Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай өнөөдөр цахимаар уулзлаа.
Цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг талууд тэмдэглэж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд юу хийснээ дүгнэж, мөн ирэх 30 жилд Монгол, Солонгосын харилцааг ямар түвшинд хүргэхээр төсөөлж байгаа талаар санал бодлоо хуваалцав.
“Иж бүрэн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрсэн харилцааг цаашид улам гүнзгийрүүлж, ойрын үед харилцааны түвшинг ахиулахын сацуу дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхээр ярилцав.
Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.