“Эрүүл амьдрах арга ухаан” сургалтаар алдаршсан А.Мөнхөө эмч болон “Сайн энергийн төв” ТББ-аас санаачлан өмнөд монголчууд Улаанбаатар хотод амьдардаг амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулсан юм. Энэ тухай бид “Сайн энергийн төв” ТББ-ын захирал С.Цэцгээтэй ярилцлаа.
-Сайн байна уу. А.Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” сургалтыг Монгол Улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна. Энэ аянаа хэзээнээс эхлүүлэв?
-Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний улмаас удаан хугацаанд ажилгүй, орлогогүй байна гэдэг олон айлд хүндхэн даваа болж тэр тусмаа өдөр тутмын багахан орлогоор амьдардаг цөөнгүй айл өрхүүд хоолгүй хоноход тулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид харсаар байна. Эдгээр хүмүүст туслах зорилгоор А.Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” хичээл сургалтыг Монгол улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан Мөнхөө эмч багш, Өвөр Монголын “Сайн энерги” компани, Өвөр Монголын бүх сайн энергичидэд хандан Улаанбаатар хотын амьжиргааны доогуур түвшин дор ард иргэдэд хүнсний тусламж хүргэх сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна.
-Монголчууд А.Мөнхөө эмчийг “Эрүүл амьдрах арга ухаан” сургалт тогтмол явуулдаг гэдгээр нь сайн танина?
-А.Мөнхөө эмч багш “Эрүүл амьдрах арга ухаан ” эрүүл мэндийн цогц хичээлийг зохион бүтээгч бөгөөд 2014 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн сургалт, бясалгалын хичээлийг тогтмол явуулснаар маш олон хүн, гэр бүл эрүүл амьдрах арга ухаанд суралцаж үзэл бодлоо өөрчилж эрүүл энх, аз жаргалыг олж авсаар байна. Өмнөд Монгол даяар эрүүл мэндийн их багш хэмээн алдаршсан Мөнхөө эмч багш иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хийсэн олон жилийн ажил хөдөлмөрөөрөө 2019 онд Хятадын 1,3 тэрбум хүнээс оны шилдэг арван хүний нэгээр шалгарч улс даяар танигдсан алдар гавъяатай хүн шүү дээ.
-Энэ сайн үйлсийн аянд нийт хичнээн иргэд хамрагдаж, хэдэн төгрөгний хандив цугларсан бэ?
-А.Мөнхөө эмчийн болон компанийн удирдлага дуртайяа хүлээн авч хандивын ажлыг эхлүүлж Өмнөд Монголын өнцөг булан бүрт Мөнхөө багшийн эрүүл мэндийн хичээлд суралцагч ард иргэд, бүх сайн энергичид, элэг нэгт монгол ахан дүүс минь идэвхийлэн зүтгэж маш богино хугацаанд 206 мянган юань буюу 90 сая төгрөгийн хандивыг цуглуулжээ. Хүн өлсөхгүй байна гэдэг эрүүл байхын үндэс болохоор бид бүхэн энэ мөнгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч МУЗН-ээр дамжуулан Улаанбаатар хотын есөн дүүрэг бүх хороонд хүнсний тусламж нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэж байна.
-Хүнс түгээх ажлаа ямар хугацаанд хүргэхээр төлөвлөсөн бэ?
-Нэг дүүрэгт дунджаар 300 гаруй өрх, нэг хороонд 15 айлд хүнсний багц хүргэхээр тооцоолж нийтдээ 25 тн гурил, 12.5 тн будаа, таван тонн ургамлын тосыг нийт 2500 өрхөд шинэ оноос өмнө хүргэхээр төлөвлөж байна. Ингээд нэг айлд 10кг гурил, 5кг будаа, хоёр литр тос хүргэж байна.
-А.Мөнхөө эмч болон Өмнөд Монголын ахан дүүс минь их цаг зав, сэтгэл зүтгэлээ гаргаж байгаад их баярлаж байна?
-Өмнөд Монголын олон аймаг хошуудаас мянга мянган сайхан сэтгэлт ард иргэдээс 10, 20, 50, 100 гээд 500, 1000-н юань хүртэл ёстой олны олон таван цэн гэгчээр хүн бүр боломжийнхоо хэрээр хандивлаж үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх халуун сэтгэлээр ирүүлсэн мөнгөнөөс энэ их хүнсний тусламж бүрдэж байна. Ажил бизнесийн зардал хөрөнгийг хасаж, айл гэрийн хэрэглээг хэмнэж, ирээдүйд зориулах хадгаламжаасаа илүүчилж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ашиг орлогоосоо ядарч зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэлээр харамгүй хуваалцана гэдэг үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэл төдийгүй их эр зориг юм аа. Та нартаа маш их баярлалаа. Энэ хүнсний тусламжийг хорио цээр, халдвар хамгааллын дэглэмтэй аюултай хэцүү нөхцөлд Улаанбаатар хот даяар Налайх, Багахангай, Багануур гээд бүх дүүрэгт бүх хороонд хүрэх ёстой хүмүүст нь 2500 айлд тараах буянтай тустай хэдий ч хүнд ажлыг гардан хийх МУЗН-ийн хамт олонд мөн баярлалаа. Хоол хүнсний тусламж нэн шаардлагатай иргэд, өрхийн судалгааг түргэн шуурхай гаргаж, заавар зөвлөгөө өгч бидний ажлыг тусалж дэмжсэн Улаанбаатар хотын дүүрэг хороодын зохих албаны хүмүүс мөн олон. Өмнөд Монголчуудын онож хэлснээр хайр халамжийн энэ хандив тусламж нь зохих эзэндээ хүрч Монгол Улсын төр засгийн байгууллагаас эхлээд Монгол түмэн баярлаж талархаж буйг сайхан сэтгэлт тэр хүмүүс сонсож мэдвэл бидний зүгээс барих хамгийн том хариу бэлэг болох юм. Мөн чанартай сайн хүнсний бүтээгдэхүүнийг боломжит хамгийн бага үнээр нийлүүлж бидний ажлыг дэмжсэн “Улаанбаатар гурил”, “Дельта Фүүдс”, “Луча” зэрэг компаниуддаа баярлалаа. Хорио цээрийн үед хүнд нахцөлд байгаа Улаанбаатар хотын 2500 өрхөд нэн шаардлагатай хүнсний тусламж хүргэх ажлыг “Сайн энергийн төв” ТББ-аас амжилттай зохион байгуулж байгаадаа баяртай байна.