Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлын эхний үе шатыг амжилттай гүйцэтгэж дууссан байна

Стартап хэмээн нэрлэгдсэн компаниуд олон арван жил үйл ажиллагаагаа явуулсан уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрүүд зэрэг том акуллуудын хажуугаар хэдхэн жилийн дотор тэсрэлтэт өсөлтийг үзүүлэн хэдэн арван тэрбум ам.долларын үнэлгээтэй компаниуд болон хувирч байна. Энэ ч утгаараа маш их хэмжээний нөөц стартап руу урсан орж олон арван компани, төрийн байгууллагууд, институтууд, тэр бүү хэл бүхэл улс орноороо асар их хүчин чармайлт гарган стартап компаниудыг дэмжиж, дэмжих гэж оролдож байгаа боловч төрөн гарсан стартапуудын ердөө 10% нь л урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхлэх бизнес болон үлдэж байна. Энэхүү 10%-ийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?, Монгол улсад гарааны бизнесийг дэмжих экосистемийг хэрхэн бүрдүүлэх вэ? гэсэн асуултууд судалгааны ажлыг эхлүүлэх сэдэл санаачлага байжээ.

Судалгааны ажлыг гарааны компанид хөрөнгө оруулалт хийх, системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрөөр бойжуулах үйлчилгээ үзүүлэгч Сократус Студио ХХК санаачлан санхүүжүүлж 2020 оны 8 сараас 12 сар хүртэлх 4 сарынхугацаанд Залуу Судлаачдын Дэмжих Сан ТББ-тай хамтран гүйцэтгэсэн байна. ЗСДС ТББ нь системийн инженерчлэлийн арга зүйг ашиглан нийгэмд тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгох судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл INCOSE байгууллагын гишүүн бөгөөд Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг цорын ганц байгууллага юм байна. Тус байгууллага нь өмнө Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээ хийх замаар Хүний эрх төвтэй ХЭТ-16 нийгмийн загвар, Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загвар, Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар, Гэр бүлийн жишиг загвар, Сагсан бөмбөгийн лигийн жишиг загвар судалгаануудыг гүйцэтгэжээ.

Хүний эрх төвтэй нийгмийн загвар /ХЭТ-16/


Системийн инженерчлэлийн арга бол сүүлийн үед хөгжиж байгаа харьцангуй шинэ арга бөгөөд уламжлалт судалгааны аргаар танинмэдэж, шийдвэрлэх боломжгүй олон олон асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэх боломжийг олгодог давуу талтай юм байна. Уламжлалт судалгааны арга ньөгөгдөлийг цуглуулж, түүнийгээшинжлэх замаар учир шалтгааныг танин мэдэх, шийдэл бүтээх үзэл баримтлал дээр суурилдаг бол системийн инженерчилэлийн арга нь зорьсон зорилгоо суурь аксиомууд дээр үндэслэн системийн загварт оруулах замаар чанартай өгөгдлийг бий болгох, түүнийгээ шинжлэхзамаар зорилгоо хэрэгжүүлэх илүү үр дүнтэй шийдлүүдийг хөгжүүлэх үзэл баримтлал дээр суурилдаг байна.

ЗСДС нь аливаа судалгаанд залуу судлаачдыг сонгон шалгаруулж судалгааг системийн инженерчлэлийн аргыг ашиглах арга барилд сургах, дадлагажуулах зорилгыг тавьж хэрэгжүүлдэг байна. Энэ утгаараа салбар бүрийн төлөөлөл 15 судлаачаас бүрдсэн судлаачдын багаар тус судалгааг гүйцэтгэсэн байна. Судалгаанд Жавельтек ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ганчимэг, ШУТИС багш доктор профессор Н.Мөнхөө, ХИС-ийн багш Т.Заяа, СЭЗИС-ийн багш Г.Ариун-Эрдэнэ, НШУҮИГ-ийн мэргэжилтэн Б.Удвал, ЗСДС-ийн судлаач Л.Долгор, СЭЗИС-ийн оюутан О.Номуншүр нарын судлаачид хамтран ажиллажээ. Судалгаанд хуулийн зөвлөхөөр Маххони Лиотта олон улсын хуулийн фирм ажилласан байна.

Судалгааны явцын үр дүнгийн талаар БШУЯ, Инноваци технологийн газар, харьяа байгууллагууд, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, салбарын оролцогч байгууллагуудын төлөөлөл, иргэдийн оролцоотой 6 удаагийн танхимын болон цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж 500 гаруй оролцогчийг хамруулсан байна.

Судалгааны тайлан ирэх оны эхэнд хэвлэгдэн гарах ба судалгааны үр дүнгийн талаар www.mongolforum.mn цахим хэлэлцүүлгийн платформоор байнга явагдаж байна. Судалгаагаар гарааны бизнес, гарааны компани, экосистем, инноваци зэрэг тулгуур 13 ойлголтуудыг тодорхойлж, гарааны компанийг дэмждэг байгууллагын түвшний экосистемийн хэв шинжүүдийг тодорхойлсон нь судалгааны онцлох үр дүн байлаа. Мөн судалгааны явцад гарааны бизнесийг дэмждэг экосистемийг “Инновацийг дэмждэг үндэсний экосистем”, “Инновацийг дэмждэг орон нутгийн экосистем”, “Гарааны компанийг дэмждэг байгууллагын түвшний экосистем” гэсэн түвшинд ангилж, уялдуулан тодорхойлсноор экосистемүүдийг цэгцтэй танин мэдэх, шийдлүүдийг цэгцтэй боловсруулах боломжийг бүрдүүлсэн байна.

Цаашид төрийн байгууллагууд, хувийн хэвшил, судлаачидтай хамтран “Инновацийг дэмждэг үндэсний экосистем”, “Инновацийг дэмждэг орон нутгийн экосистем”-ийн жишиг загварыг боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг судлаачид онцолж байна. Үндэсний хэмжээний загварыг боловсруулснаар гарааны бизнесийг дэмжих оролцогч талуудын үүрэг тодорхой болох төдийгүй зохицуулах хууль, журмуудыг нягт уялдаатай, жинхэнэ утгаараа дэмжих шийдлүүдийг боловсруулах давуу талыг бий болгоно гэдгийг судалгааны багийнхан мөн онцоллоо. Судалгааны ажлыг үргэжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, судалгааны багт ажиллах сонирхолтой талуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилж, хамтран ажиллах, үндэсний хэмжээний тогтолцооныхоо суурь загварыг боловсруулах том ажилд оролцохыг ЗСДС ТББ, Сократус Стартап Студиогийнхан уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *