Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Л.Галбаатар: Эрх мэдлээ хэрэгжүүлэх болохоороо “Би албан тушаалтан” гээд, гомдол гаргах болохоороо “Би иргэн” гээд байж болохгүй л дээ

-“ОЛОН НИЙТИЙН ЗҮТГЭЛТЭН” НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИЛ ТОД, БАЙНГЫН ХЯНАЛТАД БАЙЛГАХГҮЙ БОЛ ЗАСГИЙН ЭРХИЙГ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ АШИГЛАХ ҮР ДАГАВАРТ ХҮРНЭ-

Хуульч Л.Галбаатартай “Public figure” буюу “Олон нийтийн зүтгэлтгэн” гэх ойлголтын талаар ярилцлаа.


-“Public Figure” буюу олон нийтийн зүтгэлтэнг хаан, хатан хаан, сонгогдсон эрх мэдэлтэн, урлаг соёлын одод, тохиолдлоор алдартан болсон гэж дөрөв ангилдаг. Эдгээр ангиллын тухай тодорхой тайлбарлахгүй юу?

-Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон буюу гүтгэсэн гэж гомдол гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлохын тулд “Олон нийтийн зүтгэлтэн” гэх ойлголтыг хэрэглэдэг. Олон нийтийн зүтгэлтний талаарх илт худал бөгөөд хор уршигтай мэдээлэл нийтлэгдсэн үед тэрхүү мэдээллийг бичсэн, нийтэлсэн этгээд санаатайгаар, үзэн ядалтын сэдэлтээр олон нийтийн зүтгэлтнийг гутаан доромжилсон гэдэг нотолгоо байхгүй л бол олон нийтийн зүтгэлтэн өөрийгөө гүтгүүлсэн гэж гомдол гаргах эрхгүй. Үүний шалтгаан нь олон нийтийн зүтгэлтэн бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, хэрэгжүүлэх эрх мэдэл, нөлөө бүхий этгээд юм л даа. Товчоор хэлбэл, олон нийтийн анхаарал, хяналтад байнга буюу тодорхой хугацаанд байдаг хүнийг паблик фигур гэж ойлгох боломжтой. Сонгогдсон эрх мэдэлтний хувьд нэр дэвшихээ мэдэгдсэн үеэс эхлээд л сайн дураараа олон нийтийн хяналтад ордог. Ингэж өөрийн хүслээр буюу сайн дураараа олны хараа, хяналтад ордог хүмүүст урлаг, соёл, спортын одод, улстөрчид, сэтгүүлчид, бүтээл туурвигчдаас гадна олон нийтийн цахим сүлжээний нөлөөлөгчид хамаардаг. Ийм олны танил, алдартанд хамаарах хүмүүсийн жагсаалт нэмэгдсээр байгаа. харин өөрөө хүсээгүй ч олны анхааралд орох хүмүүс бий. тухайлбал, онгоцны аймшигт ослоос ганцаараа амьд үлдсэн хүн бол олон нийтийн анхааралд орох нь тодорхой.

-“Олон нийтийн зүтгэлтэн” нь жирийн иргэдээс юугаараа ялгаатай вэ?

-Олон нийтийн хараа хяналтад байна гэдгээ ухамсарлаж, зөвшөөрч байж “Олон нийтийн зүтгэлтэн” болж байгаа. Түүний үйлдэл, шийдвэр болгон нь олон нийтийн эрх ашгийг шууд хөндсөн, илэрхийлсэн байдаг. Харин жирийн иргэний үйлдэл, шийдвэр нь олон нийтийн эрх ашгийг шууд хөндөхгүй шүү дээ.

-Шүүмжлэлд өртөмтгий эдгээр хүмүүс ямар учраас олон нийтийн хяналтад байх ёстой вэ?

-Нэгэнт олон нийтийн зүтгэлтний үйлдэл, шийдвэр нь олон нийтийн эрх ашгийг шууд хөнддөг, илэрхийлдэг тул тэрхүү үйлдэл, шийдвэр ямагт зөв байх, олон нийтийн эрх ашгийг хамгийн сайн хангасан байх ёстой. Ийм байлгахын тулд иргэдийн зүгээс олон нийтийн зүтгэлтний үйл ажиллагаа, шийдвэрийг шүүмжлэх буюу үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ нь олон нийтийн зүтгэлтэн шүүмжлэлийг гүтгэлэг гэж гомдоллохгүй байх, бодит үнэнийг олон нийтэд хүргэж байх үүрэг болдог.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ буюу “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйлийн талаарх НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34 тоот тайлбарт гүтгэлэг ба үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний хамаарлын асуудлыг авч үзсэн. Тус тайлбарт тэмдэглэснээр гүтгэлэгт хариуцлага хүлээлгэх хууль нь үнэнийг хамгаалахыг зорилго болгосон байх бөгөөд үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр, мөн чанар, түүнийгээ баталгаажуулах асуудалтай холбоотойгоор хэрэглэгдэхгүй. Олны танил, алдартантай холбоотой үзэл бодол, сэтгэгдэл болон алдаатай, бодит үнэнээс зөрүүтэй хэдий ч өс хонзонгийн шинжгүй мэдэгдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахгүй байх нь зүйтэй. Учир нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаарх шүүмжлэлийг гүтгэлэгт тооцдоггүй. Практикт гүтгэлгийн хэргийг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл ногдуулж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг ноцтойгоор хязгаарлаж байгаа юм. Иймд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх олон улсын байгууллагуудын зүгээс гүтгэлгийн эрх зүйн асуудал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах нөхцөл болохгүй байх, үүний тулд гүтгэлгийг гэмт хэрэгт тооцохгүйгээр иргэний эрх зүйн зөрчилд хамааруулахыг уриалсан байдаг.

-Европт хуучин хаан, хатан хааны гэр бүлийг энэ ангилалд оруулдаггүй байсан боловч эдгээр хүмүүс маш их хөрөнгө эзэмшдэг учраас сүүлд оруулсан гэж байна. Энэ тухай яриагаа үргэлжлүүлье?

-Хаан, хатан хааны хувьд байнга л олны хараа хяналт, анхааралд байдаг. Орчин үед хаан, хатан хааны хувьд харьцангуй бэлгэдлийн шинжтэй, хязгаарлагдмал эрх хэмжээтэй хэдий ч тэдний эдэлж хэрэглэж байгаа эд зүйл нь татвар төлөгчдийн төлсөн татвараас бүрддэг улсын төсвийн нэг хэсэг байдаг учраас олон нийтийн зүтгэлтэнд тооцогдох болсон. Жишээ нь, Форбес сэтгүүлээс Их Британийн хааны гэр бүл 88 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлсэн байна лээ. Хатан хаан цалин хөлс авдаг. Зөвхөн хөрөнгө гэлтгүй төрийн үйл хэрэгт хатан хааны хувьд бодит оролцоотой. Мөн хатан хаан Ерөнхий сайдтай онцгой харилцаатай байдаг бөгөөд түүнийг томилох эрхээ хадгалан үлддэг бөгөөд түүнтэй тогтмол уулздаг. Энэ дурдсан зүйлс хатан хааны хувьд олон нийтийн зүтгэлтэн болохыг тодорхой харуулдаг. Өөрөөр хэлбэл, түүний хөрөнгө, үйл ажиллагааны талаарх элдэв шүүмжийн эсрэг хатан хаан гомдол мэдүүлээд байх ёсгүй гэсэн үг.

-Сонгогдсон эрх мэдэлтэн мэдээж сонгосон хүмүүсийнхээ төлөө ажиллах ёстой шүү дээ. Улс төрийн албан тушаалтан бүх зүйлээ ил тод байлгана, санал шүүмжлэл хүлээж авна, тунгалаг байна гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн албыг өөрийн хүсэл зорилгоороо хашиж байгаа. Гэтэл манай улстөрчид иргэдийн шүүмжлэл, үгийг хүлээж авах нэлээд дургүй байна уу даа?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Энэ зарчим нь төрийн улс төрийн болон бусад албан тушаалтнууд иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, үйл хэргээ иргэдийн хууль ёсны эрх ашгийн төлөө зориулах ёстойг илэрхийлдэг. Гэтэл улстөрчид цагдаа, шүүхэд гомдол гаргаж байгаагаа тайлбарлахдаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үүрэг, 19-дүгээр зүйлд заасан “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэдэг зохицуулалтыг хэлдэг. Гэхдээ энэ заалтаа бүрэн ойлгох хэрэгтэй. Хүний нэр төр, алдар хүнд гэдэг нь тухайн хувь хүнд хамаарах ойлголт бөгөөд албан тушаалтанд хамааралгүй. Иргэдийн шүүмжлэлд хувь хүнийх нь хувьд биш, тухайн албан тушаалтных нь хувиар хандсан байдаг. Эрх мэдлээ хэрэгжүүлэх болохоороо “Би албан тушаалтан” гээд, гомдол гарах болохоороо “Би иргэн” гээд байж болохгүй л дээ. Тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа иргэний хувиар гомдол гаргах эрхгүй гэсэн үг.

-Урлаг, соёл, телевизийн одод нийгэмд нөлөөтэй. Нөлөөтэйгийнхээ хэмжээгээр нөгөө бүлгүүдтэйгээ уялдаа холбоотой байж нийтийн хөрөнгийг захиран зарцуулахад нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж болзошгүй гэж хуульч ярьж байсан. Энэ тухай тодорхой тайлбарлахгүй юу?

-Таны хэлж буй одод буюу олны танил, алдартны хувьд улстөрч буюу сонгогдсон эрх мэдэлтнийг дэмжих, дэмжихийг уриалах тохиолдол түгээмэл байдаг. Энэ нь тухайн улстөрч буюу “Олон нийтийн зүтгэлтэн”-ийг нийтийн хөрөнгийг захиран зарцуулах, шийдэх эрх мэдэлд хүрэхэд нөлөөлдөг. Үндсэндээ нийтийн хөрөнгийг хэн захиран зарцуулах, юунд зарцуулах зэрэгт нөлөөлж байгаа төдийгүй тийм үйлдлийн хамтран зүтгэгч гэж ойлгогдоно.

-Эдгээр бүлгүүд нь цэвэр тунгалаг байж үргэлж олон нийтийн хяналтад байх нь зүйн хэрэг гэж байна л даа. Хэрэв энэ зарчим алдагдвал цаашдаа юу болох вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Тэгэхээр олон нийтийн зүтгэлтний хувьд үйл ажиллагаагаа ил тод, олон нийтийн байнгын хяналтад байлгахгүй бол ард түмнээс эхтэй засгийн эрхийг ард түмний эсрэг ашиглах үр дагаварт хүрнэ.

-Сонгогдсон эрх мэдэлтэн дээр дэлгэрүүлж ярья. Дэлхийн улс оронд манайд гараад байгаа сайд, жүжигчин хоёрынх шиг ийм явдлыг ямар хуулиар, хэрхэн шийддэг вэ. Жишээ баримт дурдахгүй юу?

-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн үндсэн шинж болох “Илт худал мэдээлэл”-ийг хууль тогтоомжид тайлбарлаагүй, гомдол гаргагчийн зүгээс тийнхүү худал мэдээлэл тараахаас сэргийлэх, худал мэдээллийг залруулах хангалттай арга хэмжээ авсан эсэхийг харгалзахгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 21-дүгээр зүйлийн дагуу шийдвэрлэж болох иргэний гэм хорын асуудлыг эрүүжүүлсэн нь буруу байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс дээрх асуудалтай холбоотойгоор 2015 онд Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Тухайлбал, нэр төр гутаахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний хуулийн журмаар шийдвэрлэх, интернэт орчинг оролцуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүх орчинд баталгаажуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн үйл ажиллагааг олон улсын стандартад заасны дагуу шийтгэн цээрлүүлэх аливаа айдасгүйгээр чөлөөтэй эрхлэх бололцоог хангах, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, эсхүл дарамт шахалтад орохоос хамгаалах орчинг бүрдүүлэх, Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл, заалтыг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах зөвлөмж өгсөн. Эдгээр зөвлөмжийг Монгол Улс хүлээн авсан хэдий ч, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй. Товчхондоо, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнуудын хувьд өөрсдийн эрх зүйн зохицуулалт, практикт тулгуурлан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиас “Илт худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, зөрчлийг хасахыг удаа дараа зөвлөж байна.

-Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшилна гэж бичсэн байдаг. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд худал мэдээлэл тараах гэмт хэргийн төрөл, хэлбэрийг өргөжүүлж, хариуцлагыг хүндрүүлэх заалтууд оруулж байгааг иргэд эсэргүүцсээр байна. Ингэж өөрсөддөө ашигтай байдлаар өөрчлөх гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн үү?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Х.Нямбаатар сайдын хувьд цагдаад гомдол гаргаад хоёр ч хүнийг эрүүгийн хэргийн шүүхээр “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт шийтгүүлсэн. Одоо гурав дахь иргэн буюу жүжигчин Б.Навчааг худал мэдээлэл тараах гэмт хэрэгт шийтгүүлэх гэж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын хувьд өөрийнх нь эрх ашгийг хамгаалж байгаа “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн төрөл, хэлбэр, хариуцлагыг өргөжүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтад байршуулж олон нийтэд үзүүлж байгаа нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж байна гэсэн үг.

Одоо Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 450 мянган төгрөгөөр нэг сая 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноох зохицуулалттай бол, Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтад байршуулсан хуулийн төсөлд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, хүндрүүлэх нөхцөлтэй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тэгэхээр худал мэдээлэл тараах гэмт хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн мэдүүлгээс харахад, тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг олж авч чадаагүй, гомдол гаргагчийн зүгээс үнэн, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх ажил хийгээгүй байсан. Гэтэл яамнаас танилцуулж буй хуулийн төслөөс харахад дээрх нөхцөл огт хамаагүй, шүүмжлэлийг эрүүжүүлэх, улмаар хэн ч шүүмжлэл хэлэхгүй болох үр дагаварт хүргэхээр байгаа нь харамсалтай байна. Дээрх хуулийн төсөл зөвхөн танилцуулсны дараа гэхэд л олон хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхгүй байх, өөрийгөө цензурдах болсон байна лээ.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *