Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Ганзориг: Идээ бээр шахах нэрийн дор ажлаа хийж байгаа шударга хүмүүсийг зайлуулж байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын тушаалаар тус яамны бүх албан хаагчдыг 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. 100 хүний орон тоотой тус яамны албан хаагчдыг чөлөөлөх болсон нь Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх болсонтой холбоотой аж. Энэ талаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч, Анагаах ухааны доктор Д.Ганзоригтой ярилцлаа.


-Ямар шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх болсон талаараа ярихгүй юу?

-УИХ-ын сонгуулийн өмнө Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчингүй болж, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль батлагдан гарсан. Тухайн хуульд зааснаар Засгийн газарт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байна гэж заасан. Тус яам байгуулагдсанаар хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд, үндэсний хөтөлбөр маягийн хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд боловсруулан гаргах асуудлыг хариуцах байсан. Гэтэл шинээр бүрэлдсэн Засгийн газар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байгуулаагүй учраас одоо байгаа бүх яамдууд Бодлого төлөвлөлтийн газартай байж салбарынхаа бодлогоо өөрсдөө боловсруулж гаргах ёстой болсон. Зарим яаманд Бодлого төлөвлөлтийн газар гэж өмнө нь байсан. Харин байгаагүй яамдууд байгуулж эхэлсэн. Гэтэл ганцхан ЭМЯ өмнө байсан Бодлого төлөвлөлтийн газраа татан буулгасан. Энэ шийдвэр аравдугаар сарын дундуур гарч Засгийн газрын 155 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ бол зөв шийдвэр биш юм. ЭМЯ-нд үүсч байгаа бүтцийн өөрчлөлт энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байв.

-Тэгэхээр Засгийн газрын тогтоолын дагуу ЭМЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулж байгааг та буруутгаж байгаа юм байна?

-Тийм ээ. Яамны Бодлого төлөвлөлтийн газар ажиллаж байсан есөн хүнээс гурав нь үлдэж ажиллахаар, бусдыг нь шилжүүлэн ажиллуулахаар болсон. Яамнаас нийлээд 20 орчим хүнийг шилжүүлэх шийдвэр гаргасан. Хуулиараа бол тэдгээр хүмүүстэй тохиролцож зөвшилцөх ёстой, тэрийг хийлгүй шууд шийдвэр гаргасан байгаа юм.

-Тэгвэл шилжсэн хүмүүс нь мэргэжлийнхээ дагуу өөр газар ажилд орох юм биш үү. Асуудал юунд байна вэ?

-Өөр газар гэдэг нь ЭМДЕГ, эсвэл шинээр байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар юм. Төрийн захиргааны нэг байгууллагаас Төрийн захиргааны нөгөө байгууллага руу шилжүүлэн байршуулж байгаа, одоо эрхэлж байсан ажил дээрээ хашиж байсан албан тушаал, зэрэг дэвийг өөр газар шилжүүлэн ажиллуулахад бууруулахгүй хэмээн ТЗУГ-ын дарга хэлж байгаа. Гэтэл тийм биш. Дээд шатны байгууллагаасаа доорх шатны байгууллагадаа шилжиж, очсон газраа зэрэглэл буурч ажиллах юм. Очсон байгууллага нь хууль зөрчиж хүн цалинжуулж чадахгүй. Тушаал дээрээ тэнд ажил сайжруулахаар очиж байгаа боловч бодит байдал дээр шийтгэл аваад байгаа мэт албан тушаалыг нь бууруулж байгаа юм. Нөгөө талаасаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; 1.3 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” авна гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалтыг дээрх удирдлагууд ноцтой зөрчсөн байна.

Яаманд төрийн жинхэнэ албан хаагч биш 40 орчим хүнийг ажиллуулах болж, харин төрийн жинхэнэ албан хаагч 20 орчим хүнийг яамнаас холдуулж байна. Шилжин ажиллах шийдвэрт багтсан хүмүүс хууль зөрчиж байгаа болон шударга бус үйлдэлд дургүй байгаа юм. Энэ 20-иод хүнийг өөр ажилд шилжүүлчихээд тэдний оронд төрийн албаны шалгалтад тэнцээгүй, эсхүл тэр шалгалтыг өгч байгаагүй хүнийг төрийн ажлыг хийж чадна гээд аваад ирж байна. Төрийн албаны тухай хуулиар ийм шаардлага хангаагүй хүнийг төрд ажиллуулахыг хориглодог.

“КОВИД-19” халдварын цар тахлын хатуу хөл хориотой үед дээд удирдлагаас нь хориглосоор байтал хууль бусаар халаа сэлгээ, томилгоо явуулж, цар тахлын эсрэг дайтах гол байгууллага болох ЭМЯ-ны хүчийг сулруулж, нийт албан хаагчдын бараг тал хувийг нь ингэж өөрчилнө гэдэг бол хорлож байгаатай адил үйлдэл юм. Шилжин ажиллах шийдвэрт багтсан хүмүүс нь бүгд “КОВИД-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, мөн шуурхай штаб зэрэг дээр ажиллаж байсан хүмүүс байдаг. Шинээр ирсэн хүмүүсийн хувьд бараг маскаа зүү, гараа угаа гэхээс өөр ойлголтгүй нөхдүүд ирсэн болов уу.

-Тухайн ажилд тохирох шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг л тохоон томилсон байх л даа?

-Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд Төрийн албаны шалгалт өгч, тэнцсэн хүн ажиллах ёстой. Гэтэл тухайн хүн нь төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албанд ажиллах наад захын шалгуурыг хангахгүй байгаа. Эдгээр шалгуурыг хангаагүй ч ажил мэргэжлийн хувьд үнэхээр чадварлаг хүн юм болов уу гээд хайгаад харахаар энэ даргын танил, тэр даргын дүү, ийм ч ангийн хүүхэд, тийм ч УИХ-ын гишүүний хэлүүлсэн хүн, энэ даргаар яриулсан хүн гэдэг тодотголтой хүмүүс байх жишээтэй. Гэтэл шилжүүлэх гэж байгаа хүмүүс тэдний хажууд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ажлаа мэддэг хүмүүс гэдгийг хаана ч нүүр бардам хэлнэ.

-Тэгвэл та бүхнийг ямар нэгэн байдлаар ЭМЯ-наас холдуулах сонирхол хэн нэгэнд байх магадлал бий юү?

-Таны хэлсэнчлэн ямар хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байна гээд харахаар нэгдүгээрт, бидний ард ямар нэгэн нөлөө бүхий улстөрч, танил тал, хамгаалах, өмгөөлөх хүн байдаггүй юм байна. Уул нь төрийн алба бол танил талын алба биш юм. Хоёрдугаарт, бид зүгээр л ажлаа хийгээд явж байдаг, ямар нэг фракц, ийм тийм бүлэгт ордоггүй хүмүүс, магадгүй сул тал нь болохгүй зүйлийг болохгүй байна, болохгүй шүү гээд шударгаар хэлчихдэг. Тухайлбал, миний хувьд ЭМЯ-ны дэргэд “КОВИД-19” халдварыг илрүүлэх оношлуурыг дотооддоо бүтээх турших, баталгаажуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга юм. Оношлуурыг баталгаажуулах ажлыг саатуулж байгаа талаар нь яамны ТНБД болон сайдад үнэнийг нь хэлсэн. ТНБД-д “Та манай ажлын хэсгийн дарга мөртлөө ажлын хэсгийг яагаад хуралдуулахгүй ажил саатуулж, эс үйлдэл хийж байна вэ, ийм байдлаар төрийн ажлыг хийж болохгүй”, мөн Эрүүл мэндийн сайдад “Та биднийг өнгөн дээрээ дэмжиж байгаа гэх боловч бодит байдал дээр дэмжихгүй байна. Энд өөр ашиг сонирхол үйлчлээд байна” гээд хэлсэн. Надтай хамт шилжүүлэн ажиллах болсон хүмүүсийн хувьд ч ялгаагүй яамны удирдлагын санхүү мөнгө, тендертэй холбоотой болохгүй байдлыг шүүмжилсэн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар үнэнийг хэлсэн, шүүмжилж байсан түүхтэй хүмүүс байгаа юм. Тийм болохоор энэ хүмүүсийг одоо бушуухан зайлуулахгүй бол болохгүй юм байна гэж улайрч байгаа юм байна.

-Зарим хүн энэ томилгоо, халаа сэлгээний асуудлыг ЭМЯ-нд үүрлэсэн идээ бээрийг шахаж байна гэж харж байгаа?

-Манай удирдлагууд өөрсдийн эзэмшлийн болон төлбөр төлсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал троллуудаар Эрүүл мэндийн сайд сайн ажиллаж байна, ЭМЯ-нд үүрлэсэн идээ бээрийг шахаж байна гэсэн мэдээлэл цацаж сэвж байгаа.

Жинхэнэ идээ бээрүүд нь тэр яамандаа үлдчихсэн байгаа, ажиллаж байсан дарга нар нь өөр газрын дарга болох гээд, эсхүл үлдэж дахин ажиллах гээд тохиролцоод явж байгаа. Эрх ашгийн зөрчилтэй хүмүүс байсан тул амаа үдүүлсэн мэт байгаа. Одоо ЭМЯ-нд дандаа ам өчиг өгчихсөн, чих зөөлөн, танил талтай хүмүүс л үлдчихээд байна. Цөөн тооны чадварлаг хүмүүс байгааг мэднэ.

Тэд л илүү ачаалалтай ажиллах байх даа. Шилжүүлэн ажиллуулахаар явуулах гээд байгаа хүмүүсийг идээ бээр гэх нь буруу юм. Ид ажлын насны, дунджаар долоон жил орчим яаманд ажилласан хүмүүс байгаа юм. Тав хүртэлх насны гурван хүүхэдтэй эмэгтэй, хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээ гарган зүтгэж байсан, янз бүрийн тендер ашиг сонирхлоос гадуур байсан эдгээр хүмүүсийг яамны идээ буглаа байсан гэвэл яагаад ч зөвшөөрөхгүй. Надаас бусад нь эмэгтэй хүмүүс, би өөрийн болон тэдний эрх ашгийн төлөө дуугарч байгаа юм. Яг үнэндээ идээ бээр шахах нэрийн дор ажлаа хийж байгаа шударга хүмүүсийг зайлуулж байгаа. Одоо бидний хамгаалалт ганцхан Төрийн албаны тухай хууль болчихоод байна.

-Эцэст нь та бүхэн өөр газар томилогдлоо гэхэд одоогийн албан тушаалын зэрэг дэвээ хэвээр хадгалахыг хүсч байна гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, Засгийн газрын 155 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хөндмөөр байна. Улс орныг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны таван жилийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг эхлүүлнэ гэж заасан. Тэгэхээр ямар ч бодлого, төлөвлөгөө, эдийн засгийн төлөвлөлтгүйгээр яаж шинэчлэл хийх юм бэ. ЭМЯ-нд Бодлогын газар байлгахгүй байх Засгийн газрын шийдвэр анхнаасаа буруу гарсан. Үүнийг залруулах ёстой. Хоёрдугаарт, бид төрийн жинхэнэ албан хаагчид, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрхээ эдлэн, аль нэг байгууллага руу шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй. Яагаад биднийг явуулчихаад оронд нь төрийн албанд ажиллах шаардлага хангаагүй хүмүүсийг хууль зөрчин байршуулж байна вэ? Тийм хүмүүс албан бичиг ч зөв бичиж чадахгүй, магадгүй сайдынхаа нэрийг ч буруу бичих болно. Юун тэр тушаал, шийдвэр бодлого боловсруулах. Эрүүл мэндийн яам бол юу ч мэддэггүй хүмүүсийн суралцдаг дамжаа биш. Яаманд гол ачааг нуруун дээрээ үүрдэг цөөхөн хэдэн хүмүүс байдаг. Нэлээдгүй хэсэг нь дарга сэтэртэнгүүдийн танил тал, ах дүү, найз нар юм. Тэд ажил хийдэггүй л байхгүй юү. Одоо ЭМЯ тэднийхээ тоог л нэмж байна.

Шинэ томилгоогоор ЭМЯ-нд төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлагыг хангаагүй 26 хүнийг шинээр авч, өмнө нь түр ажиллаж байсан (мөн шаардлага хангаагүй) 13 хүнээ оролцуулснаар нийт 39 хүн болж, одоо Эрүүл мэндийн яам нийт ажиллагсдын 40 хувь нь төрийн захиргааны албанд ажиллах шаардлага хангахгүй боловсон хүчинтэй болжээ.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *