Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Их, дээд сургуульд тавигдах шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Боловсролын багц хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгүүдийг улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр (2020.12.22) Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон их, дээд сургуулиудын багш, удирдлагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

Шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж, харилцаа холбоо, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, ур чадварын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа энэ үед дэлхий дахинаа дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх томоохон асуудал тулгарч буйг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцолсон. Түүний хэлснээр ажлын байрны төлөв байдал өөрчлөгдөж, хиймэл оюун ухаан робот хүчтэй нэвтэрч эхэлсэн. Үүнийгээ дагаад авьяасын төлөөх өрсөлдөөн нэмэгдэж, боловсролын зэргийн шалгуур үзүүлэлтээс илүүтэй тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмших шаардлага үүсэж байна. Иймд бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдэх, шинийг санаачлах, харилцаа, хандлага, хамтран ажиллах ур чадварыг боловсролын системээр дамжуулан эзэмшүүлэх хэрэгцээ бий боллоо. “Багшлахаас-суралцахуйд” шилжиж байгаа учир энэ бүгдийг хослуулан цахим сургалтыг боловсролын салбарт нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ.

Мөн “Монгол Улсын дээд боловсролын хүртээмжийг хэт задгай тавьснаас болж ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 гаруй хувь нь их, дээд сургуульд элсэж, хувийн чанаргүй их, дээд сургуулийн тоо ихэссэн, дээд боловсролын салбарт тэгш бус байдал эрс нэмэгдсэн хор уршиг гарсан. Иймд их, дээд сургуульд тавих шаардлагыг өндөрсгөх, их сургуулийн засаглалын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай. Түүнчлэн судлагааны их сургуулийг байгуулах зорилгыг тодорхой болгож, оюутнуудын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хийх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага өөрчлөгдөж, хөдөлмөрийн зах зээл улам бүр даяарчлагдаж байна. Мэдлэгээр бус чадвар хандлагаар өрсөлдөж байна. Дээд боловсролын тухай хууль батлагдсан 2001-2002 оны хичээлийн жилд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн тоо 178 байсан. Өнөөдөр 88 их, дээд сургууль 7143 багш, 147293 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Багш сургаж, суралцаж сурдаг байсан хандлагаас суралцахуйг дэмжсэн боловсрол руу эргэж буцалтгүй явж байгаа учир үүнийг хуулийн шинэчлэлд тусгагдах учиртай” хэмээлээ.

Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын салангид явж ирсэн тогтолцоог шинэчилж, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үр ашигтай түншлэлийг бий болгож, өрсөлдөөн, үр дүнд суурилсан санхүүжилтийн хэлбэр, тогтвортой бодлогын дэмжлэгийг хуульчилж байгаагаараа Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд онцлог юм. Цахим хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед зарим мэргэжил үгүй болж, огт байгаагүй мэргэжлүүд шинээр бий болно. Тэгэхээр бид их, дээд сургуульд мэргэжил эзэмшээд цаашдаа насан туршдаа ажил хөдөлмөр эрхлэх чадвартай болох шаардлага үүсэж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн их, дээд сургууль хооронд кредит шилжүүлж тооцдог болох, элсэлтийг зөвхөн шалгалтаар хязгаарлахгүйгээр тухай хүүхдийн хандлага чадварыг нь харгалзаж үздэг болох зэрэг шинэчлэлийг хийх хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Шинжлэх ухааны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах шаардлага байгаа юм. Шинжлэх ухааны академи, их сургууль хоёрын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Их, дээд сургуулиуд судалгаа шинжилгээний ажлаас олдог орлого нь бага байдаг. Их, дээд сургуулийн санхүүжилт олох боломжийг бий болгох нь чухал. Аливаа шинэчлэлт өөрчлөлт санхүүжилтээс болж гацах тохиолдол бий. Санхүүжилтийг сургалтын төлбөр, улсын төсөв, судалгаа шинжилгээний орлого, хандив, тусламжаас бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Хувийн их, дээд сургуулийн тоо цөөрч байгаа хэдий ч чанарын асуудал гомдол, шүүмжлэл дагуулдаг. Тэр дундаа орон нутгийн сургуулиуд элсэлт авдаггүй, элсэлтийн тоо цөөрсөн гэдэг. Иймд орон нутгийн сургуулиудад анхаарах хэрэгтэй” гэдэг саналыг хэлж байлаа.

Үүний дараагаар их, дээд сургуулийн багш, удирдлагууд саналаа хэлсэн юм. МУИС-ийн багш н.Батцэнгэл хэлэхдээ “Дээд боловсролын хуулийн хүрээнд бидний зүгээс их, дээд сургуулийн хоорондын ялгааг гаргах, шалгуурыг тодорхой болгож байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Их, дээд сургуулиудад тавигдах шаардлагыг тодорхой тусгах хэрэгтэй” гэв.

Харин Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр “Боловсролын үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага цахим сургалт руу чиглэж байна. Иймд цахим сургалтын эрх зүйн орчныг бий болгох нь чухал” гэв.

МУБИС-ийн багш, удирдлагын нэгтгэсэн саналд “Бид 10, 20 жилийг харсан хуулийг боловсруулах шаардлагатай. Сургалт, багшийн чанар гэдэг бол боловсролын чанарын асуудал юм. Иймд багш бэлтгэх тогтолцоонд бид анхаарч байгаа. Багш бэлтгэх тогтолцоог чанартай байлгах гол үндсэн хөшүүргэ нь чанартай элсэгчдийг авах ёстой. Бидний хамт олны зүгээс багш бэлтгэх оюутны төлбөрийг төрөөс хариуцах, эсвэл багш бэлтгэж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалинг төрөөс хариуцах. Багш бэлтгэж буй их сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудалд анхаарах нь хамгийн чухал байна” хэмээв.

Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб сайт, бүх шатны сургалтын байгууллага, багш, эцэг, эх, суралцагчаас цахим болон бичгээр нийт 54 мянга орчим удаагийн хандалт хийгдэж, 22637 саналыг өгөөд байна. Үүний 10450 нь эцэг эх, асран хамгаалагчдын гаргасан санал байгааг салбарын сайд хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад иргэд lawmaker.parliament.mn сайтаар санал өгөх боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *