ОХУ-ын Эрхүү хотын дарга Р.Н.Болотов Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргалыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Ерөнхий консул Ж.Энхжаргал цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх, энэ хүрээнд монголын аж ахуй нэгж, компаниудыг Эрхүү мужийн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн яармаг зохион байгуулах, хотын дарга нарын харилцан айлчлалыг хийх, хот төлөвлөлт, экологийн асуудлыг шийдвэрлэх талаар туршлага солилцох, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцсон байна.
Ирэх жил Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсаны 50 жил, түүнчлэн Эрхүү хот байгуулагдсаны 360 жилийн ой зэрэг түүхэн, томоохон тэгш ойнууд тохиож байгаа бөгөөд талууд хамтран тэмдэглэх асуудлаар санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.