гэтэл шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8, 18.5 дах хэсэгт оруулсан нэмэлтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэх, улмаар бүхэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх нөхцөл бүрдүүлэхээр заасан нь цаашид хэргийн хувь заяаг шүүх бус Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэрийн дор өөртөө төвлөрүүлсэн хэрэг л дээ.
-Тэгвэл цаашид шүүхийн хараат, барьцаалагдсан энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?
-Хэдийгээр 2019 оны гуравдугаар сард Улсын Их Хурал нэр бүхий хуулиудад дээрх өөрчлөлтийг хийсэн боловч энэ алдаагаа 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засварлан цэг тавьж чадсан. Үүнийг дараахь хоёр гол чиглэлд хийсэн юм. Нэгдүгээрт, шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон байсан олон эрхийг хязгаарлах. Энэ дагуу Үндсэн хуулийн 33.4 дэх хэсэг дэх “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэх өөрчлөлт. Угтаа энэ өөрчлөлтөөр цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон хэрэг. Хоёрдугаарт, Шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотойгоор Шүүхийн сахилгын хороо гэх байгууллагыг шинээр бий болгож гагцхүү тэр байгууллага л цаашид шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, сахилгын бусад шийтгэл оногдуулах эрхийг олгосон. Энэ цаашид өнөөгийн хуулиар бий болгосон шиг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээс нь чөлөөлөх гэх асуудал эцэс болсон. Тэгэхээр одоо УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хууль батлагдаж байж сая энэ асуудал эцэс болох учиртай. Гэвч энэ хуулийг батлах асуудал том сорилттой ямагт тулж байна.
-Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал яригдаж байсан. Цэц ямар нэг шийдвэр гаргаагүй юу?
-Монгол Улсад бүхий л хууль тогтоомж гагцхүү Үндсэн хуульд нийцэж гарах ёстой. Гэвч олонх хүч түрэн Үндсэн хуульд нийцээгүй хуулийг батлан гаргаж болно. Чухамдаа энэ байдлыг таслан зогсоох эрхийг Үндсэн хуулийн манаач болгон Үндсэн хуулийн Цэцэд өгсөн байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц ёстой нөгөө амаа үдүүлсэн мэт, нүдэн балай, чихэн дүлий хуулиа зөрчин дуугуй байсаар л байна. Яагаад гэвэл дээрх хуулийг УДШ-ээс Үндсэн хууль зөрчсөн хэмээн хүсэлт гаргасан. Хуулиар бол УДШ-ийн хүсэлтээр Цэц шууд маргаан үүсгэн шийдэх учиртай. Гэтэл маргаан үүсгэсэн ч юм шиг, үгүй ч юм шиг таг дараад хэвтчихсэн. Мөн нэр бүхий иргэд энэ талаар мэдээлэл гаргахад нь маргаан үүсгэхээс татгалзсан байдалтай л сууж байна. Зүй нь Цэц бол Үндсэн хууль зөрчсөн хуулийг нэг жил байтугай, нэг хором ч хүлээн зөвшөөрөхгүй байх үүрэгтэй шүү дээ. Тиймээс УИХ нэн яаралтайгаар Шүүхийн тухай хуулийг батлан гаргаж байж л уг тогтолцоог хална. Иймд одоо гол найдвар бол УИХ-ын гишүүд л болоод байна. Мэдээж хэрэг хуулийг батлахдаа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцүүлэх шаардлагатай. Тэгж байж л сая шударга бусын хонгил, түүний дагуу төвлөрсөн эрх мэдлийг үндсээр нь халж чадна.
П.БАТЗАЯА