Дэлхий дахин хувьсан өөрчлөгдөж байна. Бидний амьдралд технологийн нөлөө нэвт шингэж, нийгэм тэр чигээрээ технологийн дэвшилд хөл нийлүүлэн алхах, түүнд зохицон амьдрах зайлшгүй шаардлага үүсээд байна. Технологигүйгээр амьдралаа төсөөлөх аргагүй болоод буй энэ үед хүн төрөлхтөн хүссэн ч, эс хүссэн ч Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед амьдарч байна.
Аж үйлдвэрийн I хувьсгалын үед уурын хөдөлгүүр, төмөр зам бий болсон бол II хувьсгалаар цахилгаан, үйлдвэрлэл хөгжсөн. Хоёрдугаар хувьсгал нь өндөр цалинтай, нарийн мэргэшсэн хүмүүсийг ажиллуулж, тэр хэрээрээ өндөр бүтээмжийг бий болгодог үйлдвэрлэлийн эрин бий болсон юм. Харин Аж үйлдвэрийн III хувьсгал бол мэдээллийн технологи, интернэтээс үүдэлтэй байсан бол IV хувьсгал нь хиймэл оюун ухаан, робот, физик, химийн инженерчлэл зэргийн хүний амьдрал дахь нөлөөллөөр тодорхойлогдох болж. Дэлхийн хүн төрөлхтөнд робот бүтээх, робот ажил хийх зэрэг ойлголт хол сонсогддог байсан бол өнөөдөр бидний дунд робот ажил хийх нь энгийн үзэгдэл болоход ойрхон байна. Жишээлбэл, Бельгийн Гент хот дахь “Marriot” зочид буудалд Марио нэртэй 19 хэлээр ярьдаг хүн робот 2015 оны зургаадугаар сараас хойш ажиллаж байна. Мөн Японы Сасэбо дахь “Henn-na” зочид буудалд хүнтэй төстэй роботууд зочдыг угтан авах, ачаа тээш зөөх зэрэг ажлыг гүйцэтгэх болж. Робот ажилуулж буй ийм жишээ олон бий. 2017 оны Их Британи улсын эдийн засгийн төлөв байдлын тайланд хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлөөс үүдэн 2030 он гэхэд Англид ажлын байрны 30 хувь, АНУ-д 38 хувь, Германд 35 хувь, Япон улсад 21 хувийг роботууд эзлэх аж.
Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Швабын томъёолсноор дэлхийн нийт хүмүүсийн 90 хувь нь интернэтэд хязгааргүй, үнэгүй хадгалалтын орон зайтай, мөн ухаалаг утастай болно, 80 хувь нь интернэтэд дижитал хуудастай байх бол Америкт хамгийн анхны эм зүйч робот бий болж, үүгээр зогсохгүй Америк улсын нийт авто машины 10 хувийг жолоочгүй машин эзлэх аж. Магадгүй энэ бүгд танд хэт хол, хэзээ ч төсөөлөгдөхгүй мэт санагдаж болох юм. Гэтэл энэ бол холын төсөөлөл, томъёолол огтоос биш. Харин 2025 он гэхэд л бий болох технологид суурилсан өөрчлөлтүүд гэдгийг Клаус Шваб “Аж үйлдвэрийн IV хувьсгал” номдоо бичжээ.
Хувьсгалын энэ өөрчлөлтөд дэлхий дээр 6 сая орчим ажлын байр устаж, 24 сая ажлын байр шинээр бий болж, 800 гаруй сая хүн ажлын байрны өөрчлөлтөөс шалтгаалж шинэ ур чадвар эзэмших зайлшгүй шаардлага үүснэ. Энэ бол факт. Ирээдүйд томоохон үйлдвэрт олон хүн ажиллуулах хэрэггүй болж, зарим мэргэжлийн ажлыг робот гүйцэтгэж /зарим газар роботуудыг ажиллуулаад эхэлсэн/, бүрэн автоматжуулалт, технологиор асуудлыг шийддэг болж байна. Тиймээс бид орчин цагийн нийгэм, технологид дасан зохицож, цоо шинэ ур чадварыг эзэмшихээс өөр аргагүйд хүрнэ.
Ирээдүйн хөдөлмөрийн тухай 2019 онд гаргасан дэлхийн тайланд хүний чадамж, ур чадварыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, насан туршдаа суралцах эрхийг хангах, ажлын байранд хөрөнгө оруулалт хийх, зохистой, тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих, хариуцлагаа сайжруулахад анхаарах шаардлагатайг тусгажээ. Үүний зэрэгцээ XXI зуунд хүнд хамгийн их шаардагдах ур чадваруудад бүтээлч сэтгэлгээ, асуудлыг цогцоор шийдэх, дасан зохицох, дүн шинжилгээ хийх, шинийг санаачлах, харилцааны соёл, хамтран ажиллах ур чадвар зэрэг “зөөлөн” ур чадвар багтсан байна. Нэг үгээр хэлбэл, робот хийх боломжгүй чадварыг эзэмшүүлэхэд анхаарах ёстойг хэлж байгаа юм. Энэ бүгдийг бид боловсролоор дамжуулан хэрхэн олгох вэ.
Бидэнд цахим шилжилт хэрэгтэй
Мэдлэг, боловсрол бол бүх нийтийн баялаг. Энэ баялгийг чанартай, тэгш, хүртээмжтэй, тэгш боломжоор хүргэх нь боловсролын салбарын баримтлах бодлого. Харин технологийн хувьсгалтай боловсролын салбарыг хэрхэн уялдуулж, хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд боловсрол олгох вэ гэдэг асуудлыг хөндөх нь юу юунаас илүү чухал байна. Үүгээр боловсролын салбарын цахим шилжилтийг зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага тулгараад байгааг хэлмээр байна.
Цахим шилжилтийг ярихын тулд “чанар, хүртээмж, өртөг” гэх гурван зүйлийг авч үзэх шаардлагатай болдог байна. Хүртээмжтэйгээр чанартай боловсрол олгохын тулд маш их өртөг гарна. Монгол Улсын нийт 50 мянга орчим багшид ижил түвшний боловсрол эзэмшүүлж, нэг түвшинд авчирна гэдэг хэцүү. Хүүхэд, залуусын хувьд ч мөн сурах арга барил, онцлогоосоо хамаараад зарим нь хэт хурдан, зарим нь удаан суралцдаг. Тиймээс багш, сурагчдын заах, сурах арга барилыг нэг балансад барих боломж нь өөрөө дижитал шилжилт юм. Жишээ дурдахад, Хэнтий аймгийн Галшар сумд химийн хичээлээрээ амжилт үзүүлэх чадвартай сурагч өөрийн хүссэн хичээл, сургалтыг улсын хамгийн шилдэг химийн багшаас цахимаар авах боломж бий. Эдгээр багш, сурагчийн харилцааг зөвхөн цахим шилжилтээр хийх боломжтой.
Дижитал шилжилтийг хийж, цахимаар боловсрол олгосноор сургалтын нээлттэй нөөц материал, сурах бичиг, нийтийг хамарсан нээлттэй хичээлийг бий болгож, улмаар оюутан, сурагчдыг бие даан боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Дэлхийн нийтийн дижитал сургуулийн системийн идэвхтэй сургалтын арга, технологийг Монголдоо нутагшуулж, боловсролын салбарт шинэ техник технологи нэвтрүүлж буй шилдэг, шинийг санаачлагч залуусаар багаа бүрдүүлсэн технологийн компаниуд нэлээд бий болсон. Тэдэн шиг технологи ашиглан боловсролын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, тэгш, хүртээмжтэйгээр боловсрол олгох вэ гэдэгт анхаарах хэрэгцээ шаардлага боловсролын салбарынхан хийгээд эрх баригчид, Засгийн газар, УИХ-д үүсээд байна.
Цахим шилжилтийг хэрхэн хийх вэ
Боловсролын салбарт технологийн шилжилт хийгдсээр ирсэн. “COVID-19” цар тахлын энэ үе цахим болон зайн сургалт бидэнд хэрэгтэй гэдгийг улам ойлгуулж бас мэдрүүлж өгч байна. Дэлхий нийтэд 1,5 тэрбум хүүхэд, залуус хөл хорионд орж, 63 сая багш зайнаас хичээл сургалтаа явуулж байгаа. Монголын хувьд ч мөн теле хичээл, цахим сургалтаар боловсролын үйл ажиллагааг тасралтгүй олгож байна. Тиймээс цахим сургалтын эрх зүйн орчныг бий болгож, цаашид хүүхэд, залуус цахимаар боловсрол, мэргэжил эзэмших боломжийг нь бүрдүүлэх шаардлага хэдийнэ үүссэнийг дээр дурдсан. Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсролын багц хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлж байгаа энэ үед цахим шилжилтийг зайлшгүй ярих хэрэгтэй. Цаг үеэ олсон Боловсролын багц хуулийн төслийн шинэчлэлд боловсрол эзэмших хэлбэрийг “танхим”, “зайны”, “цахим”, “холимог” байхаар тодорхойлжээ. Энэ бол хуулийн төсөлд зайлшгүй байх чухал заалт гэж бодож байна.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод ч мөн “Бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлнэ”, “Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон зайн сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ” гэсэн байдаг.
Цахим шилжилтийг ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд бид юун түрүүнд хууль эрх зүйн орчноо бий болгох нь чухал. Үүний дараагаар сургалтын нэгдсэн платформыг бий болгох, цахим сургалтыг хөгжүүлэх, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, сурагчид бие даан суралцах, багш чиглүүлэх, зөв мэдээлэл олох аргыг нь заах гэх мэтээр заах арга барилаас суралцахуй руу чиглэх зэрэгт анхаарах шаардлагатай. Ялангуяа Боловсролын багц хуулийн төслийг Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлэх гэж байгаа энэ цагт цахим шилжилтэд анхаарал хандуулаасай гэж эрх баригчид, УИХ-ын гишүүдээс хүсэж байна. Яагаад гэвэл, дэлхий нийт Аж үйлдвэрийн IV хувьсгалд хүнээ хэрхэн бэлдэх, ямар мэргэжил хэрэгтэй, юу нь хэрэггүй, цаашид боловсролыг хэрхэн эзэмшүүлэн сургах, сурагчдыг бие даалгах зэрэгт санаа тавиад эхэлчихсэн байна шүү дээ.
П.ЖАРГАЛ